Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Богино хэмжээний видео бүтээх цахим платформ орлогоо нэмэгдүүлэх хөшүүрэг болж байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
South China Morning Post

Богино хэмжээний видео бүтээх олон нийтийн цахим платформоор БНХАУ тэргүүлж байгаа гэж болно.

Үүний нэг том төлөөлөл нь Тик Ток аппликэйшн. Дэлхийн 50 орны хоёр тэрбум хүн татаж авсан, 690 сая идэвхтэй хэрэглэгчтэй тус аппликэйшний дотоодын томоохон өрсөлдөгч нь Куаишоу (Kuaishou) платформ аж.  

Бээжингийн “Куайшоу технологи” компанийн бүтээсэн энэхүү платформ нь зөвхөн олны танил, нэр хүндтэй хэрэглэгч гэхээсээ илүү нийт иргэд рүү чиглэж, өргөн тархсанаар Хятадын алс хөдөө орон нутгийн хүн ардад хүртэл нөлөөллийг бий болгож, үр шимийг нь амьдралдаа хүртэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог гэдгийг тус компанийн дэд захирал Лю Жэн онцоллоо.

Kuaishou-ийг бусад улс орон "Kwai" гэсэн нэршлээр нь илүү мэдэж, ашигладаг ба Эх газрын Хятадаас гадна бусад зах зээлд ч мөн танигдаж, нэр хүнд нь өссөөр байна. 2017 онд зах зээлд  танилцуулагдсанаас нь хойш дэлхийн долоон орны 1.3 тэрбум хүн тус аппликэйшнийг татаж авчээ. 

 
Эх сурвалж: KrAsia

Тус платформоор дамжуулан видео түгээснээр олон хүний амьдралд эерэг өөрчлөлт бий болжээ. Тухайлбал, 

  • Хүүхдүүдэд сайн дураараа хичээл заадаг пакистан хүү өөрийн тосгоны өдөр тутмын амьдралаа Kuaishou-аар дамжуулан хүргэдэг байна. Түүнийг өдгөө 2.85 сая хүн дагаж, бичлэгийг нь байнга үздэг болсноор хүүхдүүдэд туслах боломжийг эрэлхийлж буй хүмүүсийн анхаарлыг татжээ. 
  • Kuaishou-аар дамжуулан хоол хүнсний дутагдалтай байгаа сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд туслах сайн дурын аянд 120,000 хүн нэгдэж, 1 сая юань цуглуулснаар хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. 
  • Байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах ажилд олон нийтийн анхаарлыг хандуулах санаачилгын хүрээнд сарын хугацаанд 17 мянган уран бүтээлчийн 40,000 бүтээлийг Kuaishou-д байрлуулжээ. Видеонуудыг 900 сая хүн үзэж, энэ асуудалд анхаарлыг хандуулж чадсан хэмээн дүгнэж байна.
  • Сичуань мужийн “Ehime Orange” хэмээн жүржийг тарьж ургуулдаг аж ахуй эрхлэгчид шинэ ургацын шүүслэг жүржийнхээ талаарх видеог Kuaishou-д оруулснаар мөн л олон нийтийн анхаарлыг татаж, жүржийнх нь борлуулалт 157 сая юаньд хүрчээ.

Энэ мэтчилэн Kuaishou-д платформыг ашиглан хийсэн цахим худалдааны дүн 2019 онд 59.6 тэрбум юань байсан бол 2020 онд 381.2 тэрбум юань болж, жилийн хугацаанд 540%-ийн өсөлт үзүүлжээ. Цаашид цахим худалдааны платформоо улам өргөжүүлж, бизнесийн 100 хамтрагч тус бүрийг нэг тэрбум юанийн худалдааны эргэлтэд хүргэх зорилт тавин ажиллаж байгаагаа Лю Жэн дурдсан юм.

Куаишоу гэж юу вэ?

2020 оны тавдугаар сарын байдлаар 250 сая хүн уг платформоор дамжуулан орлого олж байгаагаас 6.5 сая нь орлого багатай бүс нутгийн иргэд байжээ. Орлого багатай бүс нутгийн дөрвөн хүн тутмын нэг нь Kuaishou -г ашиглаж байгаа ба тэдний оруулсан видеонуудын тоо 2.9 тэрбумд хүрч, үзэлт нь 165.38 тэрбум, лайк дарсан тоо 95.29 тэрбум болсныг мөн танилцуулав.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн энэхүү шинэ сүлжээ нь зөвхөн хүмүүсийг зугаацуулахаас гадна хөгжих, орлогоо нэмэгдүүлэх, олон нийтийн анхааралд асуудлыг үр дүнтэй хүргэх зэрэг олон давуу талыг бий болгож, нийгмийн хүчтэй хэрэгсэл болжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонг Конгийн хөрөнгийн бирж дээрх Kuaishou-ийн хувьцаа 13 нэгж буюу 6%-аар өссөн байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны комисс ба Гадаад оронтой найрамдлаар харилцах Хятадын ард түмний нийгэмлэг Хэбэй мужийн People’s go зэрэг байгууллага хамтран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтыг 2021 оны зургадугаар сарын 2-3-ны хооронд зохион байгуулах гэж байна.

ШХАБ-ын орнуудын хооронд найрсаг хөршийн харилцаа, найрамдлыг төрийн бус дипломат сувгаар бэхжүүлж, эдийн засаг, орон нутгийн үйл ажиллагаа, соёл, боловсрол, залуучууд болон холбоодын хүрээндэх ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжих зорилготой уг форумыг Ухань хотод зохион байгуулах юм. 

Ийнхүү форумыг угтан зохион байгуулж байгаа хэлэлцүүлгүүдийн үеэр тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл солилцох цахим уулзалтууд тавдугаар сарын 17-ноос эхлээд буй юм. Цар тахлаас үүдэн онлайнаар явуулж буй уг хурлын гурав дахь удаагийн цахим уулзалт "Куаишоу дээр илүү сайхан ертөнцийг нээх нь" сэдвээр үргэлжиллээ. 

Тус цахим уулзалт дахин гурван сэдвээр үргэлжлэх юм.