Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улсын тамирчид маргааш эхлэх Ази, Номхон далайн орнуудын жүдо бөхийн АШТ-д оролцох боломжгүй болсон"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Манай улсын тамирчинаас коронавирусийн халдвар илэрсэн тул Киргизистаны Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй болсон байна.

Энэ талаар "Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээнд оролцохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хилийн чанадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байр эзэлсэн билээ.

Гэвч Ташкентын Гранд Сламын дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэлийг хийсэн. Энэ үеэр манай шигшээ багийн зарим тамирчинаас коронавирусийн халдвар илэрч, Тбилисийн Гранд Сламд бүтэн багаараа оролцож чадаагүй. Улмаар коронавирусийн халдвар илэрээгүй шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцож хоёр алт, хоёр хүрэл медальтайгаар багаараа гуравдугаар байр эзэлж тэмцээнээ өндөрлүүлсэн.

Тбилист манай 5 тамирчинд тэмцээний өмнөх өдөр короновирусийн халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой  шинж тэмдэггүй хэвийн байгаа аж. Улмаар короновирусийн халдвар илэрсэн манай баг Антальягийн Гранд Сламыг өнжөөд Киргизистаны Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байв.

Гэсэн ч дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлаас болж, манай тамирчид маргааш эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Учир нь манай шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. 

Манай шигшээ багийнхны хувьд “Токио 2020” олимпын эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ-үүд хүлээж байна" гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдэгджээ.