Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-нд хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах нь тухайн цэцэрлэг, сургуулийн асуудал"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амрах ёстой хугацаанд хичээл сургалтыг үргэлжлүүлэхээр болсон.

Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "2020-2021 оны хичээлийн жилийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүтцээр сурагчид гурван улирлын турш хичээллэх ёстой.

Нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хичээллэсэн. Харин хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн ба энэ сарын 29-нөөс амрах албан ёсны хуваарьтай байгаа. 

Гуравдугаар сарын 1-нээс хөдөө, орон нутагт танхимын сургалт эхэлсэн. Дөнгөж дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байна. Дөрвөн долоо хоног хичээллээд нэг долоо хоног амарч, гэр оронд нь буцаах, хичээл сургалтын үйл ажиллагаа завсардах нөхцөл үүсэж байгаа тул орон нутгаас гарч буй саналд үндэслэн улирлын амралтын хугацаанд танхимын сургалтыг үргэлжлүүлэх, нийслэлд зайн сургалтыг зохион байгуулах хувилбар гаргасан.

Албан ёсоор хэлэхэд, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, улирлын амралтыг цуцлаагүй. Гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-н хүртэлх хугацаа нь сурагчдын амралт тул танхимын сургалтыг яаж үргэлжлүүлэх, зайн сургалтаа хэрхэн зохион байгуулах нь тухай сургууль, цэцэрлэгийн асуудал.

Энэ хугацаанд одоогийн хэлбэрээрээ сургалт үргэлжлэх үү, хичээлийн тоог өөрчлөх үү зэргийг тухайн орон нутаг нь шийднэ. Харин өндөр ачаалал авч буй хувийн хэвшлийн сургуулиудын тухайд өөр зохицуулалт хийх боломжтой.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын өмнөх тушаалуудад хэрэв цахим хичээл зохион байгуулж байгаа бол теле хичээлийг дагах шаардлагагүй, теле хичээлийг үзэж байгаа бол давхар цахим хичээлийг зохион байгуулах шаардлагагүй. Хүүхдийнхээ ачааллыг харгалзан менежментээ хийх эрхийг өгсөн. Гэтэл зарим сургууль цахим болон теле хичээлийг давхар судлуулж, өдрийн турш багш, сурагчдад өндөр ачаалал өгч байна" гэв.