Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын шүүх Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ял оноолоо

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын шүүх сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ял оноолоо.

Гэхдээ гэрийн хорионд байсан хугацааг нь хассанаар хоёр жил, найман сарын хугацааг торны цаана өнгөрөөх болсныг Навальныйн өмгөөлөгч мэдээлжээ.

Навальный нэгдүгээр сарын 17-ны өдөр Германаас эх орондоо ирээд баривчлагдсан юм. Түүнийг өмнөх тэнсэн харгалзах ялынхаа нөхцлийг зөрчсөн гэж буруутгажээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Сибирийн нэг хотоос Москва руу нисэх замдаа Навальныйн бие муудаж, улмаар Германд эмчлүүлэхээр хүргэгдсэн юм. Германы мэргэжилтнүүд түүнийг хүйтэн дайны үеийн химийн зэвсэг Новичокоор хордуулсан гэж дүгнэж байв.

Навальный өөрийг нь Кремлийн эрх баригчид хордуулсан гэж мэдэгдсэн бол Оросын тал үүнийг нь эрс няцааж байгаа.

Өчигдөр шүүх хурлын үеэр Навальный “Путиний чаддаг ганц арга нь хүн алах. Хэдийгээр тэр өөрөө аугаа геополитикч мэт харагдахыг хүсдэг ч үнэндээ түүхэнд хордуулагч нэрээр бичигдэх болно. Оросын түүхэнд Чөлөөлөгч Александр, Цэцэн Ярослав, Дотуур хувцас хордуулагч Путин гэж бичигдэнэ” гэж мэдэгджээ.

Шүүх хурлын үеэр Москвагийн төвд түүнийг дэмжигчид цугларч, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон байна. Тэднийг цагдаа нар хүчээр тараах үеэр нийтдээ 500 орчим хүнийг баривчилсныг OVD-info хяналтын байгууллага мэдээлжээ.

Навальныйн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters