-Тэгвэл “титэмт” хэмээх коронавирусийн сүүдэрт дарагдан харьцангуй чимээгүй байгаа авч түүнээс ч дутуугүй аюул дагуулж мэдэх бөгөөд ингэж чадахаа ч батлан харуулсан нэгэн өвчин байгаа нь томуугийн вирусээр үүсгэгдэх томуу өвчин юм.
Шинэ төрлийн “титэмт вирус” буюу коронавирусийн халдвар хэмээх аюулт өвчин 2019 оны сүүлээр анх гарч улмаар асар богино хугацаанд дэлхий дахиныг хамран цар тахал хэлбэрээр тархаж асар олон хүнийг өвчлүүлэн хохироогоод байгаа бөгөөд өдгөө уг цар тахлын хэмжээ намжих нь бүү хэл харин ч хоёр дахь давалгаа нь тархан үргэлжлэх төлөвтэй явагдаж буй нь дэлхий дахиныг айдас түгшүүрт автуулаад байгаа юм.
Манай оронд ч гэсэн уг аюулт өвчний сургаар иргэд түгшүүрт автаж, улс орны амьдрал хязгаарлагдан энэ өвчнийг Монгол улсад орж ирсэн тохиолдолд авах арга хэмжээг холбогдох байгууллагууд бэлдэн ажиллаж байгааг бид өдөр тутам харж мэдэрч байна.
Тэгвэл “титэмт” хэмээх коронавирусийн сүүдэрт дарагдан харьцангуй чимээгүй байгаа авч түүнээс ч дутуугүй аюул дагуулж мэдэх бөгөөд ингэж чадахаа ч батлан харуулсан нэгэн өвчин байгаа нь томуугийн вирусээр үүсгэгдэх томуу өвчин юм.
Хувьсах өндөр чадвартай томуугийн вирус нь бараг жил бүр өөрийгөө хувьсган өөрчилж шинэ шинэ дэгдэлтүүдийг үүсгэдэг ба 2019–2020 оны тухайд томуугийн А хүрээний (томуугийн вирусүүд нь A, B, C, D хүрээ хэмээх нийт дөрвөн том бүлэгт хуваагдана) “H1N1” хэмээн нэрлэгдсэн вирус Монгол улсын 11 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт дэгдэлт хэлбэрээр тархаж эмнэлгийн амбулаторид хандан үзүүлэгсдийн 9.3 хувийг дангаараа эзэлж байгаа нь сүүлийн гурван жилийн дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт болж байгаа аж.
H1N1 гэх нэршил нь Ортомиксовирусын бүлд багтдаг Томуугийн вирусүүдийн гадаргуугийн уураг болох Хемаглютиннин болон Нейраминидаза нарын кодыг зааж байгаа нэршлүүд болно.
Өнгөрсөн онд мэдээллийн хэрэгслүүдээр тарсан мэдээгээр Хэнтий аймагт өсвөр насны охин томуу өвчний улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан нь уг өвчний аюулыг илтгэх том дохио болж байгаа юм.
Аюултай боловч олны анхаарал төдийлөн татдаггүй томуугийн вирусийн тухай энэ мэдээг Монголчууд бид “титэмтийн” дуулианы ачаар харьцангуй анхаарч сонссон билээ. Гэвч уг мэдээнээс томуу өвчний жинхэнэ хүч аюулын талаар иргэд бүрэн ойлгосон эсэх нь харьцангуй эргэлзээтэй хэвээр байгаа юм.
Дээрх айдас төрүүлэм баримтууд бол ердөө ч ямар нэгэн шинэ халдвар биш бөгөөд бидний сайн мэдэх томуу гэдгийг дахин сануулах нь зүйтэй.
Бид томуу туссан тохиолдолд ихэнхидээ ердөө л “муухай ханиад” хүрчихлээ хэмээн санаа амар бодсоноор уг вирусийн учруулж болох аюулыг харьцангуй дутуу үнэлдэг.
Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Институтийн мэдээлснээр 2019–2020 он нь сүүлийн 10 жилийн хугацаанд томуу өвчний дэгдэлт хамгийн өндөр байх төлөвтэй байгаа жил бөгөөд зөвхөн АНУ -д л гэхэд 140,000 хүн томуу өвчний хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ба томуу өвчний вирусийн хувьсах шинж чанараас шалтгаалан уг тоо өсөх ч боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байгаа аж.
Эндээс үзвэл бидний амьдралд өргөн тархсан томуу өвчний танил байдал түүнийг дутуу үнэлэх шалтгаан огтхон ч биш юм. Бид томуу туссан тохиолдолд ихэнхидээ ердөө л “муухай ханиад” хүрчихлээ хэмээн санаа амар бодсоноор уг вирусийн учруулж болох аюулыг харьцангуй дутуу үнэлдэг.
Хүний араншин таньдаг зүйлээсээ айх нь бага, танихгүй шинэ зүйлээс айж шуугих нь их тул харьцангуй эртний танил уг өвчний байдал шинээр тархсан аюулт коронавирусийн шуугианд дарагдаж бүр чимээгүй шахуу болоод байгаа нь дэлхий даяараа уг өвчний ирээдүйд учруулж болох эрсдэлийг улам нэмж байна.
АНУ -н дээрх хүрээлэнгийн мөн мэдээлснээр тус улсад жил бүр томуугаас болж дор хаяж 12,000 хүн нас бардаг бөгөөд 2017-2018 оны томуугийн улирлаар 45 сая хүн өвчилж (АНУ нийт 300 сая гаруй хүнтэй) 61,000 гаруй хүн нас барсан байна.
Хэдийгээр томуу туссан ихэнх хүмүүс хэд хоног өндөр халуурч бие өвдсөний дараа гайгүй болдог авч гайгүй болохгүй өвчин үргэлжлэх үед уг өвчний үнэн нүүр царай илэрч эхэлдэг.
Энэ нь хоёрдогч халдваруудтай хавсарсан тохиолдолд томуу өвчний улмаас суларсан дархлааны суурин дээр үүсэх жинхэнэ аюул нь гарна. Томуу өвчний суурин дээр олон өөр төрлийн вирус, бактериудын халдвар үүсдэг бөгөөд бага насны хүүхдүүд, өндөр насныхан болон архаг өвчтэй хүмүүст томуугийн өөрийн болон хавсарсан халдваруудын хүндрэл гаран амь насыг эрсдэлд учруулах аюул нь нэмэгддэг.
Тэдгээр хүндрэлүүдэд уушгины хатгаа, зүрх тархины үрэвсэл болон амин чухал эрхтнүүдийн дутагдал зэрэг аминд аюултай олон өөрчлөлтүүд орох бөгөөд томуу өвчний жил бүр олон хүний амь насыг авч оддогийн учиг нь үүнд оршино.
Томуу өвчний хамгийн түвэгтэй нь түүнийг үүсгэгч вирусийн тогтмол хувьсан өөрчлөгдөх чадварт байгаа юм. Үүний үр дүнд жил жилд өөр хоорондоо маш бага зэрэг ялгаатай томуугийн өөр өөр омгуудын дэгдэлт үүсдэг ба зарим жилд дэгдэж буй омгийн хоруу чанар нь бусад жилийнхээс өндөр байх тохиолдол ч гардаг.
Томуугийн вируст ихэнхдээ антигенийн дрифт хэмээн нэрлэгдэх бүтэц дүр төрхийн өчүүхэн бага өөрчлөлт тогтмол гарч байдаг тул тухайн жилийн өөрчлөлтийг тооцон бүтээсэн томуугийн вакцин нь ихэнх тохиолдолд маш үр дүнтэй байдаг.
Цөөн зарим тохиолдолд антигенийн шифт хэмээх томоохон өөрчлөлт гардаг бөгөөд энэ үед хүмүүсийн биед урьд өмнө орж танигдаагүй цоо шинэ омгийн вирус үүсдэг.
Урьд өмнө биед орж ирсэн өөр хоорондоо харьцангуй төстэй вирусийн дэд омгуудыг хүний биеийн дархлаа таньж түргэн шуурхай устгадаг бол урьд өмнө өөрт нь үзэгдээгүй цоо шинэ омгийн вирус орж ирэх үед дархлаа тогтолцоо таньж устгах гэж цаг алдсанаар уг өвчнөөр хүн харьцангуй хүнд өвчлөх эрсдэл нь нэмэгддэг.
Хэдийгээр 2019–2020 оны хооронд томуугийн вирусүүдийн дунд антигенийн шифт хэмээх томоохон өөрчлөлт хараахан гараагүй байгаа авч 2009 онд гарсан шифтийн нөлөөгөөр шинээр үүссэн H1N1 вирус нь хүнд хэлбэрийн халдварыг үүсгэсээр байна.
Томуу өвчин болон түүний суурин дээр үүсэх өвчнүүдийн хүндрэлээс сэргийлэх аргууд нь коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжүүдтэй адил ахуйн ариун цэвэр, сахилга батыг чанд сахих, гараа тогтмол угаах болон маск байнга зүүх зэрэг юм.
Мөн уг өвчинд хүндээр нэрвэгдэх эрсдэл бүхий бүлгүүд болох бага болоод өндөр настууд, түүнчлэн архаг хууч болон хүнд өвчтэй хүмүүсийг шаардлагатай бол өвлийн цагт хаалга цонхууд нь битүү, агаарын урсгал солилцоо зуны цагаас хавьгүй бага байдаг олон нийтийн газар, байшин савуудаар зорчуулахгүй байх, дархлаажуулалтад хамрагдах зэрэг болно.