ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 46 цэгт 128 багийн 923 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллан нийслэл хот болон Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Төв аймагт дархлаажуулалтыг зохион байгууллаа.
Өчигдөр 10,000 гаруй хүн хамрагдсанаар улсын хэмжээнд вакцин хийлгэвэл зохих хүн амынхаа 17.8% буюу 346,745 иргэнийг хамруулаад байна. Вакцин хийлгэсэн хүмүүст ноцтой хариу урвал илрээгүй. Вероселл вакцин хийлгэсэн хүмүүсийн 14%-д ерөнхий түгээмэл хариу урвал илэрч байна. Харин Prifer вакцин хийлгэсэн хүмүүсийн 5%-д бие эвгүйрэх, халуурах зэрэг ерөнхий түгээмэл хариу урвал илэрч байгаа юм.
Насны бүлгээр авч үзвэл 50-аас дээш насны 245 мянган иргэн байгаагийн 124 мянга нь буюу 50% нь вакцинаа хийлгэжээ. Өнөөдөр болон маргааш 50-аас дээш насны иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Түүнээс цааш бусад насны бүлгийн иргэдийг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа" гэлээ.
Мөн ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "50-аас дээш насныхан гэдэгт 65 ба түүнээс дээш насныхан ч хамаарах тул вакциндаа идэвхтэй хамрагдаж, эрсдэлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаална уу" гэсэн юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!