Коронавирусийн халдварын ерөнхий зураглалын талаар АНУ-ийн New York Times сонины шинжлэх ухааны нийтлэлч Katherine J. Wu, Jonathan Corum нарын бичсэн Коронавирусын халдварын ерөнхий зураглалын талаар тойм нийтлэлийг хүргэж байна.
Дэлхий даяар коронавирусийн халдварын цар тахлын улмаас олон сая хүн өвчлөөд байгаа хэдий ч тэдгээр олон тооны тохиолдлуудын дата мэдээлэл дээр үндэслэн коронавирусын халдварын ерөнхий зураглалыг эрдэмтэн судлаачид гаргасан байна.
Вирус биед анхлан халдварлахаас эхлээд өвчний шинж тэмдгүүд гарч ирэх хүртэлх хугацааг өвчний нууц үе гэх бөгөөд КОВИД-19 өвчний нууц үе дунджаар 4-5 өдөр байдаг боловч цаад тал нь 14 өдөр хүртэл байж болдог. Цөөн хэдэн тохиолдолд нууц хугацаа 14 хоногоос урт хугацаанд үргэлжилсэн байна.
Өвчний шинж тэмдэг ихэвчлэн хөнгөн байдаг бөгөөд одоогоор дэлхий даяар нийт өвчтнүүдийн 5 хүртэл хувьд биеийн байдал хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. КОВИД-19 -ийн халдвар авсан ихэнх өвчтнүүд 2 долоо хоногийн дотор эмнэлгийн тусламж шаардлагагүйгээр эдгэрч байсан байна.
Харин биеийн байдал хүндэрсэн хүмүүс эдгэрэхэд илүү олон хоног шаардагдаж байсан ба эдгэрсний дараа ч ядарч сульдах, ой санамж алдагдах, зүрх судасны өвчлөл үүсэх зэрэг хүндрэлүүд олон сараар үргэлжилж байсан байна.
Хэдийгээр эр хүйстэй, өндөр настай, илүүдэл жинтэй хүмүүст өвчин хүндрэх нь их байгаа боловч яг ямар механизмаар, яг ямар учраас өвчин хүндэрч байгааг судлаачид хараахан мэдэж чадаагүй байна.
Анхлан халдвар авсны дараа хүний бие дэх вирусийн тоо хэмжээ цөөн байх бөгөөд вирусууд олон тооны эс эдүүдэд нэвтэрч өөрийгөө хангалттай хэмжээгээр хувилан олшруулах хүртэл тодорхой хэмжээний хугацаа шаарддаг.
Математик загварчлалаар хийсэн судалгаагаар бие дэх вирусийн тоо хэмжээ нь өвчний шинж тэмдэг илэрч эхлэхийн өмнөхөн хамгийн дээд хэмжээндээ хүрдэг бөгөөд өвчний шинж тэмдгүүд бүгд бүрэн гарч ирсний дараа цаашид эрчимтэй буурдаг байна.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бие дэх вирусийн хэмжээ өндөр байх үед халдвар авсан хүмүүс хамгийн халдвартай байдаг. Хэрэв энэ нь үнэн бол халдвар авсан хүмүүсийн халдвартай байх үе нь шинж тэмдгүүд гарч эхлэхийн өмнөх нэг хоёр хоногоос эхлэн долоо орчим хоног үргэлжлэх богинохон “цонх үе” байдаг аж.
Энэ нь халдвар авсан хүн өвчний шинж тэмдэг эхлэхийн өмнөх үед буюу өвчний нууц үеийн төгсгөл үедээ хамгийн их халдвартай байдаг гэсэн үг юм. Харин шинж тэмдэггүй халдвар тараагчдын бие дэх вирусийн тоо хэмжээ хэрхэн өөрчлөгддөг нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна.
Вирусийг шинжлэх олон арга байгаагаас вирусийг өөрийг нь илрүүлэх эсрэгтөрөгчийн түргэвчилсэн оношлуурыг дэлхийн олон улс эхний сонголтоор авч хэрэглэж байна. Харамсалтай түргэвчилсэн оношлуур нь зарим тохиолдолд асуудалтай байдаг. Өөрөөр хэлбэл түргэвчилсэн оношлуур нь вирусийн тоо хэмжээ бага байх үед юм уу, саяхан халдварласан шинэ халдварыг оношлох чадвар сул байдаг бөгөөд “хуурамч сөрөг”, “хуурамч эерэг” хариу гаргах магадлал их байдаг.
Хэдийгээр батлагдаагүй боловч зарим судлаачдын хэлж байгаагаар түргэвчилсэн оношлуур нь вирусийн тоо бие дэх хэмжээ хамгийн их байх үед буюу халдварлагдсан хүнээ хамгийн их халдвартай байх үед нь л зөв оношлож чаддаг аж. Ихэнх тохиолдолд түргэвчилсэн оношлуур нь өвчний тэмдэг эхлээд 7 болон түүнээс дээш хоносон өвчтнүүдийг найдвартай оношлож байгаа боловч, шинэ халдваруудыг найдвартай оношлох тал дээр маргаантай хэвээр байгаа юм.
Тиймээс вирусийг оношлох хамгийн найдвартай аргаар цаг хугацаа, үнэ өртөг их шаарддаг боловч өчүүхэн хэмжээний вирусийн халдварыг ч илрүүлж чадах PCR буюу полимеразийн гинжин урвалын арга тооцогддог юм.
PCR-ийн шинжилгээ нь цөөн тооны вирусийн халдварыг ч илрүүлж чаддаг учир коронавирусийн халдварыг эрт үед нь илрүүлэх чадвартай шинжилгээний арга хэмээн нийтээр тооцогдон хэрэглэгдэж байна.
Коронавирусийн халдварыг илрүүлэх өөр нэгэн дам арга бол ийлдэс судлалын арга буюу цусан дахь эсрэг биеийг тодорхойлох арга байдаг боловч, энэ аргаар коронавирусийг өөрийг нь шууд оношлох боломжгүй бөгөөд зөвхөн түүний эсрэг үүсч буй дархлааны уураг байгаа эсэхийг л шалгадаг шинжилгээний арга болно.
КОВИД-19 өвчнийг үүсгэгч коронавирусийн нэг аюул нь шинж тэмдэггүй халдвар тээгчид ч халдварыг бусдад дамжуулах өндөр чадвартай байдаг бөгөөд үүний учраас энэ өвчний тархалттай тэмцэх хамгийн гол аргуудад амны хаалт зүүх, зай барих зэрэг нийгмийн эрүүл мэндийн аргууд орж байна.
Одоогоор аль ч арга нь ганцаараа үр дүн багатай байх бөгөөд амны хаалт зүүх, зай барих, олон нийтийн газраас зайлсхийх зэрэг аргуудыг хамтад нь ашиглах нь халдварын тархалтыг бууруулахад үр дүнтэй хэмээн нийтээр үзэж байна.
Амны хаалтны талаар халдварын эхэн үед дэлхийн нийтэд маргаантай байсан боловч, түүний үр дүнг одоо нийтээр нэгэнт хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэн ялангуяа халдвартай хүнээс халдвар гарахыг сааруулахад маш том үүрэг гүйцэтгэдэг нь нотлогдсон юм.
Түүнээс гадна халдвар авсан хүн өвчний шинжүүд эхэлсэнээс хойш өөрийгөө дор хаяж 10 өдөр тусгаарласнаар халдварыг цааш дамжих боломжийг ихээр бууруулж чадах юм.
Халдвартай хүмүүстэй хамт байсан хүмүүс ч 2 долоо хоног тусгаарлан улмаар шинжилгээ өгөх ёстой гэдэгтэй дэлхий нийт нэгэнт санал нэгджээ.
Эцэст нь дурьдахад КОВИД өвчнөөр өвчилсөн хүмүүс эдгэснээс 10-20 өдрийн дараа гэхэд бүрэн халдваргүй болсон байдаг хэмээн АНУ-ын судлаачид тооцоолжээ.
Бэлтгэсэн:
Д.Мандахнаран, Хүний Их Эмч, Анагаах Ухааны Доктор
Н.Эрдэнэсанж, Хүний Их Эмч