Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол “Цар тахлын үеийн дипломат харилцаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN

УЛААНБААТАР, Монгол Улс - Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2021 оны 5-р сарын 4-нд "Цар тахлын үеийн дипломат харилцаа" сэдэвт сар бүрийн уулзалтаа цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хүндэт илтгэгчээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нар оролцов.

Энэхүү уулзалтад АмЧам Монголын гишүүд, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Австрали, Канад, Их Британи, Умард Ирландын Вант Улсын Элчин сайд нар эзрэг 80 гаруй зочин оролцов.

Монгол болон дэлхийн улс болгонд тулгараад байгаа хамгийн том сорилт бол Ковид-19 цар тахал мөн билээ, хэдий тийм боловч Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон вакцинжуулалтын хөтөлбөр нь энэ асуудлыг түргэн шийдвэрлэнэ гэж итгэж байна. Энэ жил АмЧам Монгол байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ байгууллага нь Монгол, АНУ-ын хооронд бизнес эрхлэх, хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах,  шударга өрсөлдөөн болон бизнесийн үйл ажиллагааг дэмжих гол дуу хоолой болж ирсэн билээ.

 

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга ноён Жей Лиотта нээлтийн үгэндээ хэлэхдээ “Сүүлийн 10 жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлт болон хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж ирсэн чөлөөт эдийн засгийн зах зээлээс ухарч төрийн хяналттай эдийн засаг руу шилжиж байгаа нь ажиглагдаж байна. Монгол Улс гуравдагч хөршүүдтэйгээ эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд хөрш орнуудаасаа хэт хараат байгаа байдлыг хязгаарлах шаардлагатай байна" гэж онцлон тэмдэглэв.

АНУ-ын Элчин сайд Клечески хэлэхдээ бизнесийн салбарын төлөөлөгч болох АмЧам болон бусад байгууллагууд засгийн газартай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлууд болон шийдлүүдийг тодруулах нь нэн чухал гэв. АНУ Ковид-19 цар тахлын хүрээнд буцалтгүй тусламж болгон 4 сая ам долларыг Монгол Улсад хандивлалаа. Дэлхий даяар тархсан цар тахлыг эцэслэхийн тулд дэлхий нийтээрээ нэгдэх нь хичнээн чухал болохыг тодотгож, үүнийг манлайлж удирдах улсуудын нэг бол АНУ мөн гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ноён Блинкен онцлон хэлсэн билээ. Холбогдох төрийн байгууллагаас батлагдсан даруйд 60 сая Астразенека вакцины тунг ойрын хэдэн сарын хугацаанд шаардлагатай улс орнуудад хуваарилахаар төлөвлөж байгаа гэж АНУ-ын засгийн газар мэдэгджээ. Монгол Улс 90,000+ Астразенека вакцины тунг хүлээн авсан байгаа мөн нэмж 47,000+ тун 6-р сард авчрах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн жил АНУ-аас Монгол руу экспортын хэмжээ 38%-иар буурсан бол Монголоос АНУ-руу экспорт талаас илүү хувиаар буурчээ. Дээрхи мэдээлэл нь цар тахал хоёр талын худалдаанд хэрхэн нөлөөлж буйг харуулж байна.

Гадаад харилцааны сайд Батцэцэг хэлэхдээ 2021 оныг дуустал дэлхийн эдийн засагт цар тахал сөрөг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байгаа бөгөөд сэргэлтэд цаг хугацаа шаардагдана гэж мэдэгдэв. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ вакцинжуулалт, эдийн засгийн сэргэлтээс хамаарна. Одоогийн байдлаар Монгол Улсын засгийн газар эхний тунгаар 1 сая гаруй хүнд, хоёр дахь тунгаар хагас сая хүнд вакцин хийсэн байна.

ГХЯ экспортын зөвлөл байгуулах шаардлагатай байгаа бөгөөд анхны уулзалтыг хандивлагч орон, олон улсын байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байна. Тэрбээр Монгол улсын экспортын хөтөлбөр, АНУ-Монгол Улсын хоёр талын хамтын ажиллагаа, бүс нутгийн худалдаа, Ковакс хөтөлбөр, цахим систем, тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй болон төлөвлөсөн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Илтгэгчид оролцогчдын асуултанд хариулснаар энэхүү хэлэлцүүлэг өндөрлөв.


АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.