Индэр    
2020 оны 5 сарын 26
Зураг
Дархлаа судлаач, хүний их эмч, Анагаах ухааны доктор

Коронавирусийн эсрэг вакцинуудыг бүтээж буй аргууд

New York Times сэтгүүлийн 2020 оны 5 дугаар сарын 20 -ны өдрийн дугаарт нийтлэгдсэн шинжлэх ухааны нийтлэлч Jonathan Corum, Knvul Sheikh, Carl Zimmer нарын нийлэлийг тоймлон хүргэж байна.

 

Дэлхийг хамарсан коронавирусийн эсрэг аюулт цар тахлын эсрэг улс орнууд олон төрлийн арга замаар тэмцэж буйн нэг нь тус вирусийн эсрэг дархлаа тогтоох вакцин бүтээх их ажил юм. Одоогоор эрдэмтийн бүтээж буй бүтээж буй 100 гаруй төрлийн вакцин судлагдаж байгаа бөгөөд тэдний зарим нь вакцин бүтээх уламжлалт арга технологийн дагуу бүтээгдэж буй заримыг нь урьд өмнө нь хэзээ ч хэрэглэж байгаагүй цоо шинэ аргаар бүтээхээр оролдож байна. 

Хөгжлийн шатандаа явж буй коронавирусийн эсрэг ихэнх вакцинууд коронавирусийг хүний эсэд нэвтрэхэд гол үүрэг гүйцэтгэдэг вирусийн гадаргуугийн S уураг буюу сэртэнгийн уургийн судалгаанууд дээр тулгуурлагдан явагдаж байгаа ба инэгснээр тухайн уургийн эсрэг хүний дархлааны эсрэг биет үүсгэхэд чиглэгдэж байна.Тэдгээр вакцинуудад тавигдаж байгаа хамгийн гол шаардлага нь хүний биед ороод өвчин үүсгэхгүйгээр дархаа тогтолцоог идэвхжүүлж дархлаа тогтоох явдал юм. 

Ингээд COVID-19 өвчний эсрэг вакцинуудыг ямар зарчмаар бүтээж буйтай товч танилцацгаая!

Бүтэн вирусийн вакцин

Дархлаа тогтолцоог өдөөх үүднээс коронавирусийг өөрийг нь өөрчилж бүтээсэн вакцинуудыг хэлнэ.

 

Идэвхгүйжүүлсэн амьд вакцин

Өнөө үед хүн төрөлхтний хэрэглэж буй  вируст өвчний эсрэг ихэнх вакцинуудыг тодорхой өвчний үүсгэгч вирусийг өвчин үүсгэх чадваргүй болгон сулруулж бүтээж байна. Тэдгээр сулруулсан вирусууд биед орж ирмэгц дархлааны  тогтолцоо таньж довтолсноор дараагийн удаа жинхэнэ вирус орж ирэх үед түүнээс хамгаалах хүчтэй дархлаа тогтсон байдаг зарчим үүний ард үйлчилдэг. 

Эдгээр вакцинуудыг бүтээхийн тулд үүсгэгч вирусуудийг асар олон тоогоор үржүүлэх шаардлагатай болдог ба тухайлбал томуугын вакциныг тахианы өндгөнд вирусуудийг нь өсгөвөрлөж бүтээдэг бол өөр олон төрлийн вакцинуудыг вирусийг лабораторийн амьд эсийн дотор олшруулан бүтээдэг. Энэхүү аргын гол түвэгтэй тал нь шинэ вакциныг бүтээн буй болгохын тулд олон сарын хугацаа зарцуулдаг явдал юм. 

Энэ аргаар бүтээгддэг вакцинуудын жишээ: Томуу, салхин цэцэг, улаан бурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг өвчний эсрэг вакцинууд энэ ангилалд хамаарагдана. 

Энэ аргаар SARS-CoV-2 вирусийн эсрэг вакцин бүтээж буй компаниуд: Sinovac ба бусад.

Генетикийн вакцин буюу удамшлын материал ашиглан бүтээсэн вакцин

Коронавирусийн генетикийн (удамшлын материалын) кодыг хэсэгчлэн ашиглаж бүтээсэн вакцинуудыг хэлнэ6

 

ДНХ -н вакцин

Олон орны судалгааны институтууд COVID-19 өвчний эсрэг сулруулсан вирус хэрэглэлгүй зөвхөн түүний генийн тодорхой материалыг ашиглан хүний биед дархлаа тогтоох чадвар бүхий вакцин бүтээхээр оролдож буйн нэг нь ДНХ -н вакцин юм. ДНХ -н вакцин гэдэг нь маш товчхондоо өвчин үүсгэгч вирусийн цөөн тооны чухал уургуудыг бүтээн бий болгох удамшлын кодон мэдээллийг агуулсан ДНХ (Деоксирибонуклейн хүчил) хэмээх бодисыг хүний биед оруулснаар тухайн кодыг ашиглан вирусийн уургуудыг бие дотор үүсгэж дархлаа тогтолцоонд вирусын уургуудыг урьдчилан таниулж улмаар дархлааны эсрэгбие уургууд үүсгэн дархлаа тогтоох зорилго бүхий вакцинуудыг хэлнэ. 

Энэ аргын үндсэн зарчим нь генийн инженерчлэлийн аргаар өөрчилж тогтворжуулсан цагариг ДНХ -г эсэд оруулах бөгөөд уг ДНХ кодыг уншсан эс түүний дагуу өөрийн мессенжер РНХ (ДНХ -н кодыг өөртөө хуулбарлан буулгасан Рибонуклейн хүчил хэмээх бодис) үүсгэн кодыг хуулбарлсанаар тэрхүү мРНХ дэх кодыг дагуу өөрийн дотор вирусийн уургуудыг бүтээнэ.

Вирусийн сэтрэнгийн уургийн мэдээллийг агуулсан ДНХ бүхий туршилтын вакцины эхний үр дүн гарсан бөгөөд ямартай ч тус вакцин нь сармагчинг коронавирусийн халдвараас хамгаалж байсан байна.

Энэ аргаар бүтээгддэг вакцинуудын жишээ: ДНХ вакцинуудыг мал эмнэлэгт зөвшөөрөн хэрэглэдэг бөгөөд нохойны болон адууны зарим төрлийн өвчнүүдийн эсрэг ДНХ вакцин хэрэглэдэг. Харин одоогоор хүнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн ДНХ вакцин хараахан байхгүй байгаа бөгөөд судлаачид зарим төрлийн өвчний эсрэг хэрэглэхээр идэвхийлэн судалж байна. 

Энэ аргаар SARS-CoV-2 вирусийн эсрэг вакцин бүтээж буй компаниуд: Inovio ба бусад.

 

РНХ -н вакцин

Зарим судлаачид ДНХ -г алгасаж уургийн мэдээллийг агуулсан РНХ -г шууд вакцин болгон ашиглах арга замыг эрэлхийлж буй юм. Ингэснээр РНХ дэхь кодыг уншсан эс вирусийн уургийг дотроо бүтээж дархаа тогтолцоог түүний эсрэг идэвхижүүлнэ хэмээн үзэж байна. 

Moderna хэмээх биотехнологийн компани найман хүнийг оролцуулсан бичил туршилт хийн эхлүүлсэн бөгөөд туршилтын эхний үр дүнгүүд сайн байгаа мэдээтэй байна.

ДНХ ба РНХ -н вакцинуудын гол давуу тал нь тэдгээр нь ердийн вакцинаас илүү богино хугацаанд үйлдвэрлэгдэх боломжтой юм. 

Жишээ: Албан ёсоор зөвшөөрөгдсөн РНХ -н вакцин хараахан гараагүй байгаа бөгөөд MERS зэрэг бусад өвчнүүдийн эсрэг бүтээгдэж буй энэ төрлийн вакцинууд эмнэл зүйн туршилтын шатандаа явж байна.

Зөөгч (вектор) вирусэн вакцин

Коронавирусийн удмын мэдээллийг эсэд оруулахын тулд өөр төрлийн вирусийг зөөгч болгон ашиглахаар бүтээсэн вакцинуудыг хэлнэ.

 

Аденовирус болон бусад төрлийн вирусийг ашиглан бүтээж буй вакцинууд

Вирусууд эсэд нэвтрэн орохдоо тун чадварлаг учир судлаачид хүмүүсийг дархлаажуулахын тулд тэднийг ашиглан өвчний генийг хүний биед оруулах оролдлогыг 1990 -ээд оноос хойш эрчимтэй хийж байна. 

Судалгааны хэд хэдэн өөр багууд коронавирусийн гадаргуугын сэртэнгийн уураг үүсгэх мэдээллийг агуулсан генийг аденовирус хэмээх өөр төрлийн вируст угсран оруулж вакцин бүтээх оролдлого судалгаануудыг хийж байна. Тэдгээр тохиолдолд аденовирус эсэд нэвтрэн орж өөрт агуулагдсан коронавирусийн удмын мэдээллийг шахан оруулах бөгөөд тухайн вирусийн өөрийнх нь бүтэн ген байхгүй учир эсийн дотор аденовирус үржих аюулгүй юм. 

Жишээ: Зөөгч вирус ашиглан бүтээсэн вирусийг халдварт галзуу гэх мэт мал эмнэлгийн практикт амжилттай ашиглаж байгаа ба Johnson & Johnson компани ХДХВ ба Эбола өвчний эсрэг вакцинуудыг энэхүү аргаар бүтээхээр ажиллаж байна. 

Энэ аргаар SARS-CoV-2 вирусийн эсрэг вакцин бүтээж буй компаниуд: Johnson & Jonson, CanSino, Оксфордын Их Сургууль ба бусад.

Уурганд суурилсан вакцин

Коронавирусийн уураг ба уургийн хэлтэрхийнүүдийг ашиглан бүтээсэн вакцинуудыг хэлнэ.

 

Вирус-төст хэсгүүдээр бүтээсэн вакцин

Зарим вакцинуудыг вирусийн уургуудын хэлтэрхийнүдийг ашиглан бүтээсэн байдаг. Хэдийгээр тэд бүтэн вирус биш учир өвчин үүсгэх чадваргүй хэдий ч дархлаа тогтолцоог өдөөж вирусийн уургын мэдээллийг таниулах өргөн боломжтой байдаг. 

Жишээ: Хүний хөхөнцөр вирусийн (Human papilloma virus - HPV) эсрэг вакцин энэ төрөлд хамаарагдана.

Энэ аргаар SARS-CoV-2 вирусийн эсрэг вакцин бүтээж буй компаниуд: Medicago, Doherty Институт ба бусад.

 

Рекомбинант вакцин

Мөөгөнцөр болон өөр зарим төрлийн эсүүдэд генийн инженерчлэлийн аргаар вирусийн генүүдийг оруулаад тэдгээр эсүүдийн бүтээсэн вирусын уургуудыг дараа нь хураан авч вакцин бүтээхэд ашигладаг арга технологийг хэлнэ. Энэ аргаар бүтээх коронавирусийн вакцинууд нь вирусийн сэртэнгийн уургыг бүтнээр нь юмуу хэсэгчлэн агуулсан байх болно хэмээн урьдчилан тооцоолж байна.

Жишээ: Гепатит В вирусийн эсрэг вакцин энэ аргаар бүтээгдсэн вакцин болно.

Энэ аргаар Novavax ба бусад.

 

Эх сурвалж: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Харшил Халдварт Өвчин Судлалын АНУ -ын Үндэсний Институт, АНУ -ын Биотехнологи Мэдээллийн Үндэсний Төв, Шинэ Английн Анагаах Ухааны Сэтгүүл (NEJM).