Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Вакциныг иргэдийн сонголтоор бус эмнэлгийн заалтаар хийнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
С.Энхболд: Вакциныг иргэдийн сонголтоор бус эмнэлгийн заалтаар хийнэ
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тусгаарлах байранд нас барсан иргэний талаар болон бусад асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тусгаарлах байранд нас барсан иргэн коранавирусийн халдвараар нас барсан уу?

-Mongolica гэдэг тусгаарлах байранд байсан 70 настай эмэгтэй нас барсан. Энэ хүн Төв аймагт ганцаараа амьдардаг. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Тухайн иргэн гуравдугаар сарын 11-нд тусгаарлагдсан. 12-ны өдрийн PCR шинжилгээгээр сөрөг гарсан.

Тусгаарлах байранд ирэх үед нь СЭМҮТ-өөс эмч очиж үзсэн. Эмчийн үзлэгээр хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалтай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гарсан. Тусгаарлах байрны журмын дагуу эмч өдөрт 4-5 удаа үзлэг хийж байсан. Өчигдөр гэнэт нас барсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал задлан шинжилгээ хийж оношийг нь эцэслэнэ.

Урьдчилсан дүгнэлт нь суурь өвчний шалтгаантай байх магадлалтай.

-Шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна гэж мэдээлдэг. Тэгвэл яагаад халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдээд байна вэ?

-Халдвар тархаад байгаа нэг нөхцөл нь иргэд олон нийтийн газраар үйлчлүүлж байгаатай холбоотой. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал цаашид нэлээд эрсдэл дагуулах нөхцлийн бүрдүүлж байна. Эрүүл мэндийн салбараас УОК-т саналаа оруулсан. Ингэснээр улбар шар шатанд 14 хоногийн хугацаатай шилжээд байна.

-Цар тахлын үед Засгийн газар 5.1 их наяд төгрөгийг зарцуулах эрх авсан. Үүний хэд нь эрүүл мэндийн салбарт хуваарилагдсан бэ. Одоогийн байдлаар хэдийг нь зарцуулаад байна?

-Энэ задаргааг одоогоор хэлэх боломжгүй байна.

-AstraZeneca вакцин дууссан гэсэн мэдээлэл байна?

- AstraZeneca вакциныг 65-аас дээш насныханд хийж болохгүй гэдэг зөвлөмж байгаа. ДЭМБ-аас энэ вакциныг гурван оронд түр зогсоосон болохоос биш хэрэглэхийг нь хязгаарлаагүйг мэдэгдсэн. Цусны бүлэн үүсэн тохиолдлын шалтгааныг судалж байгаа. Түүнээс биш AstraZeneca вакциныг бүрэн хориогүй. Манай улс AstraZeneca вакциныг үргэлжлүүлэн хийж байгаа.

Энэ долоо хоногт 50-64 насны 185 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 34 мянган иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй байна.

-Иргэд вакцинаа сонгож хийлгэх үү?

-Иргэдийн дунд буруу ойлголт яваад байх шиг байна. Манай улс дөрвөн вакциныг зөвшөөрсөн. Хүний эмийн зөвлөлөөс AstraZeneca, Спутник, Синофарм, Pfizer энэ дөрвөн вакцинд зөвшөөрөл өгсөн. Иргэд эдгээр вакцинаас сонгож хийлгэнэ гэж ойлгоод байгаа.

Вакцин хийлгэхээс өмнө эмч үзээд харшил, даралт зэргээс шалтгаалан эмнэлгийн заалтаар  сонгож хийх болохоос биш иргэдээр өөрсдөөр нь сонгуулна гэсэн үг биш юм. Зөвхөн заалтаар хийж байгаа. Очиход нь дөрвөн вакцин байна, түүнээс сонгож хийлгэнэ гэдэг зүйл байхгүй.

Жишээ нь, Спутник, Синофармыг 65-аас дээш насныханд хийж болно, харшил, урвал бага өгдөг.  

-Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс шинжилгээ авдаг оношлуурыг хэзээнээс хэрэглэж эхлэх вэ?

-Энэ оношлуур эмнэлзүйн шатаа давсан. ХӨСҮТ-д 50 хүнд баталгаажилт хийсэн. Мэдрэг чанар 100 хувь баталгаажсан. Одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, нийлүүлэх шатанд явж байгаа.