Коронавирусийн эсрэг сайн үр дүн бүхий анхны вакцин хэмээн зарлагдаж буй тус вакцин нь судалгааны урьдчилсан мэдээгээр судалгаанд хамрагдагсдын эхний бүлэг хүмүүсийн 90% гаруйг нь КОВИД-19 өвчний халдвараас хамгаалж чадсан байна.
Улаанбаатарын цагаар өчигдөр (2020/11/09) орой 23 цагийн орчимд Дэлхийн биотехнологи, эм үйлдвэрлэлийн томоохон компаниудын төлөөлөл болох Америкийн Pfizer ба Германы BioNTech компаниуд хамтарсан мэдэгдэл гаргаж “Шинжлэх ухаан болон хүн төрөлхтний хувьд чухал өдөр тохиож байна” хэмээн мэдэгдэв.
Учир юунд хэмээвээс КОВИД-19 өвчний эсрэг тэдний хамтран бүтээн хөгжүүлж буй вакцин нь АНУ, ХБНГУ, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк зэрэг дэлхийн зургаан өөр орны нийт 43,500 сайн дурынханд туршигдах явцдаа эрүүл мэндийн ямар нэгэн ноцтой гаж нөлөөг үзүүлээгүй бөгөөд нийт оролцогсдын эхний бүлэг хүмүүсийн 90 гаруй хувьд КОВИД-19 өвчнөөс хамгаалах дархлаа тогтоож чадаж байгаа нь харагдсан байна.
Тус вакциныг судалгаанд хамрагдсан бүх хүнд 3 долоо хоногийн зайтай 2 тун хийсэн бөгөөд эхний 94 хүнийг эргэн шинжлэхэд 90% гаруйд нь КОВИД-19 өвчний эсрэг дархлаа тогтсон байсан нь дээрх мэдэгдлийг гаргах үндэс болсон аж.
Вакциныг бүтээсэн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ энэ сарын эцэс гэхэд яаралтай журмаар хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд вакциныг ердийнхөөс богино хугацаанд түргэвчлэн бүтээсэн тул дараа дараагийн шатны судалгаанууд зайлшгүй үргэлжилнэ хэмээн хэлж байгаа бөгөөд тэр нь ч аргагүй юм.
Хэдийгээр илүү тодорхой болгох шаардлагатай зүйлс багагүй байгаа боловч вакцин үр дүн үзүүлж эхэллээ хэмээх энэ мэдээг дэлхийн олон орны судлаач эрдэмтэд талархан хүлээн авсан бөгөөд одоогоор эрдэмтдийн хувийн блог болоод сошиал постуудын гол сэдэв болж байгаа нь уг вакцины жинхэнэ үр дүн муугүй байж болохыг харуулж байна. КОВИД-19 өвчнөөс залхсан хүн төрөлхтөн уг өвчний эсрэг эм болон дархлаажуулах вакциныг тэсэн ядан хүлээж буй нь тодорхой бөгөөд Оксфордын их сургуулийн профессор John Bell зэрэг зарим судлаачид тус вакцины тусламжтайгаар хавар гэхэд халдварын байдал тогтворжино гэж хүртэл бичсэн нэлээд анхаарал татах үгс бөгөөд үнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз.
Дээрх вакцины тухайд хариултаа хүлээж буй олон асуулт байгаа ба тухайлбал вакцин хийлгэсэн хүмүүс зөвхөн өөрснөө өвдөхгүй байна уу эсвэл өвдөхгүй дээрээс нь халдвар тараахгүй болж хамгаалагдаж байна уу гэдгээс эхлээд уг вакцины тогтоож буй дархлаа нь хийлгэсэн хүнээ КОВИД-19 өвчнөөс хэдий хир хугацаанд хамгаалах чадвартай вэ зэрэг олон сар жилийн дараа хариултууд нь тодорхой болохуйц чухал асуултууд олон байгаа юм.
Түүнчлэн уг вакциныг хэт хүйтэн буюу Цельсийн -80 хэмд хадгалж тээвэрлэх ёстой нь түүний дэлхий даяарх түгээлтийн асуудлыг хүндрүүлж байгаа аж.
Pfizer, BioNTech компаниудын зүгээс арваннэгдүгээр сарын 3 дахь долоо хоног гэхэд судалгаанд хамрагдсан илүү олон хүнийг эргэн шинжилж илүү дэлгэрэнгүй дүн мэдээ цуглуулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэж чадсан тохиолдолд уг туршилтын уг вакциныг албан ёсны бүтээгдэхүүн болгох ажлыг эхлүүлэх боломжтой болох юм.
Туршилтын дараагийн үр дүнгүүд урьдчилсан үр дүнтэй адил амжилт үзүүлсэн тохиолдолд энэ оны эцэс гэхэд вакцины 50 сая тунг нийлүүлэх боломжтой хэмээн тус вакциныг бүтээсэн компаниуд мэдэгдэж буй бөгөөд 2021 оны эцэс гэхэд энэ тоог 1.3 тэрбум тун болгож чадна гэдгээ мөн хэлж буй юм.
Дээрх 2 компанийн мэдэгдэлтэй зэрэгцэн дэлхийн зарим орнууд вакциныг захиалж эхэлсэн ба Их Британи улс энэ оны эцэс гэхэд 10 сая тунг, цаашид 30 сая тунг нэмж авахаар захиалаад байгаа аж.
Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн тус вакцины ажиллах механизмын тухайд тус вакцин нь вирусийн удмын (генийн) материал болох мэдээллийн Рибонуклейн хүчлийг (мРНХ) -г агуулсан био бүтээгдэхүүн бөгөөд мРНХ нь биед ормогцоо биеийн эсүүдэд нэвтрэн вирусийн сэртэнгийн уураг хэмээх чухал уургийг кодлон үүсгэж улмаар дархлаа тогтолцоонд таниулан дархлаа тогтоодог зарчимтай байна.
Ямартай ч КОВИД-19 өвчний эсрэг үр дүн бүхий вакцины талаарх тодорхой мэдээлэл ийнхүү гарч эхэлж байгаа ба Pfizer компанийн захирал Albert Borula “Бид КОВИД-19 өвчний эсрэг бүрэн ажиллагаатай вакциныг бүтээж дэлхийг хамарсан энэхүү гамшгийг дуусгахад нэлээд ойртоод байна” хэмээн хэлжээ.