Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ангараг гарагаас ирсэн анхны видео бичлэгийг NASA үзүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын сансар судлалын үндэсний агентлаг NASA алс холын Ангараг гарагаас ирсэн видео бичлэг, фото зурагнуудыг нийтэд үзүүлжээ.

Видео бичлэгт өнгөрсөн долоо хоногт Ангарагт хүрсэн Perseverance робот станцын газардах үйл явцыг харуулсан байна. Ангарагийн агаар мандалд орсны дараа эхлээд шүхэр дэлгэгдэж байгааг Perseverance станц дээр байрлуулсан камер харуулжээ.

Дараа нь станцын дээд доод хоёр талд байрлах халалтаас хамгаалах бүрхүүлүүд салан унаж байгааг харуулсан байна.

Үүний дараа станц Ангарагийн гадаргууд алгуур ойртож, эцэст нь “Sky crane” өргөгчийн тийрэлтэт хөдөлгүүрүүд ажиллаж, уян холбоосоор станцыг доош буулгажээ.

Тийрэлтэт хөдөлгүүрүүд ажиллах үеэр Ангарагийн гадаргуугаас тоос босож, газардсаны дараа “Sky crane” станцаас нисэн холдож байгаа нь видеонд бичигдэж үлдсэн байна.

Видео бичлэгнээс гадна Ангарагийн гадаргуу дээр буусны дараа авсан панорама зургийг NASA үзүүлжээ. (Дараах видео дотор хулганаар удирдан хөдөлгөж үзнэ)

NASA-гийн Jet Propulsion Laboratory робот станцаас нийт 30 Gb хэмхээтэй 23,000 орчим зураг хүлээж авсан байна. Эдгээрээс 4,500 орчим зургийг дээрх видео бичлэгийн хамт NASA өөрийн вэбсайтад байрлуулжээ.

 

Эх сурвалж: The Verge