Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

FACTCHECK: Шадар сайд хоёрдугаар сарын 29-нд хууль хяналтын байгууллагынханд ХӨСҮТ-ийн асуудлаар үүрэг даалгавар өгсөн гэдэг нь ХУДАЛ

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр найман телевизээр зэрэг цацагдсан "Мэдээллийн урсгал" нэвтрүүлэгт оролцож, цар тахалтай хэрхэн тэмцэж байгаа талаараа ярихдаа ХӨСҮТ-тэй холбоотой дараах тайлбарыг хийсэн юм. 

Тэрбээр "Энэ асуудлыг шийдэх ёстой. Би ажлаа аваад гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд мэдээллийг цуглуулах, газар дээр нь очиж танилцах, үнэлэлт дүгнэлт хийх, шаардлагатай арга хэмжээг авах, зохих хяналтыг тавих ажлуудыг хийж байна. Жишээлбэл, хоёрдугаар сарын 29-ний өдөр би цагдаа, хууль хяналтын байгууллагад хандаж, УОК-ын даргын хувьд албан бичгээр хүртэл үүрэг даалгавар өгсөн. 

Үүнтэй тэмцэж чадахгүй бол бид коронатай тэмцэж чадахгүй. Энэ байгаад байвал бид энд суух хэрэг байхгүй" хэмээн хэлэв. 

Гэвч 2021 оны хоёрдугаар сар 28 хоногтой байсан. 

Өндөр жил буюу хоёрдугаар сарын 29-н 2020 онд тохиосон. Дөрвөн жилд нэг удаа тохиодог хоёрдугаар сарын 29-ний өдрийн дараагийн тохиох хугацаа 2024 он.

Тэгэхээр Шадар сайд нэг бол өдрөө андуурч, эсвэл тухайн үедээ сар өдрийг зохиож хэлсэн болж таарч байна. 

Эргэн сануулахад, Шадар сайд С.Амарсайхан гуравдугаар сарын 17-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ ХӨСҮТ-ийн ажилтнууд танил талдаа хуурамч шинжилгээний хариу гаргаж өгч байгаа талаар хэлсэн. Маргааш нь болсон УИХ-ын чуулганы хуралдаанд мөн шинжилгээ сольж авсан ХӨСҮТ-ийн асуудлыг прокурор, цагдаагийн байгууллагын ажлын хэсэг шалгаж байгааг мэдээлсэн. 

Харин Эрүүл мэндийн байгууллагын үйлдвэрчний эвлэлээс Шадар сайдыг энэхүү мэдэгдэлтэйгээ холбоотой тайлбар өгөхийг хүссэн бол Эрүүл мэндийн байгууллагууд, ЭМЯ болон ХӨСҮТ-өөс ийнхүү шинжилгээний хариуг өөрчлөөд суух ёс зүйгүй эмч байхгүй, цар тахлын үед бүгд сэтгэлээ гаргаж ажиллаж байгаа гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.