Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Аймгуудад 11 ширхэг зөөврийн дижитал рентген аппарат хүлээлгэн өглөө

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Коронавируст халдвар болон сүрьеэ өвчний илрүүлэг, хүндрэлийг эрт оношлох, оношилгооны чадамжийг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд нэн шаардлагатай зөөврийн дижитал рентген аппаратыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн 11 байгууллагад өнөөдөр хүлээлгэн өгөв.

"Цаашид орон нутгийн эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна"

 
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Цар тахлын энэ үед орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн ажиллахад тодорхой дэмжлэг болж буй зөөврийн рентгенүүдийг аймгуудад хүлээлгэн өгч байгаад нэн таатай байна.

Цаашид бид орон нутагт үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулан тодорхой шинэчлэл, өөрчлөлтүүдийг бодлогын түвшинд хийж ажиллах бөгөөд эмч, сувилагч эрүүл мэндийн ажилтныхаа нийгмийн асуудлыг ч онцгой анхаарч ажиллана" хэмээн онцлон тэмдэглэв.

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд 26 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг 21 аймаг, ХӨСҮТСХД, Налайх, Багануур дүүрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429, 461 дүгээр хорих ангид тус тус хүлээлгэн өгчээ.

Ийнхүү эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн рентген аппаратыг үе шаттайгаар ханган нийлүүлснээр сүрьеэ өвчин, коронавируст халдвар болон бусад өвчний үеийн хүндрэлийг эрт илрүүлж, халдварын тархалтыг бууруулах төдийгүй эмчилгээний үр дүн, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээг ойртуулан оношийн хожимдол болон зардлыг бууруулах боломжтой болж байна.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Өнөөдрийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа болон АШУҮИС, Арьс өвчин судлалын үндэсний төв, Архангай, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн рентген техникч нар оролцлоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.