“Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, эх орны үйлдвэрүүдийн байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд сурталчлан таниулах зорилготой “Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм”-ийг танилцуулах арга хэмжээ болов.
Энэхүү дүрэмд ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын болон эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цогцолбор үйлдвэрүүд нэгдэж, эхний ээлжинд 18 үйлдвэр тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж, Батламж гардан авахад бэлэн боллоо.
Нийт 18 үйлдвэрийг төрлөөр нь авч үзвэл 44% нь сүлжих, 39% нь цогцолбор, 17% нь анхан шатных байгаа бөгөөд эдгээр нь 2018 онд самнасан нийт ноос, ноолуурын 62%, ээрмэлийн 54%, сүлжмэлийн 71%, нэхмэлийн 80% -ийг үйлдвэрлэжээ. Ноос, ноолуурын салбартаа манлайлагч эдгээр үйлдвэрүүд тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Монгол улсад нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний 50-иас илүү хувь нь байгальд ээлтэй арга технологиор боловсруулагдан хэрэглэгчид очиж буйг илэрхийлэх боломж нээгдэж байна.
Танилцуулах арга хэмжээнд дээрх дүрэмд нэгдсэн үйлдвэрүүдийн захирлууд, УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны Тэргүүн Ж. Бат-Эрдэнэ, Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Лука болон ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М. Дондогдорж нар ач холбогдол өгч оролцлоо.
Монголын ноос, ноолуурын холбооны Тэргүүн Ж. Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “...энэхүү дүрэмд нэгдсэнээр манай үйлдвэрүүд байгальд ээлтэй, нийгэмдээ хариуцлагатай, эдийн засгийн тэгш хүртээмжтэй тогтвортой үйлдвэрлэлийн төлөө том алхам хийж байна” хэмээн онцлов. Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Лука энэ дүрэмд нэгдэж түүний заалтын дагуу үйлдвэрлэлээ явуулах нь хүндрэл бэрхшээл биш, харин дэлхийн тавцанд гарах боломж гэж үзэх хэрэгтэй хэмээн уриаллаа.
Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрэмд анхан шатны үйлдвэрээс эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд элссэн нь их олзуурхууштай. Ингэснээр технологийн ажиллагааны хувьд ялгаатай үйлдвэрүүдэд тогтвортой байдлыг хэрэгжүүлэх загварууд бий болж байна. Энэ нь цаашид бусад бүх төрлийн үйлдвэрүүд сайн дураараа дүрэмд нэгдэж түүний шаардлагуудыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Дүрэм нь үе шаттайгаар хэрэгжүүлэх, тэргүүлэх зэргээр нь ангилж, эрэмбэлсэн шалгууруудаас бүрддэг бөгөөд тус бүр нь тогтвортой нэмүү өртгийн сүлжээ бий болгох, нөөцийг үр ашигтай зарцуулах, ногоон санхүүжилтийн нөхцөлүүдийг хангахад чиглэсэн агуулгатай. Чанар, үнэ, органик байдал, дизайн загварын хувьд Монголын ноолуур, ноолууран бүтээгдэхүүн гадаад зах зээлд хэзээнээс үнэлэгдэж ирсэн, гэвч өнөөдөр дэлхий дахинд бүтээгдэхүүний чанараас гадна түүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны байгаль орчинд ээлтэй байдал, нийгмийн сайн сайхан болон ёс зүйн үзүүлэлтүүдэд ач холбогдол өгч байна.
Иймд дээрх Дүрэмд элссэн болон элсэх үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн арга барил, бизнесийн загвар, хандлагаа өөрчилж, байгаль орчин, ёс зүйн үнэт зүйлсэд суурилсан тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэн дэлхийд гарах нь улсынхаа хөнгөн үйлдвэрийн хөгжилд ноос, ноолуурын салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн менежер док (Ph.D) У. Сарангоо цар тахалд дэлхий нийтээрээ нэрвэгдсэн, гадаад захиалга хумигдсан энэ хүнд үед текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрэмд нэгдэж хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх үүрэг хүлээхэд бэлэн байгаа үйлдвэрүүдийн удирдлагад талархсанаа илэрхийлж, амжилт хүсээд: “Дэлхий даяар текстилийн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөг тал бүрээс нь ярьж, хэлэлцэж, тогтвортой байлгах шийдлүүдийг санал болгож байгаа энэ үед манай улсад тогтвортой үйлдвэрлэлийн энэхүү дүрмийг боловсруулж, баталгаажуулан хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил юм. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн зан төлөв, хандлага нь байгальд ээлтэй, ёс зүйтэй, хариуцлагатай хэрэглээ рүү өөрчлөгдөж байна. Яг энэ үед ноолуур үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд 2-т ордог Монгол улс хэрэглэгчдийн хүлээлтэд нийцсэн үйлдвэрлэл явуулах шаардлага зүй ёсоор гарч байна. “Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм” нь тодорхой цаг хугацаанд биелүүлэх энгийн шалгууруудаас бүрддэг, тиймээс тэдгээрийг жижиг үйлдвэрээс эхлээд үйлдвэрийн бүх дамжлагыг агуулсан цогцолбор үйлдвэр хүртэлх бүх шатны үйлдвэрүүд хэрэгжүүлэх боломжтой” гэлээ.
Дүрмийг боловсруулахад оролцсон Германд төвтэй Тогтвортой Үйлдвэрлэл, Хэрэглээний Хамтын Ажиллагааны төвийн дарга Павел Зилка үйлдвэрүүдийг уриалж хэлэхдээ “Европын хувцас үйлдвэрлэгч компаниуд ёс зүйтэй, байгальд ээлтэйгээр бэлтгэсэн эх үүсвэр нь тодорхой бүтээгдэхүүнийг сонирхож байна. Энэхүү дүрмийн шалгуурууд нь олон улсын ижил төрлийн стандартуудад ашиглагддаг тул үйлдвэрүүд түүнийг амжилттай хэрэгжүүлбэл цаашид олон улсын хэмжээний тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээ авахад дөхөмтэй байна. Дүрэмд элссэн үйлдвэрлэгч “бусад шиг” биш харин бусдаас ялгарах боломжтой болж байгаа юм” гэв.
STeP EcoLab төслийн хүрээнд хийсэн текстилийн салбарын эрх зүйн орхигдлын дүн шинжилгээний тайланд ногоон үйлдвэрлэлийн болон байгаль орчны хууль, эрх зүйн зохицуулалтын баримт бичгүүдэд тогтвортой үйлдвэрлэлийг хэсэгчлэн тусгасан, суурь баримт бичиг, судалгаанууд нь хэт ерөнхий, оролцогч талуудын мэдлэг, мэдээлэл хомс тул агуулга, бодлогын чанартай ахиц гаргахад хүндрэлтэй байна хэмээн дүгнэсэн байдаг.
STeP EcoLab төслийн Зөвлөх Жан-Марк Крозе тогтвортой бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлах, таниулах боломжийн талаар: “Тогтвортой үйлдвэрлэлд шилжихгүй байх нь илүү их зардалтай болоод байна. Байгаль орчны төлөө тэмцэгчдийн нөлөө Европын ихэнх орнуудад хүчээ авч, европ хүмүүсийн байгаль орчин, ёс зүйн талаарх сэтгэл зовнил нэмэгдэж, төр засгийн байгууллагууд нь эрчим хүчний зохистой менежментийг хэрэгжүүлэхийг үйлдвэрлэгчдээс шаарддаг болсон.
Дашрамд тэмдэглэхэд, өнөөдрийг хүртэл текстилийн үйлдвэрүүд хоёр туйлт байдалд үйл ажиллагаагаа явуулж байлаа: нэг талаас амьдралын боломжгүй иргэдэд зориулсан хямд үнэтэй, масс үйлдвэрлэл, нөгөө талаас хөгжингүй улс орнуудын чинээлэг хэрэглэгчдэд зориулсан дээд зэргийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Харамсалтай нь аль аль нь тогтвортой үйлдвэрлэлийн нөхцөлийг хангаагүй. Учир нь энэ бүхний ард хямд ажлын хүч, хөдөлмөрийн мөлжлөг, нөөцийн үрэлгэн, бодлогогүй ашиглалт байна.
Харин уур амьсгалын өөрчлөлт, үүнийг дагаад байгаль хамгаалал, компанийн ёс зүй, нийгмийн сайн сайхны төлөөх олон тооны хөдөлгөөн, тэмцэл, мэдээ мэдээллийн урсгал нөхцөл байдлыг орвонгоор нь өөрчилж байгаагийн дүнд хэрэглэгчид өмсөж буй хувцас, хэрэглэж буй эд зүйлийнхээ мөн чанар, эх үүсвэр, үр нөлөө, үйлдвэрлэлийн орчин, үүнд оролцож байгаа иргэдийн эрх, сайн сайхныг илүүд үзэж, сонголтоо эргэн харж, хандлагаа өөрчилж байна.
Иймд Монголын үйлдвэрлэгчид энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, дасан зохицохгүй бол гадаад зах зээлд, ялангуяа Европын зах зээлд гарч өрсөлдөх боломжгүй юм. Өөрчлөлтөд хөтлөх олон сайн жишээ байгаагийн нэг нь бидний санал болгож буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрэм юм.
Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийг Европын холбооны санхүүжилтээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлдэг “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл – STeP EcoLab” төслийн дэмжлэгтэйгээр Монголын ноос, ноолуурын холбоо (МННХ), Германд төвтэй Тогтвортой Үйлдвэрлэл Хэрэглээний Хамтын Ажиллагааны төв болон МННХ дэргэдэх инженер, экспертүүдийн баг хамтран боловсруулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!