ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утсаараа цахилгааны төлбөрөө мэдэх боломжтой

Ж.Отгонмягмар
2013 оны 12 сарын 11
Монголын мэдээ

Иргэд цахилгааны төлбөрийн үлдэгдлээ мэдэхийн тулд заавал хэрэглэгчдэд үйлчлэх төвд очих шаардлагагүй болсон байна. Энэ талаар УБЦТСК-ийн  Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчдийг хүлээн авах танхимийн хэсгийн ахлах мэргэжилтэн Д.Уянгаас тодрууллаа.

-Иргэд цахилгааны төл­бөрийн үлдэгдлээ гар утсаараа шалгах боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Манай компани үйлчилгээ­нийхээ чанарыг боловсронгуй болгож, эрчим хүчний салбарын орчин үеийн үйлчилгээний компани болгохоор олон зүйл хийж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэж, ая тухтай байдлыг нь хангахыг зорьсон, гэрээ эрх зүйн нөхцлийг сайжруулж, төлбөр тооцооны олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа.

Тухайлбал, иргэд цахилгааныхаа төлбөрийг Хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар касс, банкинд төлбөрөө бэлнээр буюу цахим картаар төлдөг байсан бол нэмээд ТҮЦ машинаар, явуулын кассаар, биллинг, и-биллинг, интернет болон мобайл банкаар цахилгааныхаа төлбөрийн тө­лөх бүрэн боломжтой болсон.

Түүнчлэн төлбөрийг үлдэгдлээ 137004 дугаараас мессежээр шалгах үйлчилгээ саяхан нэвтэрсэн ч хандалт ихтэй байна.

-Уг тусгай дугаараас иргэд ямар мэдээллүүдийг авах боломжтой вэ?

Энэ оны хувьд тус компани бүх хэрэглэгчтэйгээ цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулах ажлыг өрнүүлж, өмнөх гэрээгээр шийдэгдэж чадалгүй хэрэг­лэгчийг бухимдуулдаг бай­сан асуудлыг зохицуулах боломжтой болгосон. Энэ үеэр иргэд өөрийн баталгаат утасны дугаараа тэмдэглүүлсэн байгаа. Тиймээс тухайн хэрэглэгчдэд манай компанитай холбоотой бүх төрлийн мэдээллийг хүргэж байгаа.

Тухайлбал, цахилгааны төлөвлөгөөт тасралт, ямар нэгэн урамшууллын үйлчилгээ гэх зэрэг манай компанитай холбоотой бүх мэдээллүүдийг хүргэж байна. Мөн сар бүр тухайн хэрэглэгчийн төлбө­рийн хэмжээ болон хэдний дотор төлөх ёстойг мэдэгдэж байгаа. 

-Хэрэглэгч үлдэгдэл төл­бөрөө 137004 тусгай дугаар руу залгаж шалгах уу?

-Хэрэв хэрэглэгч манайхаас албан ёсоор очих мессэжний өмнө үлдэгдэл төлбөрөө шалгахыг хүсвэл өөрийн дурын дугаараас 137004 дугаарын утсанд хэрэглэгчийнхээ ко­дыг бичээд илгээх хэрэгтэй. Хариуд нь тухайн хэрэглэгчийн төлбөрийн мэдээлэл ирнэ. Тиймээс иргэд хэзээ ч байсан өөрийн төлбөрийг мэдэх боломжтой болсон гэсэн үг. Үнийн хувьд энгийн утасны тарифаар мессэж бичиж байгаа.

Дашрамд дуулгахад, хэрэглэгч, хангагчийн харилцааг шуурхай зохицуулах зорилгоор дууд­лагын төв байгуулсан. Тус төвийн 70047004 утсаар хэрэглэгчид холбогдон өөрийн хүссэн мэдээлэл, лавлагааг авч санал гомдлоо ирүүлж байгаа. Тус төв байгуулагдсантай холбогдуулан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн ажлыг цагийг өдрийн гурван цагаар буюу 08.00 – 21.00 цаг хүртэл сунгаж уртасгасан. Тиймээс иргэд ажлаа тарсаны дараа ч тус төвөөр үйлчлүүлэх боломжтой байгаа. 

-Хэрэв тухайн хэрэглэгч төлбөрөө төлөх хугацаандаа төлөөгүй бол ямар хариуцлага тооцох вэ?

-Иргэд гэрээний шинэчлэ­лийг уншиж танилцсан бол энэ талын мэдээллүүд дэлгэрэнгүй байгаа. Хэрэглэгч сар бүрийн төлбөр төлөх хугацаандаа төлбөрөө төлөөгүй хоцорч төлсөн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож авах болно.

Дашрамд дуулгахад, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 43 дугаар заалтад байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусган, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна гэж заасан байдаг.

Тиймээс хэн нэгнээс байр, орон сууц, хашаа, газрыг худалдан авч байгаа өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуучин хэрэглэгчээс өр төлбөргүй гэсэн тодорхойлолтыг шаардаж хэрэгтэй. Уг тодорхойлолтыг шаардаагүйгээс болж шинээр өмчлөгч нь эрчим хүчний өрийг төлж, барагдуулах зэргээр хохирох тохиолдол их байдаг.

Зураг