Индэр    
2020 оны 5 сарын 3
Зураг
Дархлаа судлаач, хүний их эмч, Анагаах ухааны доктор

Халдварын эсрэг өвөрмөцөөр үүсэх дархлааны уургууд болох эсрэг биетүүдийн тухай ерөнхий ойлголт

COVID-19 өвчин нь SARS-CoV-2 (Severe Acute Respiratory Syndrome Coronavirus 2 - Амьсгалын Цочмог Халтай Хам Шинжийн Коронавирус 2) вирусээр үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд 2019 оны 12-р сард анх илэрсэн цагаасаа эхлэн дэлхий даяар тархаж 2020 оны 5-р сарын эхний долоо хоногийн байдлаар 3 сая хүнд халдварлан олон арван мянган хүний амь насыг авч одоод байгаа дэлхийг хамарсан цар тахал болоод байгаа билээ.

COVID-19 өвчний халдварыг илрүүлэхийн тулд:

  1. Түргэвчилсэн сорил (Rapid test),
     
  2. Энзим-Холбоот Эсрэг биеийн Урвал (ELISA - Enzyme-Linked Immunosorbent Assay),
     
  3. Бодит Цагийн Урвуу Транскриптазийн Полимеразийн Гинжин Урвал (Real Time Polymerase Chain Reaction - RT-PCR) гэсэн үндсэн гурван төрлийн шинжилгээг хийдгээс эхний хоёр нь хүний биед яг SARS-CoV- 2 вирусийн эсрэг өвөрмөцөөр үүссэн дархлааны уургууд болох эсрэг бие буюу иммуноглобулин (Ig) хэмээх уургуудыг илрүүлэх замаар тус вирусийн халдварыг авсан эсэхийг илрүүлэн тогтоох шинж чанартай шинжилгээ байдаг бол сүүлийн шинжилгээ болох RT-PCR нь тухайн хүнээс шинжлэгдэхүүн  авсан яг тухайн мөчид сорьцонд нь вирус нь өөрөө байсан эсэхийг тодорхойлдог шинжилгээний арга юм.

Ингээд коронавирусийн бүтцийн тухай болон, түүний эсрэг үүсэх дархлааны уургууд болох эсрэг биеүүдийн тухай, мөн түүнчлэн шинжилгээний дээр дурьдсан гурван аргын талаар товчхон авч үзэцгээе.

Коронавирусийн бүтцийн тухай товч ойлголт

Коронавирусууд нь тосны молекул болох липидний молекулаас тогтсон бүрхүүл бүхий 120 нанометр орчим хэт бичил хэмжээтэй бөмбөлөг хэлбэртэй биологийн биетүүд бөгөөд липидэн бүрхүүлд нь шигдсэн S уургууд нь электрон микроскопд харахад нарны титэм мэт салбарласан бүтцийг үүсгэдэг учир корона буюу титэмт вирусууд гэсэн нэрийг авсан байдаг.

Тэдгээр S уургууд нь хүний эсүүд дээр байх Ангионтензин Хувиргагч Энзим 2 (Angiotensin Converting Enzyme 2 - ACE2) хэмээх уургуудтай холбогдож уг вирусуудыг хүний эсүүдэд нэвтрэн орж өсч үржих боломжийг олгодог гол түлхүүр болдог юм. Түүнчлэн коронавирусууд  S уургаас гадна өөртөө M, N, E зэрэг бүтцийн чухал уургууд мөн олон тооны бүтцийн бус үйл ажиллагааны уургуудыг агуулахаас гадна бөмбөлөг бүтэц дотроо 30’000 орчим “үсгийн дараалал” бүхий өөрийн удамшлын (генийн) кодыг агуулсан РНХ (рибонуклейн хүчил) хэмээх маш чухал бодисыг агуулдаг ба чухам энэ бодис дахь “кодын мэдээллийг” халдварласан эсийнхээ уураг үйлдвэрлэгч эрхтэнцэрүүдэд уншуулснаар уг эсийг “хакердаж” вирус өөрийгөө олшруулан бүтээдэг юм.

Одоогоор хүний биед өвчин үүсгэдэг үндсэн 7 омгийн коронавирус нээгдээд байгаа ба эхний 4 нь харьцангуй хөнгөн явцтай хамрын ханиад өвчин үүсгэдэг бол сүүлд шинээр үүссэн 3 омог болох 2002 онд анх илэрсэн Амьсгалын Цочмог Халтай Хам Шинжийн Коронавирус (Sever Acute Respiratory Distress Syndrome Coronavirus - SARS-CoV), 2012 онд анх илэрсэн Ойрх Дорнодын Амьсгалын Хам Шинжийн Коронавирус (Middle East Respiratory Syndrome Coronavirus - MERS-CoV), 2019 онд анх илэрсэн Амьсгалын Цочмог Халтай Хам Шинжийн Коронавирус 2 (Sever Acute Respiratory Distress Syndrome Coronavirus 2 - SARS-CoV-2) нар нь харьцангуй хүнд явцтай уушгины хатгаа үүсгэдгээс гадна халдварлах чадамж өндөртэй аюултай вирусууд юм.

 

Зургийн эх сурвалж:  Nature., New England Journal of Medicine.

Өвчин үүсгэгч бичил биетүүдийн эсрэг хүний биед өвөрмөцөөр үүсэх дархлааны буюу “хамгаалалтын” уургууд болох иммуноглобулин (Immunoglobulin - Ig) буюу эсрэг биеүүдийн тухай товч ойлголт

Эсрэг биетүүд нь (antibody, immunoglobulin, gammaglobulin гэх мэтчилэн олон янзаар нэрлэдэг ба оросоор антителла гэж нэрлэж байгааг анхаарна уу) цусны цагаан эсийн нэгэн төрөл болох (хүний цус нь цусны эсүүд ба шингэн хэсэг гэсэн үндсэн хоёр хэсгээс тогтох ба цусны эсүүдэд цусны үндсэн эс болох улаан эс, дархлааны эс болох цагаан эс, цус тогтоогч эс болох ялтас эс гэсэн гурван төрлийн эс байдаг) В лимфоцит хэмээх эсүүдээс ялгардаг хамгаалалтын уургууд бөгөөд биед орж ирсэн харийн бодисуудтай холбогдож устгах зорилгоор ялгардаг.

Тэдгээр харийн бодисуудыг ерөнхийд нь антиген гэж нэрлэх ба антиген гэдэг нэр томьёонд коронавирусийн уургуудаас эхлээд могойн хор хүртэл биед хортой бүхий л бодисуудыг хамруулан авч үзнэ.

Y үсгийн хэлбэр бүхий хүний эсрэг биетүүд IgA, IgD, IgE, IgG, IgM гэсэн үндсэн таван төрлийн уургууд байх бөгөөд өвчин үүсгэгч бичил биетэн бие махбодод орж ирснээс хойш эхний 7-10 хоногт IgM цусанд их хэмжээгээр илэрч цаашдаа бууран тодорхойлогдохгүй (тодорхойлогдсон ч маш бага хэмжээгээр) болдог бол халдварын дараах дунджаар10-14 дэх хоногт IgG үүсч улмаар цаашид цусанд тогтвортой илрэн дархлаа тогтоодог. Чухам дээрх эсрэг биетүүд цусанд илрэв үү, илэрсэн бол аль нь илрэв гэдгээс нь шалтгаалан бид хүнийг ямар нэгэн халдвар авсан эсэх, хэрэв халдвар авсан бол халдвар нь шинэ, хуучин буюу эдгэсэн аль шатандаа явааг нь тодорхой мэдэж болдог юм.

 

Зургийн эх сурвалж: Wall Street Journal.

 

Коронавирусийн эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын тухай товч ойлголт

SARS-CoV-2 вирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурууд нь хүний цусанд (мөн цусны бүрдлүүд болох сийвэн эсвэл ийлдсэнд) дархлааны ургууд болох Ig, IgM нарыг байгаа эсэхийг 10-15 минутанд илрүүдэг шинжилгээний арга юм.

Шинжилгээг хийхдээ шинжилгээ хийлгэж буй хүнээс авсан багахан хэмжээний цусыг оношлуурын кассет хэмээх бичил хавтангийн зориулалтын нүхэнд дусааж араас нь зориулалтын урвалж уусмалыг нэмж өгөх бөгөөд тухайн хүний цус хавтангийн өөр өөр шүүлтүүр, урвалын шинж бүхий хэсгүүдээр нэвчин урсах явцдаа хэрэв өөрт нь коронавирусийн эсрэг үүссэн эсрэг биетүүд байгаа тохиолдолд хавтан дээр үйлдвэрлэгчээс урьдчилан бэхэлсэн алтны уусмалтай холбогдсон SARS-CoV-2 вирусийн антигенүүдтэй холбогдож өнгөний хувиралд орох ба энэ үед хавтангийн онош гаргах хэсэг дээр өнгөний өөрчлөлт гарах бөгөөд харин вирусийн эсрэг үүссэн эсрэг бие байхгүй тохиолдолд хавтангийн зураасанд өнгөний өөрчлөлт гардаггүй.  Мөн оношлуурыг зөв ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилгоор хяналтын буюу (Control - C) зураасыг үздэг бөгөөд оношлуур зөв ажиллаж байгаа тохиолдолд уг зураас  заавал өнгөний өөрчлөлтөнд ордог.

 

Зургийн эх сурвалж: CliniSciences.

Оношлуурын кассетан дээр IgM ба IgG  -н хослол ямар байдлаар илэрснээс шалтгалаан бид тухайн хүнд SARS-CoV-2 вирусийн халдвар байгаа эсэх, байгаа бол ямар шатандаа явааг мэдэх боломжтой юм.

 

Зургийн эх сурвалж: CliniSciences.

Хариу                                     Утга

IgM+ / IgG+                             SARS-CoV-2 вирусийн шинэ халдвар

IgM+ / IgG-                              SARS-CoV-2 вирусийн шинэ халдвар

IgM- / IgG+                              SARS-CoV-2 вирусийн өмнөх ба эдгэсэн халдвар

IgM- / IgG-                               SARS-CoV-2 вирусийн халдваргүй эсвэл эсрэг биетүүд хангалттай хэмжээнд үүсч амжаагүй яваа эрт үеийн халдвар

  • Коронавирусийн эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлэх энзим холбоот эсрэг биеийн урвалын (ELISA) тухай товч ойлголт

Маш товчхондоо энзим-холбоот эсрэг биеийн урвалын арга (Enzyme-Linked Immunosorbent Assay - ELISA) нь цус, ийлдэс зэрэг биологийн шингэнүүдэд үүссэн эсрэг биеүүдийн илрэл болон тоо хэмжээг дараалсан олон шатлал бүхий нарийн урвалуудын дүнд илрүүлдэг түргэвчилсэн оношлуурыг бодвол илүү өртөг, цаг хугацаа шаарддаг хэдий ч илүү найдвартай арга юм.

  • Коронавирусийг илрүүлэх Бодит Цагийн Урвуу Транскриптазийн Полимеразийн Гинжин Урвал (Real Time Polymerase Chain Reaction - RT-PCR)

Бодит цагийн полимеразийн гинжин урвал нь өвчтөнөөс авсан сорьцонд коронавирус яг байгаа эсэх, хэрэв тийм бол яг ямар хэмжээгээр байгаа болон үнэхээр яг SARS-2-CoV вирус мөн эсэхийг найдвартай илрүүлдэг /мөн “вирус тоолох” гэж бас нэрлэдэг/ маш өндөр мэдрэг болоод өвөрмөц чанартай шинжилгээний арга юм. Уг шижилгээний аргын зарчим нь сорьцон дахь коронавирусуудыг тусгай уусмалаар задалж угаагаад зөвхөн удамшлын мэдээлэл бүхий РНХ -г нь цэврээр нь ялган авах ба улмаар уг РНХ -ээ ДНХ (Деоксирибонуклейн хүчил) хэмээх бодис болгон хувиргасны дараа тус ДНХ -г олон дахин хувилан олшруулж хувилах явцдаа бичил гэрэлтэгч бодис холбон гэрэлтэж байгаа хэмжээг нь компьютераар тооцоолон гаргаж вирусийн РНХ -н хэмжээг тооцон гаргадаг шинжилгээний арга юм.

 

Зургийн эх сурвалж: Microbenotes.

 



Эх сурвалж:

  1. Dandekar, A., Perlman, S. Immunopathogenesis of coronavirus infections: implications for SARS. Nat Rev Immunol 5, 917–927 (2005). https://doi.org/10.1038/nri1732
  2. Zhu N, Zhang D, Wang W, Li X, Yang B, Song J, et al. A Novel Coronavirus from Patients with Pneumonia in China, 2019. N Engl J Med. 2020;382(8):727-33. PubMed PMID: 31978945.
  3.  https://www.wsj.com/articles/how-antibody-tests-work-11587087058
  4. https://www.clinisciences.com/it/read/newsletter-26/sars-cov-2-covid-19-diagnosis-by-2264.html?fbclid=IwAR2QSb2Jkh7v_WJyNmNtmcErLihRUuccH7TLihzfWIiv6VOtxiTtKhuLxIs
  5. https://microbenotes.com/structure-and-genome-of-sars-cov-2/