Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Ходоод гэдэс нь цоорсон дөрвөн настай хүүхдэд хагалгаа хийхэд 56 соронз гарсан. Эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулахыг зөвлөе"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүүхдүүд гадны биет залгиж, ходоод гэдсээ гэмтээх тохиолдол гарч байна. 

Тодруулбал, саяхан дөрвөн настай хүү соронз залгисан байсан нь 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгджээ. Соронз ходоодны хоёр газар, дээд гэдэсний гурван газрын завсар хавчигдаж, ходоо, дээд гэдэс нь цоорсон байсныг мэс заслаар эмчлэн, 56 ширхэг соронз авсан байна. Хагалгаа хэдийгээр амжилттай болсон ч эцэг, эхчүүд эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах, хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэхийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа. 

Мөн соронзтой тоглоомноос гадна тоглоомны батерей, жижиг хэсэг, лего тоглоом, самар, ааруулын хэлтэрхий, ээмэг, зүүлтний кулон гэх мэт зүйлс залгих болон цэвэрлэгээний шингэн бодис уух, чих, хамар руугаа юм оруулахаас сэргийлж, хүүхдэд аюултай юмсыг эргэн тойронд нь тавихгүй байх хэрэгтэй. 

Тухайлбал хоёр хүртэл насны хүүхэдтэй эцэг, эхчүүд гэртээ мөлхөө үзлэг хийх, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүлэхийг зөвлөж байна. 

"1.2 см-ээс дээш диаметртэй гадны биет залгивал маш аюултай"
 

"Хоёр ба түүнээс дээш тооны соронз залгихад соронзууд гэдэс ходоодны өөр өөр хэсэгт очоод нэг нэгэндээ татагдаж наалдан, хоёр соронзын завсарт хавчуулсан хэсэг дарагдаж цоороод байна. Соронзууд хоорондоо маш хүчтэй таталцдаг хэмээн ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Цэнджав өмнө нь өгсөн ярилцлагадаа хэлж байсан. 

Түүний уг ярилцлагадаа өгсөн зөвлөмж, мэдээллүүдээс онцлон хүргэе. 

- Гадны биет болон соронз залгисан хүүхдэд хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

- Гадны биет хоёр замаар орох боломжтой. Амьсгалын зам эсвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцоо руу буюу гэдэс рүү ордог. Амьсгалын зам руу гадны биет орсон бол андашгүй. Хүүхдийн уруул ам нь хөхөрч, хахаж цацна. Ингээд шүлс нь гоожоод давчдаад эхэлдэг. Ийм тохиолдолд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Хоол боловсруулах зам буюу улаан хоолойгоор орсон бол диаметрээсээ шалтгаална. 1.2 см-ээс дээш диаметртэй гадны биет залгисан бол маш аюултай.

Батарей залгисан тохиолдолд улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой цоорох, түлэгдэх аюултай байдаг. 

- Соронз залгисны улмаас ходоод, гэдэс нь цоорсон хүүхдүүдэд цаашид ямар нэгэн өвчлөл дагалдах уу?

- Хагалгаа хийлгэсэн хүүхдэд насан туршид нь наалдац өвчин дагалдаж явна. Хагалгааны дараах эмчилгээ дунджаар 7-10 хоног үргэлжилдг. Мөн цоорсон хэсгийг оёж байгаа учраас хоол сойх хэрэгтэй болдог.