Монголын Банкны Холбооноос энэ жилийн банк хоорондын спортын тэмцээнийг Монголын цахим спортын холбоотой хамтран И-спортын төрлөөр анх удаа зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд, мөн жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр болдог “Банкны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан юм.
И-Спортын төрөл нь дэлхий нийтэд хурдтай хөгжиж буй спортын төрөлд тооцогдож буй. Тэр дундаа цар тахлын улмаас дэлхий даяар спортын тэмцээн, уралдаан хойшлогдож буй энэ цаг үед хамгийн эрчээ авч буй спортын төрөл болоод байгаа билээ. Мөн 2024 оны Парисын зуны XXXIII Олимпийн наадмаас эхлэн цахим спортыг Олимпийн төрөлд оруулах тухай яриа хэлэлцээ ч хийгдэж эхэлжээ.
Монгол улсад ч гэсэн энэ спортын төрөл залуучуудын дунд түгээмэл дэлгэрч, хөгжиж буй. 2021 оны нэгдүгээр сард болсон PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг гуравдугаар байр эзэлж 280 сая төгрөгийн шагнал авсан.
“Дэлхий даяар хамгийн их үзэгчтэй, томоохон зах зээл болон хөгжиж буй энэ спортын төрлийг Монгол Улсад хөгжүүлэх үйлсэд банкны салбар хувь нэмрээ оруулж, банк хоорондын цахим спортын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулна.” хэмээн Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар онцоллоо.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын цахимжилтын үйл явцад банкны салбар манлайлсаар ирсэн нь спортын төрөлд ч ийнхүү тусгалаа олж байгаа юм. Өнөөдөр улсын хэмжээнд 3 хүн тутмын хоёр нь мобайл банкны идэвхтэй хэрэглэгч, 3 хүн тутмын нэг нь интернэт банкийг идэвхтэй ашиглаж байна гэсэн судалгаа бий.
Банкуудын дунд анх удаа удаа зохион байгуулагдсан тэмцээн CSGO, Дота-2, PUBG Mobile гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд найман банк (Ариг банк, Богд банк, Голомт банк, Капитрон банк, Төрийн банк, ХААН Банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк)-ны 17 баг оролцож, өрсөлдлөө.
Ийнхүү PUBG Mobile төрөлд ХААН Банк, Хас банк, Голомт банкууд шалгарсан бол, CSGO төрөлд ХААН Банк, Голомт банк, Дота-2 төрөлд Худалдаа хөгжлийн банк, Хас банк шалгарсан юм. Харин шилдэг тоглогчдоор Дота-2 төрөлд Худалдаа хөгжлийн банкны Бүтээгдэхүүн хариуцсан менежер Б.Билгүүн, CSGO төрөлд ХААН Банкны Харилцааны менежер М.Баттүшиг, PUBG Mobile төрөлд Хаан банкны Борлуулалт, үйлчилгээний ажилтан Э.Энхтөр нар тодров. Нийлбэр оноогоор тэмцээний шилжин явах цомыг ХААН Банкны баг, тамирчид хүртэж, ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!