Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали Улсад ирэх хүсэлтэй хүмүүст өгөх МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ ЗӨВЛӨГӨӨ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн буландаа бид Австрали улсын виз цагаачлалын зөвлөх, хуульч Оюунчимэгийг урьж оролцуулан, Австрали улсад ажиллаж амьдрах боломж олгодог ямар ямар виз байдаг талаар уншигчиддаа мэдээлэл хүргэхийг зорилоо.

-Сүүлийн үед манай залуучууд Австрали руу их явах болсон. Зарим хүмүүс хоёрдахь Солонгос болсон гэж ёжилж ярьдаг. Тэгэхээр Австралируу хүмүүс ямар визээр гарч байна вэ?

-Австрали улс нь Америк, Канад зэрэг улс шиг цагаачлал дээр суурилсан улс. Тиймээс “Migration Program” буюу Цагаачлалын хөтөлбөр нь нийгэм, эдийн засгийн нэг чухал ач холбогдолтой хөтөлбөр байдаг бөгөөд жил бүрийн төсвийн бодлогодоо виз, цагаачлалын асуудлыг оруулж баталж өгдөг.  

Нэг ёсондоо цагаачлалын хөтөлбөр нь хүн амаа өсгөх, мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тэнцвэржүүлж өгөх гэсэн хоёр үндсэн үүрэгтэй байдаг.

Тухайлбал 2012-2019 оны хооронд Австрали улс жил бүр 190,000 цагаач буюу байнгын визтэй хүмүүс оруулж ирж байсан. 2019-2020 цагаачлалын жил энэ тоог 160,000 болгон бууруулж, цагаачдын шилжих хөдөлгөөнийг бүс нутаг руу  чиглүүлэх зорилготой өөрчлөлтүүдийг хуулиндаа оруулсан юм.

Энэ нь Австралийн хоёр том хот болох Сидней, Мельбурн руу чиглэсэн цагаачлалын урсгалаас болж эдгээр хотод үүссэн хүн амын нягтралыг задлах зорилготой арга хэмжээ байсан. 2016 оны статистикийн үзүүлэлтээс харахад нийт цагаачдын (байнгын оршин суух виз авсан хүмүүсийн) 85% нь эдгээр хотод сууршсан байдаг.

Зөвхөн цагаачлалын таатай бодлого хэрэгжүүлдэг гэдгээрээ бус амьдралын хэв маяг, дулаахан цаг агаар, өндөр цалин хөлс зэрэг үзүүлэлтээрээ Австрали улс нь амьдрахад хамгийн таатай орнуудын нэг бөгөөд олон орны залуучууд энэ улсад ирж, сурч амьдарч ажиллахыг хүсдэг. Тиймээс ч Монголчууд сүүлийн үед Австрали улсыг их сонирхож, Австрали улсыг зорих болсон.

Манай Монголчуудын виз гаралтын талаарх нарийн статистик мэдээг хэлэх боломжгүй байна. Гэхдээ Австрали улсад ирж байгаа Монголчуудын бараг 90% нь оюутны визээр ирж суралцаж байгаа хүмүүс байдаг гэхэд хилсдэхгүй болов уу.

Австрали улсын оюутны визний нэг онцлог нь гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломж олгодог явдал юм. Ирсэн оюутнууд маань хэлний курсад 1-2 жил сураад коллеж, их сургуульд бас 1-2 жил сураад эсвэл төгсөгчийн хоёр жилийн виз авах, эсвэл төгсөгчийн виз авах боломжгүй хүмүүсийн хувьд гэр бүлийн хүн нь зөрж сурах байдлаар дунджаар 5-6 жил Австрали улсад амьдардаг.

-Монголчууд яагаад оюутны визээр их очиж байна вэ. Өөр виз тухайлбал, тэр байнгын оршин суух виз авах боломж манай монголчуудын хувьд байдаг уу. Америкийн ногоон карт гэдэг шиг Австрали улсад удаан хугацаагаар амьдрах эрх олгодог визний талаар хэлж өгөөч?

-Манай монголчуудын хувьд яагаад дандаа оюутны визээр ирдэг вэ гэдэг нь хоёр талтай.

Нэгдүгээрт, оюутны виз нь Австрали улсад хөл тавих боломж олгож байгаа виз. Энэ бол өөр хэнээс ч шалтгаалахгүй, сургуулийнхаа элсэлтийн шаардлагыг хангасан, төлбөрөө төлөх чадвартайгаа нотлож чадсан ямар ч хүн авчих боломжтой виз юм. Бас гэр бүлийн хүмүүсээ дагалдангаар авчрах, ажил хийх эрхтэй байх зэрэг олон давуу тал оюутны виз авснаар бий болно. Тиймээс бусад визтэй харьцуулахад хамгийн амарханаар авч болох ийм виз байгаа.

Нөгөөтэйгүүр, Монголд байгаа хүмүүс Америкийн ногоон карт гэдэг шиг хугацаагүйгээр Австрали улсад үргэлжлүүлэн амьдрах эрх олгодог визний талаар ямар ч ойлголтгүй байдаг. Ийм эрхтэй визийг байнгын оршин суух виз буюу Permanent Resident виз гэж нэрлэдэг.  Байнгын оршин суух визийг авах  нилээн олон нөхцөл байгаа.

Жишээлбэл, Австрали улсын иргэн болон байнга оршин суугч хүнтэй гэр бүл болсон бол, мөн Австрали улсын компани, байгууллагаас ажлын спонсорын виз авсан бол ийм виз авах боломжтой. Тухайн хүнээс өөрөөс нь хамааралтай байнга оршин суух виз байдаг нь онооны ур чадварын виз бөгөөд Австрали улсад эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшсэн, ур чадварын үзүүлэлтээрээ өндөр оноо авч чадах хүмүүс бас байнга оршин суух виз авдаг.

Австрали улсын ажлын спонсорын виз, ур чадварын визийг авахын тулд ерөнхийдөө гурван үндсэн нөхцлийг хангасан байх ёстой.

Эхний нөхцөл нь, та өндөр түвшний англи хэлний мэдлэгтэй байх ёстой. Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоохын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IELTS, TOEFL гэх зэрэг шалгалтуудыг өгсөн байхыг виз мэдүүлэгчээс шаарддаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг IELTS шалгалтын хувьд виз мэдүүлэгч дор хаяж 6 оноо шалгалтын 4 төрөл тус бүр дээр авсан байх ёстой байдаг.

Дараагийн нөхцөл нь, та Австрали улсад нэн шаардлагатай байгаа мэргэжлийг эзэмшсэн байх хэрэгтэй. Нэн шаардлагатай мэргэжлийн 3 жагсаалт байдаг. Урт болон дунд хугацааны нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалт, богино хугацааны нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалт, орон нутгийн нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалт гэсэн 3 мэргэжлийн жагсаалт байгаа. Эдгээр мэргэжлийн жагсаалтад эмч, сувилагч, инженерээс эхлээд мужаан, сантехникч зэрэг маш олон төрлийн мэргэжлүүд багтсан байдаг. Хэрэв таны мэргэжил урт болон дунд хугацааны нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтанд байгаа бол илүү давуу тал болно.

Сүүлийн нөхцөл нь, та өөрийнхөө мэргэжлээр тодорхой хугацаагаар ажилласан ажлын туршлагатай байвал зохино. Мэргэжил бүрт тавигдах шаардлага нь өөр өөр байдаг. Мөн тухайн мэдүүлэх виз нь ажлын виз үү, онооны виз үү гэдгээс хамаараад энэ гурван нөхцөл  шаардлага нь бага зэрэг өөр өөр байдаг.

Ажлын виз нь Австрали улсын байгууллага, компаниас ажлын санал авсан тохиолдолд авах боломжтой виз юм. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан 3 шаардлагыг хангасан хүн Австрали улсын байгууллага, компаниас ажлын санал авсан тохиолдолд энэ визийг авч болно гэсэн үг.

Тухайлбал, Монголдоо инженер, эдийн засагч, нягтлан хийж байсан залуучууд барилгын компаниас мужаан, сантехникч, гагнуурчин, зураг төсөл бэлтгэгч зэрэг мэргэжлээр спонсорын виз авч жилд 70,000 – 85,000 австрали доллар хүртэлх цалинтай ажилд орж байна.

Мөн компьютерийн инженер (програм хангамжийн инженер, системийн инженер), барилгын инженер, холбооны инженер мэргэжлээр ажиллаж, ажлын виз авсан залуучууд байдаг. Хамгийн гол нь цалин биш, PR виз авах боломж нь чухал юм.

Манай монголчуудын Англи хэлний түвшин бага байдаг нь оноонд суурилсан ур чадварын визэнд өрсөлдөхөд тээг тушаа болж байгаа. Онооны виз гэж юу яриад байна вэ гэхээр Австрали Улс нь ур чадварын визийг олгохдоо виз мэдүүлэгчийн ур чадварыг олон төрлийн үзүүлэлтээр шинжиж, тухайн мэргэжил дээр хамгийн өндөр оноо авсан хүнд визэнд орох урилга өгдөг.

Уг виз нь ажлын визнээс юугаараа ялгаатай вэ гэхээр танд ажлын санал ирсэн байх шаардлагагүй, харин ур чадварын визний босго оноо, зарим тохиолдолд түүнээс өндөр оноо авсан байх шаардлагатай. Одоогоор ур чадварын визний босго оноо 65, гэхдээ мэргэжлээсээ шалтгаалаад зарим тохиолдолд 75, 85, 100 оноо авч байж, виз мэдүүлэх эрх авах тохиолдол байдаг.

Манай залуучуудын хувьд зөвхөн өөрийн мэргэжлээр төдийгүй, өндөр цалинтай өөр мэргэжлээр ажлын спонсорын виз авах тохиолдол элбэг байдаг.

Тиймээс би Монгол үйлчлүүлэгчиддээ Австрали Улсад ирээд аль болох хурдан хугацаанд нэн шаардлагатай мэргэжлийн ажил олж хий, хууль ёсны дагуу татвараа төл, тогтвор суурьшилтай ажиллаад ажлын тодорхойлолт гаргуулах боломжтой бай гэж хэлдэг. Над дээр маш олон монгол залуус ирдэг, барилга дээр болон оффист ажилладаг, гэхдээ цалин авч байснаа нотлох боломжгүй, ажлын тодорхойлолт гаргуулах боломжгүй гэдэг.

Хэчнээн сайн мэргэжилтэй, туршлагатай байлаа гээд түүнийгээ нотолж чадахгүй бол визэнд орж чадахгүй гэсэн үг. Тиймээс цаашид Австрали улсад ажиллаж, ажлын виз мэдүүлэх, онооны виз мэдүүлэх хүсэлтэй хүмүүст хэлэхэд хууль ёсны дагуу ажиллаад түүхээ үүсгэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Та өөрийгөө болон агентлагаа танилцуулахгүй юу. Австрали улсын албан ёсны эрхтэй виз цагаачлалын зөвлөх гэж ямар хүнийг хэлдэг вэ. Энгийн визны зөвлөгөө өгдөг хүнээс юугаараа ялгаатай вэ. Монголын зах зээлд боловсрол зуучлал, виз цагаачлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа агентлагууд олон байдаг байх. Танайх юугаараа онцлог вэ?

-Миний хувьд хуучин Зөвлөлт Холбоот Улсыг бутрахаас өмнөхөн Орос улсад сурахаар очсон Монголчуудын нэг бөгөөд өөрийгөө азтайд тооцдог. Намайг Ивановын Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгсөөд эргэж ирэхэд Монголын нийгэм үндсээрээ өөрчлөгдсөн байлаа.

Орост сургуульд төгссөн байх, дипломтой байх нь тийм хэрэгцээтэй зүйл биш болсон байсан. Тиймээс би тэр үеийн олон сэхээтний адилаар аль болох хурдан дасан зохицож, шинэ орчин, шинэ үетэйгээ зохицох шаардлагатай болсон. Тиймээс би англи хэл сурч, англи хэлтэй оронд сурах тэтгэлэгүүдийн талаар судлаж эхэлсэн. Үүний үр дүнд 2002 онд Австрали Улсад анх хөл тавьж, Австралийн Бондын Их сургуулийг хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй төгссөн.

18 настайдаа анх энэ мэргэжлийг сонгосноосоо хойш тасралтгүй сурч боловсорч, ажиллаж, дотоод, гадаадын компани, бизнесийн байгууллагуудад хуулийн зөвлөгөө өгч ирсэн. Харин 2017 онд Австрали улсын виз цагаачлалын зөвлөгөө өгөх эрхийг авч, түүнээс хойш Австрали дахь монголчуудад төдийгүй бусад орны хүмүүсд цагаачлалын визны зөвлөгөө өгөх, виз мэдүүлэх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Австрали улсад виз цагаачлалын зөвлөх эрхийг авсан Монгол хүн надтай нийлээд хоёр байгаа. Австрали улсад визний зөвлөгөө өгөх эрхийг албан ёсоор авсан зөвлөхүүдээс өөр хүмүүс визний зөвлөгөө өгөх, зар сурталчилгаа явуулахыг хуулиараа хориглодог. Энэ нь визний үйлчилгээ авч байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд үнэн зөв мэдээлэл олгох, мэргэжлийн стандарт, чанарын хяналт тавих зэрэг зорилготой арга хэмжээ юм
 

Виз цагаачлалын албан ёсны зөвлөхүүд нь Австрали улсын виз, цагаачлалын хуулиар мэргэшиж, мэдлэгээ дээшлүүлэх сургалт семинарт тогтмол хамрагдаж байдаг тул аливаа визний өөрчлөлт, шинээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдээллийг хамгийн түрүүнд авч, үйлчлүүлэгчдэдээ зөв тайлбарлаж, зөвлөж чаддаг. Тиймээс зөвлөгөө өгөх эрхгүй  хүнээс визний талаар мэдээлэл авах, албан ёсны виз цагаачлалын зөвлөхөөс зөвлөгөө авахын ялгаа эндээс харагдах байх аа.

Мөн виз цагаачлалын албан ёсны зөвлөхүүд нь ёс зүй, сахилга батын хариуцлага мэргэжлийн байгууллагын өмнө хүлээж байдаг тул ийм хүмүүсээс визний үйлчилгээ авснаар виз нь дуусаад Австрали Улсаас гараад олдохгүй болчихно, худал мэдээлэл өгч, хуурахвий гэж санаа зовохгүй, сэтгэл амар байж болно.

Монголын зах зээлд боловсрол зуучлалын үйл ажиллагаа явуулдаг маш олон агентлаг байгаа. Албан бус мэдээгээр 100 гаруй агентлаг, хувь хүмүүс байдаг гэж ярьдаг. Гэхдээ яг виз, цагаачлалын чиглэлээр дагнан мэргэшсэн манайх шиг агентлаг байхгүй байх. Монголчуудын хувьд Монгол зөвлөх, хуульчаар үйлчлүүлэхийн давуу тал нь мэдээж ямар ч хэлний болон соёлын холбоотой үл ойлголцол үүсэхгүй, мөн бичиг баримт боловсруулах бүрдүүлэх тал дээр алдаа гарах магадлал бага байна.

Нэг жишээ дурдахад, гадаад зөвлөхөөр гэр бүлийн визээ мэдүүлээд татгалзсан хариу авсан Монгол эмэгтэй уйлаад хандаж байсан юм. Учир нь Гэрлэлтийн гэрчилгээг нь “Marriage certificate” гэж орчуулаагүй үүний оронд “Монголд бүртгүүлсэн харилцааны гэрчилгээ” буюу “Mongolian Registered Relationship certificate” гэж орчуулсанаас болоод виз татгалзсан байсан.

Австрали улсад хурим хийж гэрлэх нэг өөр, бас хурим хийхгүйгээр зөвхөн хамтран амьдрагчийн харилцаагаа батлуулах гэсэн өөр өөр ойлголтууд байдаг. Гэтэл гадаад хуульч нь иргэний бүртгэлд бүртгүүлсэнийг нь гэрлэлт биш, хамтран амьдрагчийн бүртгэл гэж ойлгоод виз мэдүүлсэнээс виз нь татгалзсан харамсалтай тохиолдол гарсан.

Бас нэг өөрийн туршлагатайгаа холбогдуулж хэлэх давуу тал нь виз цагаачлалын зөвлөгөө өгөх, визний үйлчилгээ үзүүлэх гэдэг бол хууль зүйн үйлчилгээ үзүүлэхээс их ялгаа байхгүй, энэ ажил хуулийг хэрэглэх, тайлбарлах ур чадвар шаардана. Тиймээс хуулийн чиглэлээр төгссөн, ажиллаж байсан хүмүүст энэ ажилд илүү дөхөмтэй хялбар байдаг. 

Нөгөөтээгүүр, бизнесийн виз, жижиг бизнес эрхлэх ур чадварын виз мэдүүлэх зэрэг тохиолдолд тухайн бизнесийг эрхлэхэд ямар зөвшөөрөл  авах хэрэгтэй, бизнес худалдах худалдан авах гэрээн дээр юу тусгах хэрэгтэй байдаг талаар заавал тусгайлан хуульч авахгүйгээр зөвлөгөө өгөх боломжтой. Мэдээж бас маш ээдрээтэй хуулийн асуудал байгаа бол мэргэшсэн хуульчаас зөвлөгөө авахыг зөвлөдөг. Тухайлбал, Австрали улсад патентаа бүртгүүлэх гэж байгаа үйлчлүүлэгчийн хувьд оюуны өмчөөр мэргэшсэн хуульчид хандах хэрэгтэй.

Дараагийн нэг давуу тал гэвэл 100 хувь монгол хүн эзэмшдэг, ямар ч гадны хүмүүсийн оролцоогүй гэдгээрээ манай агентлаг онцлогтой байх болов уу. Манай Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа ихэнх агентлагууд нь Малайз, Хятад, Непал, Солонгос эзэнтэй агентлагууд байдаг. Мэдээж аль ч улсын иргэн, байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж болно.

Гэхдээ монгол хүний хувьд би үйл ажиллагаанаас олсон ашиг орлогын тодорхой хувийг эргээд Монголдоо зарцуулах юмсан, олон олон Монгол залуучуудыг Австрали улсад ирэх боломж олгох юмсан гэж мөрөөддөг. Тиймээс миний нэг хүсэл бол Монголын нийгэмд чиглэсэн зүйлүүд хийнэ гэж бодож байгаа.

Бас нэг зүйл нэмж хэлэхэд манай агентлаг нь энэ жилээс эхлэн Айвоулд (iWorld) Монголиа агентлагтай хамтран Монгол залуучууддаа виз цагаачлал, сургалт зуучлалын цогц үйлчилгээ үзүүлэхээр болсон. Цогц үйлчилгээ гэдэг нь тухайн хүний мэдлэг туршлага дээр нь үндэслэн өөрт нь таарсан сургалтанд зуучлахын зэрэгцээ тухайн хүнд байнгын оршин суух виз авах талаар төлөвлөгөө гаргаж, биелэлтийг нь хянаад явах ийм үйлчилгээ. Гэхдээ энэ бол анх удаагаа Австрали улсад ирж байгаа оюутнуудад илүү хэрэгтэй үйлчилгээ байх болов уу гэж бодож байна.

-КОВИД-19-ээс болоод Австралийн цагаачлалын хөтөлбөрт ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-КОВИД-19 бид бүхний амьдралыг үндсээр нь өөрчилж байна. Ялангуяа Австрали улс шиг виз цагаачлалын том хөтөлбөр хэрэгжүүлдэг, эдийн засаг нь олон улсын оюутны зах зээл,  аялал зуучлал, гадаадын ажиллах хүчнээс тодорхой хэмжээгээр хамааралтай улсын хувьд КОВИД-19 бол цочролд оруулсан ийм үйл явдал болж байна.

Энэ өөрчлөлтүүдийн талаар ярих юм бол нэлээд урт яриа болох байх. Тиймээс би гол онцлогуудыг дурдъя гэж бодож байна. Өмнө би 2019- 2020 оны цагаачлалын хөтөлбөрийн квот 160,000 байсан гэж ярьсан. Энэ бол КОВИД-19 гарахаас өмнөх жил. Тэгвэл энэ тоог 2020 - 2021 онд хэвээр үлдээсэн.

Коронавирусийн халдвар гэх энэ дэлхий нийтийг хамарсан энэ тахлаас хүн амаа урьдчилан сэргийлэх, тахлын хүрээг хумих зорилгоор Австрали Улс нь 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хилээ хаасан бөгөөд одоог хүртэл өөрийн иргэд, байнгын оршин суугчид, тэдгээрийн ойрын гэр бүлийн гишүүдээс бусад хүмүүсийг нэвтрүүлэхгүй байгаа. Ийм хил хаалттай байгаа үед урьдын адил 160,000 тооны цагаачдыг авна гэж төлөвлөж байгаа нь цагаачдад болон энэ хөтөлбөрт ямар өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж хэлж болно.

Гэхдээ цагаачдын квот буюу байнгын оршин суугч визний тоо хэвээрээ байгаа хэдий ч доторх хөтөлбөрүүдийн хуваарилалт нилээд өөрчлөгдсөн. Тухайлбал, Гоц авъяастны визний хөтөлбөрийн квотыг огцом буюу гурав дахин нэмэгдүүлсэн бол оюутнуудын сайн мэдэх оноонд суурилсан ур чадварын визний хөтөлбөрийн квотыг 60%-аар бууруулсан байгаа.

Мөн бизнес, хөрөнгө оруулалтын визний хөтөлбөрийн квотыг хоёрр дахин нэмсэн байгаа. Энэ бүхэн юу хэлж байна вэ гэвэл КОВИД-19-оос үүдсэн эдийн засгийн хямралыг давж гарахын тулд Австрали улс виз цагаачлалын бодлоготоо өөрчлөлт оруулах нь ээ.

-Таны ярианаас нэг зүйл ажиглахад та бас зүгээр визний зөвлөгөө өгөөд, виз мэдүүлдэг хүн биш юм байна. Мэргэжилтний хувьд Австралийн виз цагаачлалын хуулийг анхааралтай ажиглаж, прогноз хийдэг байх нь гэж бодлоо. Тэгэхээр та өндөр хөгжилтэй орнуудад яагаад залуучууд их яваад байна вэ, энэ орнууд ажиллах хүч гаднаас авсаар байх юм уу? Энэ тал дээр санал бодлоо хуваалцаач.

-Миний дуртай сэдэв хөндөж ярьж байгаад баярлалаа. Би өөрөө бас судлаач хүн. Төрийн гэрээ буюу олон улсын гэрээний эрх зүйн асуудлаар Бондын их сургуульд судалгаа хийж, хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж байсан. Тэгэхээр би зөвхөн хуулийг уншиж судлаад хэрэглэх биш, харьцуулалт хийх, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зэргээр судлаачийн нүдээр гярхай ажиглалт хийдэг.

Тэгэхээр миний харж байгаагаар КОВИД-19 бол их зүйлийг өөрчилнө. Түүхээс харахад Дэлхийн 1, 2 дугаар дайны дараа улс орнууд дайнаар сүйрсэн эдийн засгаа сэргээн босгох ажилд яаравчлан орж, юуны түрүүнд олон улсын худалдааг хөнгөвчлөх бодлого хэрэгжүүлсэн. Үүний жишээ нь бидний сайн мэдэх ГАТТ буюу Дэлхийн Худалдааны Байгууллагаас баталсан Тариф Худалдааны Ерөнхий хэлэлцээр. Энэ хэлэлцээрийн үр дүнд энэхүү хэлэлцээрт нэгдэж орсон орнуудад бараа үйлчилгээг чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой болсон. Ингэснээр бүтээгдэхүүний өртөг багасах, ажлын байр нэмэгдэх, айл өрхийн орлого сайжрах, эцсийн дүнд эдийн засаг сэргэх нөхцөл бүрдсэн.

Түүнтэй нэг адил өндөр хөгжилтэй орнууд өндөр ур чадвартай, гоц мэдлэгтэй, авъяаслаг хүмүүсийг татах бодлого явуулаад эхэллээ. Зөвхөн өндөр ур чадвартай мэргэжилтнээр тогтохгүй, бас ферм дээр ажиллах, боловсруулах үйлдвэрт ажиллах хүчний хомсдол бий болох нь дамжиггүй.

Дэлхийн 2 дугаар дайны дараа Олон улсын худалдааг хөнгөвчилж байсан шиг улс үндэс дамнан ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх боломжийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийг чөлөөлнө.

Энэ ажил нь мэдээж үе шаттайгаар хэрэгжих байх. Тухайлбал, Австрали улс үндэс дамнасан компаниудыг ажилтнаа чөлөөтэй нэг улсаас нөгөө улсад ажиллах боломжоор хангах үүднээс “Intra-company transfer work visa” буюу ажилтан солилцох визийг батлах талаар бодлогын түвшинд яриад эхэлсэн. Тиймээс дэлхийн хэмжээнд боловсорсон, хаана ч ажиллах ур чадвартай байх юм бол манай залуучуудад гадаад орнуудад мэргэжлээрээ ажиллах боломжууд удахгүй бий болох байх аа.

-Та цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Австрали Улсыг зорихоор бэлдэж буй монгол залуучууддаа хандаж та юу хэлмээр байна вэ? Та манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юу.

-Австрали улсад дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд ирж суралцдаг. Статистикийн мэдээгээр жилд 500 гаруй мянган хүн оюутны визээр Австрали улсад амьдардаг гэсэн тоо байдаг (Ковидоос өмнө). Эдгээр оюутнуудын олонх нь ялангуяа Энэтхэг, Хятад зэрэг хүн ам ихтэй орнууд мөн Непал, Пакистан, Филиппин зэрэг амьжиргаа түвшин доогуур орнуудаас ирсэн оюутнуудын гол зорилго нь Австрали улсад зөвхөн суралцах биш, энэ улсад ажиллаж амьжиргаагаа дээшлүүлэх, PR виз авч үлдэх гэсэн хүсэл байдаг. Эдгээр хүмүүсийн зарим нь иргэншил авдаг. Харин өөрийн гарал үүслээ хадгалах, иргэншлээ солих хүсэлгүй над шиг зарим хүмүүсийн хувьд хоёр нутагтан болж, чөлөөтэй зорьчоод, ажил хөдөлмөр эрхлээд яваад байж болно.

Ийм улсуудаас ирж байгаа оюутнуудыг харж байхад боловсролын зөвлөхтэй эхлэж уулзахаасаа өмнө виз цагаачлалын албан ёсны зөвлөх хүнтэй эхэлж уулзан, байнгын оршин суугчийн виз авах боломжийн талаар төлөвлөгөө гаргуулдаг. Энэтхэг, Филиппин оюутнууд бол виз, цагаачлалын зөвлөхгүй (migration agent) агентлагаар үйлчлүүлдэггүй. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа боловсрол зуучлалын агентлагуудын дийлэнх нь өөрийн виз, цагаачлалын зөвлөх байхгүй.

Ихэнх оюутнууд маань ямар ч төлөвлөгөөгүй ирээд хаа тааралдсан хямд гэсэн курсүүдийг түүж сураад 4, 5 жилийн дараа Австрали улсад үлдэх хүсэл байв ч цаашаагаа ямар ч гарцгүй болсон байдаг тул Австрали улсаас гарч явах болдог.
 

Тиймээс манай Гаруда магрейшн (Garuda Migration) агентлаг Айвоулд (Iworld) Монголиа агентлагтай хамтран Монгол залуучууддаа виз цагаачлал, сургалт зуучлалын цогц үйлчилгээ үзүүлэхээр болсон. Айвоулд (iWorld) олон улсын боловсролын агентлаг нь 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Австрали улсын ихэнх их дээд сургуулиуд, коллежуудтай хамтран ажилладаг тул та өөрийн сонирхсон бүх сургууль, курсуудын талаар мэдээлэл авч, сургалтанд зуучлуулах бүрэн боломжтой.

Та бүхэн манай Сидней хотдох оффист болон Айвоулд (Iworld) Монголиа агентлагийн Монголдох оффист ирж мэдээлэл авч болно. Ялангуяа, бидний энэ үйлчилгээ Австрали улсад бакалавр, магистрын хөтөлбөрт ирж суралцах хүмүүст илүү ач холбогдолтой байх юм. Та бүхэн манай оффис дээр ирж уулзаж зөвлөгөө аваарай.

Гаруда Майгрешн/Айвоулд (Iworld) Монголиа агентлагатай холбоо барих:

Австрали дахь хаяг:

Монгол дахь хаяг: 

  • Багшийн Дээд сургуулийн замын эсрэг талд байрлах UBH төвийн 9 давхрын 910 тоот
  • Фэйсбүүк хаяг: Iworld Mongolia
  • Утас: 7711 9353
  • Имэйл: ana@iworldstudy.com