Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Наадам хийвэл өдөрт 2,500-аас дээш халдварын тохиолдол бүртгэгдэх эрсдэл бий болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зургаадугаар сарын дунд гэхэд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 60%-д хүрнэ. Иймд наадмыг үзэгчидтэй, 1,024 бөхтэй хийхээр комисс ажилдаа орсон тухай Засгийн газраас мэдээлсэн.

Гэсэн хэдий ч коронавируст халдварын тохиолдолд сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж, өдөрт шинээр бүртгэгдэх халдвар дээд хэмжээнд хүрээд буй.

Үүнийг дагаад эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж , шинээр батлагдсан тохиолдлуудад эмнэлгийн тусламж түргэн хугацаанд хүрч үйлчилж чадахгүй байхад баяр наадам тэмдэглэх нь буруу хэмээн зарим иргэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодруулав.

Тэрбээр “Манай иргэд уул, овооны тахилгад явахаар мянга, мянгаараа уулзалдаж буй тохиолдол гарч байна. Ингэхдээ хүүхдүүдээ дагуулж яваад халдварт өртүүлэх эрсдэл гарч байна. Тиймээс олон хүнтэй уулзалтыг аль болох зохион байгуулахгүй байх хэрэгтэй.

2020 онд болох байсан Олимпын наадам хүртэл цар тахлын нөхцөл байдлаас болж 2021 он хүртэл хойшилсон удаатай. Тиймээс бид ийм үед тэмдэглэлт ой, уул овооны тахилга болон бусад баяр наадмын арга хэмжээг аль болох хийхгүй байх нь зүйтэй.

Халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа. Хэрвээ бид ямар нэг арга хэмжээ авалгүй, энэ янзаараа байсаар байвал өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2,500-г давна.

Тэр дундаа хүүхдүүд буюу вакцинд хамрагдаагүй бүлэг маань халдварт өртөх нь ихэснэ гэсэн үг. Бид наадам хийвэл өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 2,500-аас дээш бүртгэгдэх эрсдэл бий болно” хэмээн хэллээ.

ВИДЕО: