Зургаадугаар сарын дунд гэхэд коронавирусийн эсрэг вакцины давтан тун хүн амын 60%-д хийгдэнэ. Иймд наадмыг үзэгчидтэй, 1,024 бөхтэй хийхээр комисс ажилдаа орсон тухай Засгийн газраас тавдугаар сарын 10-нд мэдээлж байв.
Гэвч коронавирусийн халдварын өдөрт батлагдах тохиолдол зургаадугаар сарын 1-нээс эрчимтэй нэмэгдсээр байна.
Өчигдөр л гэхэд 2,188 тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо улсын хэмжээнд 76,084 боллоо.
/COVID-19 хуудсаас дэлгэрэнгүйг харах боломжтой/
Халдвар нэмэгдэж байгаагийн улмаас олон нийтийн сүлжээнд иргэд наадмыг тэмдэглэхгүй байх санал гаргаж эхэлсэн байна.
Энэ жилийн наадмын төсөв ₮2.5 тэрбум. Харин Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхэд зориулж Соёлын яаманд ₮10 тэрбумыг суулгасан тухай мэдээлсэн. Энэ мөнгөө коронавирусийн халдварыг зогсооход зарцуулах санал ч гаргасан байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр "Халдварын хамгийн оргил үеийн тархалтыг дагаад нас баралт, хүндрэл нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд тархалтын тохиолдлын тоо буураад, үүнийг дагаад 14-21 хоногийн дараа нас баралтын тоо буурах ёстой гэсэн тооцооллуудыг хийж байсан. Энэ дагуу нас баралт буурч байгаа.
Гэхдээ халдварын давлагаа эргээд гарах хандлагатай байна. Хэрэв энэ давлагаа олон хүнийг хамрах юм бол вакцинжуулалт үр дүнгүй болох, нас баралт нэмэгдэх эрсдэлүүд хүлээж байгаа"-г тавдугаар сарын 27-нд мэдээлж байсан юм.
Иймд наадмыг үзэгчтэй тэмдэглэхгүйг дэмжих эсэх санал асуулга явуулж байна. Та оролцож саналаа өгөх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!