АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв өчигдөр гаргасан зөвлөмждөө коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг тариулсан иргэдэд улс дотор чөлөөтэй аялахыг зөвшөөрчээ.
Үүнээс өмнө дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байсан ч гадаад, дотоодын чиглэлд аялахыг нь хориглож байсан юм. Шинэ зөвлөмжийн дагуу бүрэн дархлаажсан иргэд дотоодын аялалаас ирээд өөрийгөө тусгаарлах шаардлагагүй, мөн очих газар нь шаардахгүй бол онгоцонд суухаас өмнө шинжилгээ өгөх хэрэггүй болжээ.
Харин гадаадад аялсан иргэд АНУ руу буцаж ирэхээсээ өмнө болон ирснийхээ дараа шинжилгээ өгөх журам хэвээр үлдсэн байна. Гэхдээ гадаадаас ирсний дараа тусгаарлагдах шаардлагагүй болжээ.
Үүнээс гадна бүрэн дархлаажсан иргэд амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих дэглэмийг мөрдсөн хэвээр байх ёстойг сануулсан байна. Харин дотоод орчинд цуглахдаа амны хаалт зүүхгүй байхыг өнгөрсөн сараас эхлэн зөвшөөрсөн юм.
АНУ-д Pfizer/BioNTech болон Moderna вакцины хоёр дахь тун, Johnson & Johnson вакцины нэг тунг тариулснаас хойш хоёр долоо хоногийн дараа бүрэн дархлаа тогтсонд тооцож байгаа ажээ.
Эх сурвалж: The Verge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|