Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Түргэвчилсэн оношлуурын хариунд найдаж болох уу?

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон, мөн дөрөв хоногийн зайтай хоёр удаагийн түргэвчилсэн оношлуураар "Сөрөг" хариу гарсан ч PCR шинжилгээгээр "Эерэг" гарсан иргэн манай редакцад хандсан юм. Тухайн иргэний хувьд түргэвчилсэн оношлуурын хариунд итгээд ажилдаа явж байжээ. 

Энэ мэт олон жишээг олон нийтийн сүлжээнд иргэд нийтэлсээр байгаа. Үүнээс үүдэн түргэвчилсэн оношлуурт итгэж болох уу, найдвартай хариу гаргах уу гэдэг эргэлзээ төрж байна. 

Хамар залгиураас авсан сорьц болон цусанд хийсэн түргэвчилсэн шинжилгээ юугаараа ялгаатай вэ?

Түргэвчилсэн шинжилгээг хоёр хэлбэрээр хийж байгаа. Тодруулбал, хамар залгиур болон цуснаас түргэвчилсэн оношолуураар шинжилгээ авч буй. Энэ хоёр аргаар шинжилгээ авахын ялгаа болон аль тохиолдолд илүү баталгаатай хариу гарах магадлалтайг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодруулахад "Хамар, залгиураас авсан шинжилгээгээр вирус байна уу, үгүй юу гэдгийг буюу вирусийн цочмог халдвартай үеийг илрүүлдэг. 

Харин цусанд хийсэн шинжилгээгээр вирус илрүүлдэггүй бөгөөд вирусийн халдварт өртсөн байна уу, үгүй юу гэдгийг дам байдлаар илрүүлдэг. Цусанд эсрэг бие илрүүлэхээр хийж байгаа шинжилгээгээр тухайн хүн хэсэг хугацааны өмнө халдвар авсан эсэхийг илрүүлнэ" хэмээн хариуллаа. 

Түргэвчилсэн шинжилгээ баталгаатай хариу гаргадаг уу?

Коронавирусийн халдварыг илрүүлэхээр хийж буй шинжилгээнүүдийн ялгаа, үнэн зөв хариу гаргах магадлалын талаар Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран өгүүлэл бэлтгэжээ. 

Өгүүлэлд "Вирусийг шинжлэх олон арга байгаагаас вирусийг өөрийг нь илрүүлэх эсрэгтөрөгчийн түргэвчилсэн оношлуурыг дэлхийн олон улс эхний сонголтоор авч хэрэглэж байна. Харамсалтай түргэвчилсэн оношлуур нь зарим тохиолдолд асуудалтай байдаг. Өөрөөр хэлбэл түргэвчилсэн оношлуур нь вирусийн тоо хэмжээ бага байх үед юм уу, саяхан халдварласан шинэ халдварыг оношлох чадвар сул байдаг бөгөөд “хуурамч сөрөг”, “хуурамч эерэг” хариу гаргах магадлал их байдаг.

Хэдийгээр батлагдаагүй боловч зарим судлаачдын хэлж байгаагаар түргэвчилсэн оношлуур нь вирусийн тоо бие дэх хэмжээ хамгийн их байх үед буюу халдварлагдсан хүнээ хамгийн их халдвартай байх үед нь л зөв оношлож чаддаг аж. Ихэнх тохиолдолд түргэвчилсэн оношлуур нь өвчний тэмдэг эхлээд 7 болон түүнээс дээш хоносон өвчтөнүүдийг найдвартай оношилж байгаа боловч, шинэ халдваруудыг найдвартай оношлох тал дээр маргаантай хэвээр байгаа юм. 

Тиймээс вирусийг оношлох хамгийн найдвартай аргаар цаг хугацаа, үнэ өртөг их шаарддаг боловч өчүүхэн хэмжээний вирусийн халдварыг ч илрүүлж чадах PCR буюу полимеразийн гинжин урвалын арга тооцогддог юм.

PCR-ийн шинжилгээ нь цөөн тооны вирусийн халдварыг ч илрүүлж чаддаг учир коронавирусийн халдварыг эрт үед нь илрүүлэх чадвартай шинжилгээний арга хэмээн нийтээр тооцогдон хэрэглэгдэж байна.

Коронавирусийн халдварыг илрүүлэх өөр нэгэн дам арга бол ийлдэс судлалын арга буюу цусан дахь эсрэг биеийг тодорхойлох арга байдаг боловч, энэ аргаар коронавирусийг өөрийг нь шууд оношлох боломжгүй бөгөөд зөвхөн түүний эсрэг үүсч буй дархлааны уураг байгаа эсэхийг л шалгадаг шинжилгээний арга болно" гэжээ. 


Түргэвчилсэн оношлуур нь баталгаатай хариу гаргадаггүй болохыг дээрх мэдээллүүдээс харж болохоор байна. Гэтэл энэ сарын 3-наас эхлэн иргэдийн хүсэлтээр хийх коронавируст халдвар илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг шинжилгээний цэгүүдээр авч, PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтал болсон иргэдээс авч байгаа. 

Гэтэл бодит байдал дээр түргэвчилсэн оношлуур нэг бус удаа худал хариу гаргах тохиолдол гарсаар байна. Ийнхүү удаа дараа "Сөрөг" хариу гарахад хэн ч эргэлзэлгүй ажлаа хийх нь тодорхой. Энэ нь цаашлаад хүн амын дунд халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

Шинжилгээний цэгүүд PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтлуудаас авч байгаа. Энэ үед сайн дураараа шинжилгээ өгөх бол хувийн эмнэлгүүдэд 60,000-98,000 төгрөгийн төлбөр төлж байгаа нь иргэдэд эдийн засгийн асуудал үүсгэж байгаа юм.