Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: AstraZeneca вакцинаа дуусаад Синофармын вакциныг хийж эхэлнэ

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан дархлаажуулалтын ажлын талаарх сэтгүүлчдийн асуултуудад хариуллаа. 

- Манай улсад өнөөдрийн байдлаар хэчнээн хүн тун вакцины нөөц байгаа вэ, дараагийн ээлжийн вакцин хэзээ ирэх вэ?

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Монгол Улсад өнөөдрийн байдлаар AstraZeneca вакцины 150 мянган тун, Синофарм вакцины 300 мянган тун, Спутник-V вакцины 10 мянган тун буюу нийт 460 мянган хүн тун вакцин байгаа. Дараагийн вакцинуудыг хүлээн авахаар яриа хэлэлцээ амжилттай хийгдэж байна. Энэ талаар нарийн мэдээллийг ГХЯ болон Сангийн яамнаас авах боломжтой. 

- Иргэд халдвартайгаа мэдэхгүй вакцин хийлгэвэл яах вэ, вакцин хийлгэхийн өмнө шинжилгээ өгөх ёстой юу?

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Дархлаажуулалтад хамруулахдаа шинжилгээ хийсэн байхыг шаардахгүй. Учир нь нийслэл хотод шинжилгээний цэгүүдээр хийгдэж байгаа коронавирус илрүүлэх шинжилгээний 1-ээс бага хувь нь эерэг буюу 99 хувь нь сөрөг хариу гарч байгаа. Харин хавьтлын шинжилгээгээр 90-ээс дээш хувьд нь халдвар илэрч байна. Тийм учраас вакцин хийлгэх хүнийг шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй ажиллаж байна.

- УДЭТ-т очиж сурвалжилга бэлтгэсэн хэвлэлийнхэн олон бий. Хэвлэл мэдээллийн салбарынхан хэзээ дархлаажуулалтад хамрагдах вэ?

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: УДЭТ-ын үзвэрийг сурвалжилсан хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ нэгтгээд ХӨСҮТ рүү өгөөрэй. Түүний дараа нэгдсэн байдлаар шинжилгээнд хамруулах боломжтой. Мөн тухайн өдрүүдэд очиж сурвалжлага бэлтгэсэн бол өөрийгөө гэртээ тусгаарлаж, халдвар тархахаас сэргийлэх хэрэгтэй. 

- Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүн хөдөө орон нутаг руу явах бол шинжилгээ өгөх үү?

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Дархлаажуулалтын эхний тунг хийлгэсний дараа шууд дархлаа үүсэхгүй. Дархлааны хариу урвал өрнөөд, хоёр дахь тунг хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлаа тогтоно. Тиймээс вакцин хийлгэчихлээ гээд шууд тайвширч болохгүй. 

Вакцин хийлгэсэн хүмүүс тодорхой хэмжээнд халдвараас хамгаалагдах нь судалгаагаар батлагдсан. Тухайлбал, AstraZeneca вакцин 62-90 хувь хамгаалах бол Pfizer 95 хувь, Спутник V 92 хувь хамгаална гэсэн үр дүнгүүд гарсан. Тиймээс вакцин хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд хүндрэлээс 100 хувь сэргийлж байгаа гэх судалгааны үр дүнгүүд гарсан. Халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилнө. 

Одоогийн байдлаар мөрдөгдөж байгаа журмын хүрээнд орон нутаг руу явах иргэд заавал шинжилгээ өгнө.

- Өнөөдрөөс вакцинжуулалт эрчимжиж байна. Иргэд хийлгэх вакцинаа сонгож болох уу?

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Өнөөдрийн байдлаар манай улс AstraZeneca вакциныг хэрэглэж байгаа. Нийт 150 мянган тун байгааг 75 мянган хүнд хийнэ. Эрэмбийн дагуу вакцинаа хийгээд явна. Дархлаажуулалтын эхний өдөр 1,500 хүнд вакцин хийсэн бол өнгөрсөн Баасан гарагт 3,500 хүнд вакцин хийсэн. Өнөөдөр 10 мянга гаруй хүнд вакцин хийхээр төлөвлөж байна. Эхлээд AstraZeneca вакцинаа хийгээд, үргэлжлүүлэн БНХАУ-ын Синофарм компанийн вакциныг хийж эхэлнэ.

- Вакцин оруулж ирэх асуудал дээр хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлийнхэнтэй уулзсан. Хувийн хэвшлийн вакцин оруулж ирэх төлөвлөгөөг Засгийн газраас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.09/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/3686297428091438