Хятад улсыг оролцуулаад зарим худалдааны түншүүдийнхээ импортын татварын хэмжээг багасгах талаар судалж байгааг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдсэн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд сэргэлт авчрав.
“Ирэх хоёроос гурван долоо хоногийн дотор бид импортын татварын хэмжээг шинэчлэн тогтооно. Бид одоо маш олон улстай хэлэлцээ хийж байна” гэж Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлжээ.
Үүнд нь Хятад улс хамрагдах эсэхийг асуухад тэр ингэх “боломжтой” гэж хариулсан байна.
“Магадгүй бид тусгай тохиролцоо хийх байх. Ямар үр дүнд хүрэхийг удахгүй харах болно. Одоо тэдний импортын татварын хэмжээ 145 хувь байгаа нь маш өндөр тоо юм” гэж Трамп хэлжээ.
Хоёр улсын албаныхан өдөр бүр энэ асуудлаар холбогдож байгааг тэр бас мэдээлсэн байна. Мөн Бээжингийн төлөөлөгчдийг Вашингтонд урьж ирүүлэх хүсэлтэй байгаагаа Трамп энэ үеэр илэрхийлжээ.
“Тохиролцож чадна гэдэгт би итгэлтэй байна. Тэд манайд ирж, яриа хэлэлцээ хийнэ гэдэгт би найдаж байна. Хэрвээ үгүй гэвэл бид өөрийн замаар явах болно. Асуудалгүй” гэж тэр хэлсэн юм.
Трампын мэдэгдлийн өмнө Wall Street Journal сонин түүний засаг захиргааныхан Хятадын зарим бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг 50-65 хувийн хооронд хүртэл буулгах талаар судалж байгааг мэдээлжээ.
Дээрх мэдэгдлүүдийн улмаас өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол гурван индекс болох Dow Jones Industrial Average, S&P 500 тус бүр нэг гаруй хувиар, Nasdaq 2.5 илүү хувиар өссөн байна.
Wall Street Journal сонинд мэдээлснээр бол Трампын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүнийг стратегийн болон стратегийн бус хэмээн ангилж, ялгаатай, шаталсан импортын татвар нэвтрүүлэх боломжийг судалж байгаа гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!