Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Оттоманы эзэнт гүрний үед армени үндэстний эсрэг геноцид үйлдэгдсэнийг АНУ хүлээн зөвшөөрлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нь 1915 онд Оттоманы эзэнт гүрний нутагт буюу одоогийн Турк улсын нутагт армени үндэстнийг бөөнөөр хядсан аймшигт үйл явдлыг дурсах өдөр байв.

Энэ өдрийг тохиолдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тухайн үед армени үндэстний эсрэг геноцид үйлдэгдсэнийг анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

Турк улс энэ үйл явдлыг “геноцид” гэж нэрлэхийг эрс эсэргүүцдэг. Харин АНУ-ын 49 муж, NATO-гийн гишүүн Франц, Герман, Канад улсууд геноцид болсныг нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.

АНУ-ын холбооны засаг захиргаа олон жилийн турш уг үйл явдлыг “геноцид” гэж нэрлэхээс зайлсхийсээр иржээ.

Тухайлбал АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны энэ өдөр үг хэлэхдээ армени үндэстний аллагыг “20 дугаар зууны хамгийн харгис явдлуудын нэг” гэж тодорхойлж байв.

Оттоманы эзэнт гүрний арми Оросын армид бут ниргүүлсний дараа 1915 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр загалмайн шашинт армени иргэдийг хоморголон устгах ажиллагаа эхэлсэн гэдэг.

Оросын армид ялагдахад арменичуудын урвалт гол нөлөө үзүүлсэн гэж Оттоманы засгийн газар үзсэн нь харгислал эхлэх шалтгаан болж байв.

Хядлага, өлсгөлөн, өвчний улмаас нийт 1.5 сая армени хүн амиа алдсан гэх тоог түүхчид гаргасан нь бий. Гэхдээ Туркийн засгийн газар энэ тоог 300,000 орчим гэж үздэг бөгөөд Оттоманы эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан бусад үндэстнүүдийн нэгэн адил дэлхийн нэгдүгээр дайны хөлд амь үрэгдсэн гэж тайлбарладаг.

Өчигдөр Жо Байден хэлсэн үгэндээ “Бид Оттоманы засаглалын үед Армени үндэстний эсрэг явуулсан геноцид ажиллагаанд амиа алдсан хүмүүсийг санан дурсаж, дахин ийм харгислал гаргахгүйн тулд бүхнийг хийхээ амлаж байна” гэжээ.

Тэрбээр уг үйл явдалд хэн нэгнийг буруутгахаасаа илүү дахин гаргуулахгүй байх нь чухал болохыг онцолсон юм.

1981 онд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган дэлхийн хоёрдугаар дайны Холокостын дурсгалд зориулж үг хэлэхдээ “Арменийн геноцид” гэж нэг удаа дурдаж байжээ.

Үүнээс бусад тохиолдолд АНУ-ын ерөнхийлөгч нар ийм үг хэрэглэхээс зайлсхийсээр ирсэн түүхтэй.

Байдены мэдэгдлийг Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян талархан хүлээж авч, твиттер хуудсандаа “АНУ хүний эрх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалдаг улс болохоо дахин батлан харууллаа” гэж магтан бичжээ.

Харин Турк улсын гадаад хэргийн яам Байдены мэдэгдлийг хүчтэй эсэргүүцэж, ийм алхам хийхэд нь Арменийн радикал үзэлтнүүд, Туркийн эсрэг үзэлтнүүдийн явууллага нөлөөлсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Бас Анкара-Вашингтоны харилцаанд гүн шарх үүсгэж, хоёр орны харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд хохирол учруулж байгааг анхааруулжээ.

 

Эх сурвалж: BBC