Индэр    
2021 оны 9 сарын 9
Зураг
Дархлаа судлаач, хүний их эмч, Анагаах ухааны доктор

КОВИД-19 өвчний үеийн дархлааны хариу урвалыг зураглахуй

Зураг

Коронавирусийн халдварын үе дэх хүний дархлааны эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны ерөнхий зураглалын талаар АНУ-ийн New York Times сонины шинжлэх ухааны нийтлэлч Katherine J. Wu, Jonathan Corum нарын бичсэн тойм нийтлэлийг хүргэж байна.

Сүүлийн үеийн эмнэлзүйн болон лабораторийн олон суурь судалгаануудын дүнд танигдаж буй нэг цочирдом үнэн гэвэл хүнд явцтай КОВИД-19 өвчний үед өвчтөний амь насанд хүрэх гол аюул нь өвчин үүсгэгч коронавирус бус харин түүний эсрэг тэмцэх үүрэгтэй дархлаа тогтолцооны гажуудсан үйл ажиллагаа ажээ

Энэхүү өөрийн “галаа” зүй зохистойгоор зохицуулах нь вирустэй тэмцэхийн нэгэн адил хүндэрсэн КОВИД-19-ийн эмчилгээний нэгэн чухал хэсэг болж байна. 

Хөнгөн ба хүнд тохиолдлууд

Коронавирус бие махбодид орж ирсэн мөчөөс эхлэн тухайн хүний дархлаа тогтолцоо байлдааны бэлэн байдалд шилжиж, өөрийн довтолгооны эсүүд болон олон тооны молекулуудыг дайчилж эхэлдэг. 

Коронавирусээр өвдсөн ихэнх хүмүүс ямар нэгэн шинж тэмдэггүй, хүндрэлгүй эдгэрдэг төдийгүй зарим тохиолдолд вирусүүд өвчин үүсгэж амжих ч үгүй устгагддаг юм.

Биед өвчин үүсгэхийн тулд КОВИД-19 өвчнийг үүсгэгч коронавирусүүд тухайн хүний олон тооны эсүүдэд нэвтрэн хангалттай хэмжээгээр өсөж, олшрох шаардлагатай болдог. 

Халдвар авсны дараах халуурах, ханиах, хамар битүүрэх, ядарч сульдах зэрэг шинжүүд нь бүгд вирусийн тоо хэмжээг бууруулахад чиглэсэн дархлааны хариу довтолгоо эрчимтэй явуулж буйг харуулж буй шинжүүд юм

 

Хэрэв тухайн хүний дархлаа тогтолцоо зүй зохистой ажиллаж, вирусүүдийг устгаж чадах аваас дээрх шинжүүд арилж ямар нэг эмчилгээ шаардагдахгүйгээр хүн эдгэрдэг. 

Харин хүнд тохиолдлуудад буюу өвчин хүндэрч буй үед вирусүүд болоод дархлаа тогтолцоо нарын хоорондын тэмцэл илүү удаан өрнөж үүний дүнд уушги гэх мэт яг вирусийн халдварт шууд өртөж буй газрууд амь насанд аюул учруулахуйц хүндээр гэмтдэг юм.

Дархлааны урвалыг өдөөх нь 

Дархлааны хариу урвал ерөнхийдөө 2 үе шатаар явагддаг.

Эхний шатанд дархлааны цагаан эсүүдийн нэг төрөл болох тэргүүн эгнээний эсүүд халдварын бүсэд яаравчлан очиж халдан довтлогчтой тэмцэж эхэлнэ. Үүнийг төрөлхийн дархлаа гэх бөгөөд хэд хоног өнгөрсний дараа олдмол дархлаа хэмээх илүү дархлааны хүчирхэг эсүүд сэрж, илүү нарийвчилсан довтолгоонуудыг өрнүүлж эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн төрөлхийн дархлааны эсүүдийн довтолгооны эрчим арай буурч олдмол дархлааны эсүүд байлдааны үйл ажиллагааны удирдлагыг гартаа авдаг. 

 

КОВИД-19 өвчнөөр хүнд өвдсөн хүмүүст цаг хугацааны энэ байдал алдагдах шинж илэрдэг буюу өөрөө хэлбэл эхний эгнээний эсүүд хугацаа алдан хожимдож довтолгоонд орон улмаар алдсан хугацаагаа нөхөх үүднээс хэт хүчтэй довтолдог ба олдмол дархлааны эсүүдийн нэмэлт хүч ирсний дараа ч төрөлхийн дархлааны эсүүд үйл ажиллагаагаа бууруулалгүй галзуурсан мэт эрчмээр довтолсоор байдаг байна. Энэ үед дархлааны эсүүд хожимдож довтолсоноос бие дэх вирусийн хэмжээ хэт өссөн байх учир тухай хүний дархлаа тогтолцоо зууралдсан хугацааны тэмцлийг өрнүүлэх шаардлагатай болж тэр хирээрээ үйл ажиллагааны удирдлага дараалал нь хямардаг аж. 

Төрөлхийн дархлааны хариу урвал 

Вирус биед халдмагц, бие махбод цитокин хэмээх түгшүүрийн бодисуудыг ялгаруулан биеийн бусад хэсгээс төрөлхийн дархлааны буюу довтолгооны тэргүүн эгнээний эсүүдийг дуудан авчирна. Дуудагдаж ирсэн тэдгээр эсүүдийн нөлөөгөөр тухайн хэсэг үрэвсэл хэмээх бие махбодын хамгаалах хариу урвал явагдаж эхлэх бөгөөд энэ үед тухайн хэсэг газар цус болон дархлааны эсүүдээр дүүрч хавдан, халж, улайн хөндүүртэй болж өвчний шинж тэмдгүүд гарч эхэлдэг. 

Хэрэв төрөлхийн дархлааны эсүүд халдварын эхэн үед вирусийн эсрэг амжилттай тулалдаж чадвал халдвар хөнгөн явагдаж хүн эдгэрэх бөгөөд ингэж чадаагүй тохиолдолд коронавирусийн үржил цааш үргэлжлэн тоо хэмжээ нь нэмэгддэг. Энэ тохиолдолд төрөлхийн дархлааны эсүүд нэмэлт хүч дуудан удааширсан хэт хүчтэй үрэвслийн урвалыг үүсгэх хандлагатай болох бөгөөд үүний улмаас амин чухал эрхтнүүд болох уушги, зүрх, бөөр зэргүүд гэмтэн тухайн хүний амь насанд аюул учруулдаг юм. 

 

Интерферон зэрэг зарим цитокинууд эсэд вирус нэвтрэхээс хамгаалах үйлдэл үзүүлдэг боловч КОВИД-19 өвчний хүнд тохиолдлуудад коронавирусүүд нь интерфероний үүсэлтийг сааруулан өөрсөддөө тэмцлийн давуу тал бий болгож байгааг судлаачид тогтоосон байна. 

Олдмол дархлааны хариу урвал

Төрөлхийн дархлааны хариу урвал идэвхжсэний дараа дархлааний илүү боловсронгуй эс болон молекулууд хүрэлцэн ирж, хүчтэй дархлааны урвал өрнүүлэх бөгөөд тэдгээрийг олдмол дархлаа гэдэг. 

Олдмол дархлааны нэгэн том бүрэлдэхүүн хэсэг нь В эсүүд хэмээх эсүүдээс ялгарах “эсрэг бие” гэдэг уургийн молекулууд бөгөөд тэдгээр нь коронавирусүүдэд наалдан бэхлэгдэж устгагдахад нь нэмэр болох буюу цааш бусад эсүүдэд дамжин халдварлах боломжийг нь хаадаг. КОВИД-19 өвчний хүнд хэлбэрийн үед хөнгөн өвчлөлтэй харьцуулахад эсрэг биеүүд өвчний эрт үед их хэмжээгээр үүсч байгаа нь тогтоогдсон бөгөөд чухам ямар учраас ингэж байгаа нь хараахан тодорхой болоогүй байна. 

 

Түүнчлэн олдмол дархлааны хариу урвалын үед Т эс хэмээх эсүүд довтолгоонд орох ба тэдгээр эсүүд нь эсрэг бие ялгаруулагч В эсүүдэд туслахаас гадна халдварлагдсан эсүүдийг доторх вирусуудтай нь хамт устгах чухал үүргийг гүйцэтгэдэг.  Зарим хүмүүст коронавирусийн халдвар авахаас ч өмнө тус вирусийг таньж довтлох чадвартай Т эсүүд илэрдэг бөгөөд тэдгээр эсүүд өвчний явцад ямар үүрэгтэй оролцдог нь хараахан тодорхой болоогүй байна.

Олдмол дархлааны Т, В эсүүдийн хамгийн гол шинж чанар нь дайсныг устгаж дуусгасаны дараа түүнийг дараагийн удаа дахин орж ирэхэд нь түргэн таньж довтлох чанар олж авах буюу санамжийн эсүүд хэмээх төлөвт хувирч “дархлаа тогтоох” чадварууд нь юм.

Вирусийн эсрэг эмчилгээ

Одоогоор коронавирусийн эсрэг тухайлсан эмчилгээнд эсрэг биеийн коктейл, ремдесивир гэх мэт хэд хэдэн төрлийн шинэ эмүүдийг туршин үзэж байна. Туршилтын дүнгүүдээс харахад тэдгээр эмчилгээг өвчний эрт үед эхлэх нь хамгийн өндөр үр дүнтэй байгаа аж. 

 

Эсрэг биеийн коктейл жишээлбэл, эсэд нэвтэрч хараахан амжаагүй байгаа коронавирусийг саармагжуулах лабораторид боловсруулсан 2 төрлийн эсрэгбиеийг их хэмжээгээр агуулсан бэлдмэл бөгөөд хэдийгээр албан ёсоор хэрэглээнд нэвтрээгүй байгаа боловч вирусын хэмжээг багасган эдгэрэлтийг түргэсгэхэд тун нэмэртэй байгаа гэсэн судалгааны эхний үр дүнгүүд аль хэдийн гараад эхэлжээ.  

Харин ремдесивир нь эсийн дотор эсийн дотор нэгэнт нэвтэрсэн вирусүүдтэй тэмцэх үйлдэлтэй эм бөгөөд өөрийгөө хувилагдан олширч буй коронавирусийн генүүдийн дундуур чихэн гацаах замаар тэдгээрийн үржлийг сааруулдаг. Ремдесивир эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд дэлхий даяар өргөн хэрэглэж эхлээд байна. 

Дархлаа дарангуйлах эмчилгээ

Хэт эрчимжсэн дархлааны хариу урвалуудыг дарангуйлах эмчилгээг хүндээр өвчлөөд буй өвчтнүүдийн эмчилгээнд дэлхий даяар хэрэглэж байна. Дексаметазон хэмээх эмийг КОВИД-19 өвчний үед дархлаа дарангуйлах зорилгоор өргөн хэрэглэж байгаа ба энэхүү стеройд даавар нь зарим цитокин хэмээх дархлааны дохио бодисуудын үйлчилгээг сааруулах замаар дархлааны хариу урвалыг дарангуйлдаг. Хэдийгээр судалгаануудын үр дүнд дексаметазон нь хүнд өвчтэй хүмүүсийн нас баралтыг бууруулж буй нь харагдсан авч өөрөө мөн гаж нөлөө ихтэй эмчилгээ юм. 

 

Түүнчлэн зарим судлаачдын анхааруулж байгаагаар дексаметазон эмчилгээг өвчний эрт үед юм уу, хөнгөн хэлбэрийн үед хэрэглэх нь дархлааг сулруулж, вирусийг цаашлуулахад нэмэр болдог байна. 

 

Бэлтгэсэн:

Д.Мандахнаран, Хүний Их Эмч, Анагаах Ухааны Доктор
Н.Эрдэнэсанж, Хүний Их Эмч