Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: Ирээдүйд боломжтой бол нийслэлийн Засаг даргад өрсөлдөнө

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын гишүүн, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдэгдэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ардчилсан намд үүссэн нөхцөл байдлын талаар та байр сууриа илэрхийлнэ үү?

-Манай намын дотор зөрчил гараад байгаа. Шүүхээс энэ зөрчлөө яаралтай шийдвэрлэх чиглэлтэй тогтоол гарсан. Шүүхийн шийдвэрийг яаралтай хэрэгжүүлж, дараагийн удирдлагаа сонгох шаардлагатай болсон юм. Үндэсний бодлогын хорооны хурал өчигдөр эхэлсэн. Өнөөдөр үргэлжилнэ. 

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ардчилсан нам даргаа сонгох, сонгуульд нэр дэвших хүнээ ч мөн сонгох нь. Та намын даргад нэр дэвших үү?

-Би нийслэлийнхээ л төлөө ажиллана. Нийслэлийн намын даргад өрсөлдөнө. Ирээдүйд боломжтой бол нийслэлийн Засаг даргад өрсөлдөнө. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа мэтээр мэдээлэл гараад байна. Ингэснээр гүжир гүтгэлэг эрчимждэг. 

Залуучууд нийгмээ авч явах цаг нь болсон. Манай намын залуус энэ нийгмээ аваад явна гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ардчилсан намаас нэр дэвшинэ гэх мэдээлэл бий?

-Үүнийг намын дотоод сунгаагаар шийднэ. Сонгуульд хэн нэр дэвшвэл илүү дээр байх тухай би хэлэх нь зүйд нийцэхгүй. Сунгаанд манай намын олон лидер өрсөлдөнө.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвшихийг хориглосон гэдэг. Та үүнд дүгнэлт хийсэн болов уу. Өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжтой эсэхэд хариулт өгнө үү?

-Саяхан Засгийн газрыг шинээр байгуулж байх явцад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт сонгуулийн дараа Үндсэн хуулийг дахин өөрчилье гэх ноцтой зүйл хэлсэн. Үндсэн хуулийг жилийн өмнө өөрчлөхдөө ажлын хэсгийнхэн ойрын найман жилд ахин гар хүрэхгүй гэж байсан шүү дээ.

Гэтэл УИХ дээр дахин Үндсэн хуульд дахин хүрэх шаардлагатай бөгөөд анзаарсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн санааг нээлээ. Нууж байснаа хэлчихсэн гэсэн үг. Би үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гэж байгаа хэмээн хардаж байна. Учир нь бэлтгэлээ хангачихсан. Парламентын бүх эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлсэн. Тэгэхээр Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилно гэчих л юм бол манайд Оросын Путиний дэглэм шиг Ерөнхийлөгчийн засаглал тогтоно. Үүнийг Туркийн дарангуйлагч Т.Эрдоган хэрэглэсэн байдаг.