Өчигдөр буюу Лхагва гарагт Истанбул хотын ойролцоо Мармарын тэнгисийн ёроолд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм.
Үүний улмаас Туркийн хамгийн том хотод ямар нэг шууд хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. Харин айж цочирдсон 151 хүн өндөр барилгын цонхоор үсрэхдээ гэмтэж бэртсэнийг хотын эрх баригчид мэдээлжээ.
АНУ-ын Геологийн Албаны мэдээлснээр газар хөдлөлтийн төв цэг Истанбул хотоос баруун өмнө зүгт 40 км зайтай, Мармарын тэнгисийн ёроолын 10 км гүнд байсан байна.
Чичиргээ Истанбулаас өмнө зүгт 550 км зайтай оршдог Измир хот болон хөрш зэргэлдээ Тэкирдаг, Ялова, Бурса, Баликешир мужуудад бас мэдрэгджээ.
Газар хөдлөлт 13 секунд үргэлжилж, дараа нь 50 гаруй удаагийн чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 5.9 магнитуд байсныг Туркийн дотоод хэргийн сайд Али Ерликая мэдээлсэн байна.
Айж сандарсан иргэд гэр, барилга байшингаас гудамжинд гүйн гарч, задгай талбайд цугларчээ. Харин өндөр давхарт байсан хүмүүс энэ үеэр цонхоор үсэрсэн юм байна.
“Айж сандарсны улмаас 151 хүн өндрөөс унаж бэртсэн. Тэднийг эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд амь насанд аюул учирсан тохиолдол одоогоор байхгүй байна” гэж Истанбул хотын захирагчийн албанаас мэдээлжээ.
Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган “Бурхны авралаар одоохондоо ямар нэг хохирол учраагүй байна. Эх орон, ард иргэдийг маань бурхан элдэв гамшиг, осол эндэгдлээс хамгаалах болтугай” гэж мэдэгдсэн байна.
Дэлхийн бөмбөрцгийн хоёр тектоник хавтангийн уулзвар дээр оршдог Турк улсад газар хөдлөлтийн гамшиг ойр ойрхон тохиолддог. 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус улсын зүүн болон зүүн өмнөд нутагт олон зуун мянган барилга нурааж, 53,000 гаруй хүний аминд хүрсэн юм.
Энэ гамшгийн үеэр хил залгаа Сири улсын нутаг дэвсгэрт 6,000 гаруй хүн амиа алдаж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|