Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мелинда Гэйтс 2019 оноос хойш нөхрөөсөө салах талаар судалж эхэлснийг нэр хүндтэй сэтгүүл мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гэйтс, түүний эхнэр Мелинда нар гэр бүлээ салгах болсныг зарласан билээ.

Тэд 27 жил хамт амьдарч, гурван хүүхдийн эцэг эх болсон юм. Хос хоёр хамтран байгуулсан Bill & Melinda Gates Foundation хүмүүнлэгийн сандаа цаашид үргэлжлүүлэн ажиллах ч нэг гэрт хамт амьдрах боломжгүй болсноо мэдэгдэж байв.

Гэхдээ яг ямар шалтгаанаар салах болсноо тодорхой тайлбарлаагүй юм.

Тэгвэл The Wall Street Journal сэтгүүлд өчигдөр мэдээлснээр Мелинда 2019 оноос хойш гэр бүлээ салгах асуудлаар хуулийн фирмүүдтэй уулзаж, судалж эхэлжээ.

Нөхрийнх нь Жэфри Эпштейнтэй холбоотой тухай баримт нийтэд ил болсон нь ингэх шалтгаан болсныг эх сурвалжууд тус сэтгүүлд мэдээлсэн байна. Уолстритийн санхүүч Жэфри Эпштейн нь элит хүрээнийхэнд өсвөр насны охидыг зуучилж, биеийг нь үнэлүүлдэг нэгэн байсан бөгөөд 2019 оны долдугаар сард баривчлагдаж, насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн мөлжлөгөд ашигласан хэргээр Флорида, Нью Йорк мужуудад шалгагдаж эхэлсэн юм.

Улмаар тэр 2019 оны наймдугаар сарын 10-нд шоронд нас барсан байна. Тухайн үед Эпштейнийг амиа хорлосон гэх албан ёсны шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан ч олон нийт үүнд эргэлзэж байв.

 
Жэфри Эпштейн АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай хамт

Эх сурвалжийн мэдээлснээр Гэйтс, Эпштейн нар 2011 онд анх танилцаж байсан бөгөөд Билл, Мелинда хоёр 2013 оны есдүгээр сард Нью Йорк хотод Эпштейнтэй анх удаа хамт уулзсан юм байна.

Энэ уулзалтын дараа Мелинда нэлээд таагүй сэтгэгдэлтэй үлдэж, нөхрийгөө Эпштейнтэй харилцаатай байдагт бухимдаж буйгаа ойр дотны хэд хэдэн хүнд ярьсныг эх сурвалжууд гэрчилжээ.

Ингээд 2019 оны аравдугаар сард Нью Йорк Таймс сонинд Билл Гэйтс, Жэфри Эпштейн нарын уулзалтын тухай баримт нийтлэгдсэний дараа Мелинда зөвлөхүүд рүүгээ олон удаа залгаж, гэр бүл салгахад туслах хуулийн фирмүүдийг судалж эхэлсэн юм байна.

 

Эх сурвалж: Business Insider