Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүүгдэгч бид хэрэг хянан шийдвэрлэх явцад саад учруулаагүй. Шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байгаа"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа хойшлогдоод буй. Үүнтэй холбоотойгоор олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх мэдээллийг нэр бүхий мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тарааж байна хэмээн үзэж, тэрбээр мэдэгдэл хийлээ.

Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл "Намайг шүүх хурал хойшлогдсонтой холбоотойгоор сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслээр гүжир гүтгэлэг агуулгатай мэдээллийг их тараах боллоо. Тухайлбал, нэр бүхий мэдээллийн хэрэгслээр шүүх хуралд услын яллагчаар оролцож буй прокурор н.Золзаяагийн хэлсэн "Шүүх хурал хойшилж байгаа нь хардлага төрүүлж байна" гэснийг үндэслэн, Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал 12 удаа хойшилж байгаа нь МАН-ын 100 жилийн ойн өршөөлд хамрагдах гэж байгаа санаатай үйлдэл мэт олон түмэнд буруу ташаа ойлголт төрүүлэх мэдээллийг гаргаж, цахим орчинд түгээж байна.

Тухайн өдрийн шүүх хурал хойшилсон шалтгаан нь хорио цээрийн дэглэм зөрчсөн орчинд явагдах гэж байгаа тухай прокурор н.Золзаяагийн гомдол, бусад шүүгдэгчийн хоёр өмгөөлөгч цар тахлын хорио цээрт орсон болон нэг өмгөөлөгчийн ар гэрт гэнэтийн гачигдал гарсан тул хойшилсон гэж би ойлгож байгаа.

Шүүгдэгч бид аль болох цаг алдалгүй шударга ёс тогтоохыг хүсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад саад учруулаагүй. Одоо ч шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байгаа" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт улс төрийн үйл явц дөхөх бүрийд намайг элдэв хэрэгт холбогдуулан 30 жилийн турш гүтгэн гүжирдэж ирсэн. Энэ байдал одоо ч үргэлжилж байна. Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй. Миний бие прокурор н.Золзаяаг шүүхэд өгөх болно. Би шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэхийг хүсэж байна" гэсэн юм.