Боловсролын салбарын хөгжлийн тухай ярихын өмнө Монгол Улсад зайлшгүй анхаарах эдийн засагт нөлөөлөх боловсролын салбар дахь эрх зүйн зохицуулалтын тулгамдаж буй асуудлын тухайд авч үзье.
Өнгөрсөн үед эдийн засгийн хөгжилд боловсролын салбарын эрх зүйн үйлчлэх үүрэг, ач холбогдлын мөн чанарыг төдийлөн ойлгоогүй, өнөөдрийг хүртэл сэтгэлгээний хувьд хоцрогдсоор байгаа нь эдийн засгийн хөгжлийг удаашруулахад нөлөөлж байна.
Иймд төрийн зүгээс боловсролын салбар дахь эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, улмаар хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх дагаж мөрдөх хугацаа, журмын талаар өргөн цар хүрээтэй арга хэмжээ авахыг шаардах нь гарцаагүй болсон. Түүнчлэн боловсролын салбар дахь хууль болон бусад тусгай салбар хууль тогтоомжийн харилцааг зохицуулсан эрх зүйн актын нэр томьёог тодорхой болгож тэдгээрийн хамаарлыг консолидацлахаас(нэгтгэн цэгцлэхээс) гадна нийтийн эрх зүй ба хувийн эрх зүйн хууль тогтоомжийн харилцан хамаарал, тэдгээрийн хэм хэмжээний харилцан үйлчлэл болон зөрчилдөөнийг эдийн засгийн хүрээнд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай хууль тогтоогчид нүүр тулж байна.
Энэхүү Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүчин зүйлсийн дотроос дээд боловсролын салбар дахь эрх зүйн зохицуулалт өнөөдөр онцгой ач холбогдолтой болж байна. Нийгмийн харилцаанд оролцогчдын эрх зүйн байдлыг зах зээлийн эдийн засгийн харилцааны мөн чанарт нийцүүлж улмаар боловсролын салбарт мэдлэгт суурилсан эдийн засаг-эрх зүйн хөгжлийн сэтгэлгээний шинэ үе шат бий болгох шаардлага тулгарч байна. Энэ цаг үед чадварлаг мэргэжилтнүүдээ түшиглэн аж үйлдвэрийн IV хувьсгалын эринд өндөр технологид суурилсан мэдлэгийн эдийн засагтай байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох эрхэм үүрэг, хариуцлага хуульч-багш судлаач бидэнд зүй ёсоор оногдож байна.
Үнэндээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5. 4 дэх хэсэгт заасан “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд боловсролын салбар онцгой ач холбогдолтой гэдгийг дутуу үнэлсэн гэдгийг өнөөдрийн эдийн засгийн хөгжлийн түвшингээс харахад хэн ч маргахгүйгээр хүлээн зөвшөөрөх цаг үе хэдийнээ ирсэн.
Төр нь зөвхөн нийтийн эрх зүйн салбарын хүрээнд биш хувийн эрх зүйн салбарын хүрээнд боловсролын салбар ба эдийн засгийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсруулан батлах зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан.
Эдийн засгийн харилцаанд төрийн оролцоо нь 1) өмчлөх эрхийг шударгаар хамгаалах; 2) төрөөс их хэмжээний хэлцлийг байгуулахдаа тухайлбал, байгалийн баялаг түүний үр шимийг тухайн улсын иргэд хамтаар эзэмшиж, ашиглах боломжийг бүрдүүлж нийтийн эрх ашгийг хамгаалах; 3) төрөөс шударга бус өрсөлдөөнийг зохицуулах; 4) монополын эсрэг үйл ажиллагаа явуулах шаардлага гардаг.
Иймээс Монгол улсын хууль тогтоогч нь боловсролын салбарт эрх зүйн шинэчлэлтийг эдийн засагтайгаа харилцан хамааралтайгаар хийх шаардлагатай байдаг. Мөн хуульчид бид нар ч боловсролын зорилгыг тухайн эрх зүйн харилцаанд оролцогчдын харилцааг хэрхэн үр нөлөөтэй байлгах вэ? гэдэг талаас нь авч үзэж хангалттай хариулт өгч чадаагүй байсан. Харин эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээ эрчимтэй хөгжих болсон нь энэ асуултын хариуг олоход тусалж байна. Үүнд боловсролын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчдын ажил их үр нөлөөтэй.
Өнөөдөр эдийн засагт эрх зүйн нөлөөллийн талаар судалгааны талбарт АНУ-ын нэр хүнд бүхий хуулийн сургуулиуд, тэр дундаа Чикагогийн их сургуулиас төрөн гарсан хуульч, эдийн засагчид онцгой байр суурь эзэлдэг бөгөөд олон нийт ч энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг болжээ. АНУ-д Харвардын их сургууль, Калифорнийн их сургууль, Станфордын их сургууль дэлхийн шилдэгт эрэмбэлэгдэж чадсаар байгаагийн нууц ч энд оршиж байна.
Боловсролын салбар дахь эрх зүйд эдийн засгийн дүн шинжилгээ хийх асуудал нийтлэг болон иргэнлэг эрх зүйн тогтолцооны аль алиных нь онол-практикт хүчтэй нөлөөлөх болж байна.
Уул уурхай, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт үйлчилж буй хууль тогтоомжийн хэм хэмжээ нь тус бүр онцлог шинжтэй байдаг.
Боловсролын салбар дахь хууль тогтоомж нь зохицуулалтын арга, агуулгын хувьд ихээхэн онцлогтой. Тус салбар дахь хууль тогтоомжийн зарчмын шинжтэй гол онцлог нь сонгон хэрэглэх хэм хэмжээ зонхилж байдаг. Тухайлбал: тус салбарын эрх зүйн харилцаанд оролцогчид өөрсдийн хүсэл зоригийн дагуу сонгох давуу талтай. Энэ онцлог нь сурах эрх, суралцах сургууль, хичээл, багшаа сонгох эдийн бус харилцаанд илүүтэй илэрдэг.
Мөн императив шинжтэй хэм хэмжээ цөөнгүй байдаг. Энэ нь хуульд зааснаас өөрөөр зохицуулах боломжгүй, хуулийн хэм хэмжээгээр хатуу тодорхойлсон байхыг хэлнэ.
Ийм хэм хэмжээ нь тухайн боловсролын салбарын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, харилцааны объектын байдал, эдийн болон эдийн бус баялаг, өмчийн агуулга зэрэгтэй холбоотой асуудлыг тодорхойлсон нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээ байдаг. Тодруулбал, нийтийн ашиг сонирхлын хүрээнд үүссэн нийгмийн харилцааг императив аргаар зохицуулдаг байна. Тухайлбал: Засгийн газар ба боловсролын байгууллагын хоорондын харилцаа нь императив аргаар зохицуулагдах нийтийн эрх зүйн харилцаа юм. Харин төрийн болон орон нутгийн өмчөөр худалдааг зохион байгуулах журмыг Иргэний хуулиар зохицуулж худалдах-худалдан авах гэрээ байгуулагдана.
Иймээс боловсролын хууль тогтоомж нь нэг талаас хүсэл зоригт үндэслэгдсэн сонгох хэм хэмжээг зонхилдог ч нөгөө талаас заавал биелүүлэх болон диспозитив хэм хэмжээнээс бүрдсэн хувийн эрх зүй ба нийтийн эрх зүйн хэм хэмжээний нарийн холбоос дээр зохицуулагддаг.
Чөлөөт зах зээлийн харилцааны үед боловсролын салбарын хууль тогтоомжийн үйлчлэх, хэрэгжүүлэх хэм хэмжээ болон хувийн ба нийтийн эрх зүйн харилцан хамаарал улам бүр гүнзгийрч байна. Энэ нь дараах нөхцөл байдлаас бий болно. Үүнд:
Боловсролын салбар дахь хууль тогтоомжийн эрх зүйн хэм хэмжээний хэрэглээ гэдэгт тухайн харилцаанд бий болсон тодорхой тохиолдлыг шийдвэрлэхэд хуулийн зохицуулалтыг хэрэглэхийг ойлгоно. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ тохиолдлын нөхцөл нь хуулийн хэм хэмжээний бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэхийг шалгана. Хэрэв энэ нь хангагдаж байвал хэм хэмжээнд заасан эрх зүйн үр дагавар бий болно.
Орчин үед эрх зүйн тогтолцоонд боловсролын салбарын эрх зүйн эх сурвалжийн зохицол нь нийтийн эрх зүй төдийгүй хувийн эрх зүйн эх сурвалж болох Иргэний хууль, Компанийн тухай хуультай маш нарийн холбогдож байна. Энэ нь Дээд боловсролын салбар дахь хөгжлийн чиг хандлага болох 1) Их сургуулийн засаглалын бие даасан, тогтвортой байх корпорэйт засаглалтай эрх зүйн шинэчлэлт хийх; 2) Их сургууль сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ үйлдвэрлэл, инновацын байгууллага байх санхүүжилтийн эрх зүйн байдлын шинэчлэлт хийх үйл явцтай зайлшгүй холбогдох үндэслэл болж байна.
Дээд боловсролын салбар дахь корпорэйт засаглал нь тухайн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг тэнцвэржүүлж, удирдлага нь хамтын удирдлага бүхий харилцан хяналттай нийгмийн төлөөллөөс бүрдсэн хариуцлага хүлээх чадвартай байхыг шаарддаг. Энэ засаглалыг Дээд боловсролын хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуульд яаж зохицуулах вэ? гэсэн асуулт хариу нэхнэ.
Юуны өмнө, нийтийн эрх зүйн шинэтгэлийн гол үзэл баримтлал болж буй төрийн боловсролын байгууллагын үйлчилгээг сайжруулахаас гадна их сургуулийн удирдлагын төлөөлөл түүний үүрэг хариуцлагыг хувийн эрх зүйн хууль тогтоомжид үндэслэн томоохон өөрчлөлт хийж байна. Гэхдээ нэг талаас өөрийн үндэстний эрх зүйн үйлчлэлийг хадгалан үлдэх нөгөө талаас эрх зүйн харьцуулалтын шинэлэг, олон талт зохицуулалтыг нутагшуулж байгаа харьцуулалтын аргачлалтай зохицож байх ёстой юм.
Харьцуулсан хувийн эрх зүй судлалд бусад улсын холбогдох хууль тогтоомжийг өөрийн хувийн эрх зүйн тогтолцоонд нутагшуулахад хүлээн авч байгаа орны хувьд анхаарах хэд хэдэн асуудал байдаг. Юуны өмнө хүлээн авч байгаа улс орон дараах зүйлийг шалгах хэрэгтэй. Үүнд: Нэгд. Улс төр, хууль тогтоомжийн шинэчлэлт нь цаг хугацааны хувьд тохироо бүрдсэн байх; Хоёрт. Үйлчлэх боломжтой эсэх; Гуравт. Хэрэгжих, хэрэгжүүлэх боломжтой эсэх; Дөрөвт. Хууль тогтоомжийн хэрэгжилтээс үүссэн давуу болон сул тал байгаа эсэх; Тавт. Бичигдмэл тунхгийн шинжтэй хуулиас илүү тогтсон практик хэрэгжилтийг шалгадаг.
Эдгээр шалгуурыг Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд тодотговол:
Их сургуулийн засаглалын хувьд: гүйцэтгэх удирдлагыг улам бэхжүүлж, удирдах зөвлөл дэх хараат бус гишүүдийн төлөөллийг тэнцвэртэй бүрдүүлж, эрдмийн зөвлөлийг их сургуулийн мэргэжлийн чиглэлд нь эрдмийн асуудлаар шийдвэр гаргах чиг үүргийг хуульчилж болно. Судалгааны их сургуулийн удирдах зөвлөлийн төлөөллийг Их сургуулийн Ерөнхийлөгчөөс 1 гишүүн, Удирдах зөвлөлийн даргаас 1 гишүүн , Монгол улсын нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв байгууллагаас 4 гишүүн, Сургуулийн оршин буй орон нутгийн захиргааны байгууллагаас санал болгосон 1 гишүүн, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимаас санал болгосон бизнесийн байгууллагын төлөөллөөс 7 гишүүн, Сургуулийн Үйлдвэрчний Эвлэлийн төлөөллөөс 1 гишүүн, Эрдмийн зөвлөлөөс санал болгосон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаач, профессорын төлөөллөөс 1 гишүүн, Оюутны төлөөллөөс 1 гишүүн, Сургуулийн захиргааны ажилтны төлөөллөөс 1 гишүүн, Төгсөгчийн төлөөллөөс 1 гишүүнээр бүрдүүлж төрийн төлөөллийг Дээд боловсролын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно. Бусад гишүүнийг Удирдах зөвлөлийн баталсан сонгон шалгаруулалтын журмаар сонгохоор хуульчилж болно.
Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын удирдлага нь Эрдмийн зөвлөл бөгөөд гишүүдийн тоог 21-ээс доошгүй гишүүнтэй байхаар тогтоож чиг үүрэг болон бусад харилцааг дүрмээр зохицуулахаар хуульчилж болно.
Их сургуулийн санхүүжилтийн хувьд: Сургууль нь эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл, инновацын байгууллага байна. Өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрч, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан өмчийн хэлбэртэй байх бөгөөд сургалт, судалгааны үйл ажиллагааны хүрээнд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болохоор хуульчилж болно. Харин санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж хөрөнгийн удирдлагыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийг Засгийн газрын захиалгаар тогтмол хэрэгжүүлнэ.
Мөн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөрийн зардлын санхүүжилтийг гэрээгээр зохицуулна. Төр, орон нутгийн захиргааны санхүүгийн дэмжлэгийн талаар орон нутгийн эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, сургалт, судалгааны чанарыг сайжруулах зорилгоор төрийн өмчит сургуульд жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлэх мөн орон нутгийн захиргаа нь дунд, урт хугацааны сургалт, судалгааны хөгжил болон оюутны сургалтын тэтгэлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хуулийн зохицуулалт заавал оруулах ёстой.
Харин хөрөнгийн удирдлагын талаар төр, орон нутгийн захиргаанаас шилжүүлсэн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжоор зохицуулах бусад хөрөнгийг сургуулийн дүрмээр зохицуулж болно.
Аль ч улс орны эрх зүйн шилжилтийн цаг үед эрх зүйн хэм хэмжээний зөрчилдөөний асуудал түгээмэл тохиолддог. Хэм хэмжээний өрсөлдөөн нь нэг төрлийн харилцааг зөрчилдөөнгүй хэд хэдэн хэмжээгээр зохицуулахыг ойлгодог бол зөрчилдөөн нь дээр тодорхойлсноор нэг харилцааг хэд хэдэн салбар эрх зүйн хэмжээгээр зохицуулах, эдгээр нь өөр хоорондоо зөрчилтэй байхыг ойлгоно.
Боловсролын салбарт эрх зүйн хэм хэмжээний зөрчилдөөн ба эрх зүйн хэм хэмжээний өрсөлдөөний асуудал 1996 оны Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хууль, 2017 оны Төрийн албаны хуульд тод илэрдэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 -р зүйлийн 5.2. -р хэсэгт зааснаар “ төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэсэн нь өмчийн төрөл тэгшээр оршин байхыг, мөн нэгэн адилаар хамгаалагдаж, хүлээн зөвшөөрөх үндэслэл болсон гэж үзэж болно. Энэхүү Үндсэн хуульд тунхаглагдсан үндсэн эрх буюу боломжийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, шууд бус нөлөөллөөр Иргэний хуульд зохицуулсан байдаг.
Иргэний хуулийн 99 -р зүйлийн 99.2 дахь хэсэгт “ Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна” гэснээс үзвэл “нийтийн өмчийн” төрлийг субъектээр нь ангилсан байна. Төрийн өмч нь “төрийн нийтийн зориулалттай өмч”, “төрийн өөрийн өмч”-өөс бүрдэх бөгөөд энэ нь Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөд хуваагдана. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэдэг нь “Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлийг хэлнэ” гэж ТБОНӨтХ-ийн 4-р зүйлийн 4.1. дэх хэсэгт хуульчилсан байна. Харин төрийн өөрийн өмч гэдэг нь ТБОНӨтХ – ийн 4 - р зүйлийн 4.2. -р хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох эд хөрөнгө хамаарна. Үүнд: төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан, төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц, хуульд заасан бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө багтдаг байна. Монгол Улсын холбогдох хуулийн зохицуулалтаас дүгнэвэл, нийтийн өмчийн субъект нь Төрийн өмчийн хувьд: төрийн нийтийн зориулалттай өмчийн хувьд УИХ, Төрийн өөрийн өмчийн хувьд Засгийн газар, Төрийн өмчийн хороо: ТӨХ нь төрийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллага боловч зарим талаараа өмчлөгч болохоор байна, учир нь, ТБОНӨтХ-ийн 11 -р зүйлийн 11.8 -р хэсэгт заасны дагуу “төрийн өмчит хуулийн этгээдийн хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж, батлах, шинээр авах шийдвэр гаргах эрхтэй.” байна. Түүнчлэн төрийн өмчийн бусад хуулийн этгээд (төрийн байгууллага, төрийн өмчид үйлдвэрийн газар) төрийн өмчид хамаардаг.
Тэгвэл төрийн өмчит их, дээд сургуулиудын хувьд нэгэнт л төрийн өмчит гэж буй учир бүхий л зардал, санхүүжилт, үйл ажиллагааг төрөөс тогтмол санхүүжих учиртай.
Гэвч практикт төрийн өмчит сургуулийн дийлэнх зардлыг тус сургуулийн өмчлөгч төр биш, харин үйлчилгээ авч буй этгээд буюу хувийн хөрөнгөөр санхүүжүүлдэг.
Төрийн болон хувийн өмчийн ач холбогдол, зохистой харьцааны талаар барууны улс төр, эдийн засаг болон хууль зүйн салбарын судлаачид нэгдсэн нэг үзэл бодолд хүрч чадаагүй. Төрийн өмчийн тухай ойлголтыг социалист нийгмийн нэг үзэгдэл гэж шүүмжлэх нь нийтлэг байдаг. Уламжлал, түүхэн хөгжлийн үүднээс үзвэл, төрийн өмчийн тухай ойлголт ихэвчлэн тухайн үеийн социалист буюу одоогийн пост-социалист орнуудад зонхилж байсан ойлголт юм. Эсрэгээр, хувийн өмч гэдэг бол эдийн засгийн либералчлал болон эрх чөлөөт байдлын баталгаа бөгөөд энэ нь зах зээлийн эдийн засгийн нэг гол хүчин зүйл гэх үзэл бодлыг эдийн засгийг илүү ардчилсан болгон хөгжүүлэх талын төлөөлөгчид илэрхийлж байна. Дээрх хоёр эсрэг тэсрэг үзэл баримтлалын үндсэн дээр өмчийг нийгэмчлэх, зарим тохиолдолд төр өмчлөлдөө авч буй нь социализм руу шилжиж буйн илэрхийлэл, харин өмчийг хувьчилж буй нь зах зээлт эдийн засаг руу шилжиж буйн нотолгоо гэж үзэх төлөөлөгчид ч цөөнгүй байна. Пост-социалист орнууд болох Монгол, ОХУ, Украин зэрэг улс орнуудын хувьд нийтийн, төрийн, хувийн гэх өмчийн төрлүүдээс гадна өмчийн холимог хэлбэр үүсч буй бөгөөд цаашид ч үүсэх чиг хандлага өсөх төлөвтэй байна. Нийтийн буюу төрийн өмч, хувийн өмчийн холимог хэлбэр үүсч буй нь пост- социалист орнуудад зах зээлийн эдийн засаг, эдийн засгийн либералчилсан шат руу шилжиж буйн яруу тод илэрхийлэл гэж дүгнэдэг байна.
Өмчийн холимог хэлбэр ямар салбаруудад байж болох вэ, зарим тохиолдолд өмчийн холимог хэлбэр биш, зөвхөн дан ганц төрийн өмчийн салбарууд байх шаардлагатай эсэх тухай асуудал зүй ёсоор үүснэ. Энэхүү асуудлын талаар бас л үзэл бодлын плюрализм байх нь гарцаагүй. Нийгэм дэх стратегийн ач холбогдолтой гэх салбаруудад, жишээ нь, цахилгаан, дулаан, эрчим хүч, банк санхүү, боловсрол, уул уурхай гэх зэрэг салбаруудад төрийн оролцоо байх ёстой, учир нь, эдгээр нь ашиг хонжоо хөөх, ашиг олоход чиглэгдэж буй салбар биш юм. Энэхүү үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх боломжтой боловч үүнд дараах хүчин зүйлийг харгалзах шаардлагатай. Тухайлбал, улсын төсөвт хангалттай мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломжтой, тухайн салбарууд нь хүчтэй хөгжиж чадсан, төрийн бодлого нь эдгээр салбарыг хөгжүүлэхэд чиглэгдэн хэрэгжүүлж чадаж буй, түүнчлэн төр нь өөрөө хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын төлөө бус, харин нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг бол эдгээр нь төрийн мэдэлд байх нь гарцаагүй байж болох юм.
2017 оны Төрийн албаны тухай хуулийн 14- р зүйлийн 14.2 дахь хэсэгт боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалд ажиллаж буй этгээдийн шууд төрийн үйлчилгээний албанд хамаардаг байна. Мөн тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4. дэх хэсэгт үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ. Практикт төсвөөс санхүүждэггүй бөгөөд төрийн албан тушаалын албан хаагчийн цалингийн жишгээр тооцдог.
Хэм хэмжээний зөрчилдөөн нь тухайн харилцааг зохицуулах хэм хэмжээ байгаа ч эдгээр нь өөр хоорондоо сөргөлдөх явдал гэдгийг өмнө дурдсан.
Боловсролын байгууллагын багш нар төрийн үйлчилгээний албан хаагч эсэх, Төрийн өмчийн сургууль нийтийн өмчийн хэлбэртэй эсэхийг тодорхой зохицуулахын тулд өмнө дурдсан хуулийн зохицуулалтын зөрчилдөөнийг арилгах хуулийн үйл ажиллагаа хийгддэг.
Юуны өмнө, 2017 оны ТБОНӨт Хуульд төрийн өмчит хуулийн этгээд болон түүний ангилалд өөрчлөлт, шинэчлэлт хийх шийдэл байна. Үүнд:
Үүнээс боловсролын салбарт зохицуулж буй хүрээгээр нь авч үзвэл 38 орчим хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байгаад тус бүр дүн шинжилгээ хийх шаардлагатай байна.
С. Должин (БШУЯ-ны Дээд Боловсролын газрын дарга, Хууль зүйн доктор)
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН" 2021.06.21, Даваа гараг №119 (6741)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!