Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын эдийн засаг 2021 онд алгуур сэргэх төлөвтэй байна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Гадаад худалдааны нөхцөл таатай байж, экспортын эрэлт нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засаг 2021 онд алгуур сэргэж, харин 2022 онд цар тахлын эрсдэл буурахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт сайжирснаар эдийн засгийн өсөлт хурдсах чиг хандлагатай байна гэж Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас өнөөдөр танилцуулсан шинэ тайланд дурджээ.

Тус банкнаас жил бүр эрхлэн гаргадаг Азийн Хөгжлийн Төлөв эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн энэ жилийн тайланд өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020 оны 5.3%-ийн огцом агшилтаас сэргэж 2021 онд 4.8%-аар, дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээл өсөж, сэргэлт эдийн засгийн салбаруудыг бүрэн хамарснаар 2022 онд 5.7%-аар тус тус өснө гэж төсөөлжээ.  

 
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Монголын эдийн засаг Коронавирусийн (КОВИД-19) цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өссөн боловч цар тахлын сөрөг нөлөөгөөр 2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 11 жилд анх удаа агшлаа. Үүнээс болж иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хамгаалж ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хариу арга хэмжээ нэн яаралтай авах шаардлагатай болсон.

Энэ хүнд цаг үед Монгол Улсын иргэдийн эрүүл мэндэд учрах аюулыг бууруулахын тулд цар тахлын менежментийг илүү үр дүнтэй хэрэгжүүлж, вакцины хангамж, нийлүүлэлтийг яаралтай баталгаажуулах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ Монгол Улс цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалахын тулд бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, улсын төсвийн болон өрийн үзүүлэлтүүдийг сайжруулж тэнцвэртэй байдлыг нь хангах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь чухал” гэв.

Монгол Улсын 2021-2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөв нь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн сэргэлтийн хурдац, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт сэргэлт, хөрөнгө оруулалтын орчин болон хувийн хэвшлийн зээлийн өсөлтөөс ихээхэн хамаарна.

 
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

Хүн амын 60%-ийг вакцинжуулах зорилт хангагдах хүртэл эрүүл мэндийн эрсдэл нь дотоод эрэлт, бизнесийн итгэлд дарамт үүсгэсэн хэвээр байна

Гэвч нийт хүн амын 60%-ийг вакцинжуулах зорилт хангагдах хүртэл эрүүл мэндийн эрсдэл нь дотоод эрэлт, бизнесийн итгэлд дарамт үүсгэсэн хэвээр байх бөгөөд үүний улмаас уул уурхайн бус салбарт сэргэлт харилцан адилгүй, тэнцвэртэй бус байхаар байна.

Харин 2022 онд цар тахлын эрсдэл буурахын хэрээр бизнесийн хүлээлт, эдийн засгийн хандлага илүү сайжрах төлөвтэй.  

Эдийн засаг сэргэж эрэлт өсөх, түлш шатахууны үнэ нэмэгдэх, валютын ханшийн нөлөө импортын барааны үнэд шингэхтэй уялдан дундаж инфляци 2021 онд 6.9%, 2022 онд 8.5% болж өсөн, дунд хугацааны зорилтот 6.0%-ийн түвшнээс хэтрэх эрсдэлтэй байна.   

Уул уурхайн сэргэлтийн нөлөөгөөр машин механизм, тоног төхөөрөмжийн импорт өсөх, гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр түлш, шатахууны импорт нэмэгдэх, дотоод эрэлтийн нөлөөгөөр бараа, үйлчилгээний импорт өсөхтэй холбоотойгоор урсгал тэнцлийн алдагдал 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 8.3%, 2022 онд 10.7%-тай тэнцэх хэмжээнд хүрч өсөхөөр төсөөлөгджээ.

 
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

Эдийн засгийн төлөв байдлыг төсөөлснөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Тухайлбал, вакцинжуулалт удаашрах, КОВИД-19 цар тахлын эдийн засаг дахь сөрөг үр дагавар илүү удаан хугацаанд үргэлжлэх, хөрөнгө оруулалтын орчин улам муудах зэрэг эрсдэл байсаар байна.

Түүнчлэн, эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой аливаа хөтөлбөр, түүний санхүүжилтийн схемийг оновчтой боловсруулж, зөв төлөвлөн хэрэгжүүлэх нь чухал. Эс бөгөөс эдийн засгийн сэргэлтэд сөрөг үр дагавар үүсэж болзошгүйг тайланд онцолжээ.