Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

АНХААР: Сурагчид хэн олон СОРОНЗ ЗАЛГИХ вэ гэж тоглоод нэг хүүхдийнх нь гэдэс цоорсон тохиолдол ГАРЧЭЭ!

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
 

Сүүлийн нэг сарын хугацаанд соронз залгисан хэмээн таван хүүхэд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт хандаж, гурвынх нь ходоод цоорсны улмаас хагалгаанд орсон бол хоёр хүүхдийн гэдэснээс өтгөнөөр нь соронзыг гаргаж авсан байна.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Цэнджаваас тодрууллаа.

-Хүүхдүүд соронз залгих тохиолдол хэр түгээмэл тохиолддог вэ?

-Ер нь бол жилд ганц нэг удаагийн тохиолдол бүртгэгддэг байсан ч энэ сард огцом нэмэгдлээ. Одоогийн байдлаар бид гурван хүүхдийн ходоод гэдэснээс яг ижил хэлбэр, хэмжээтэй соронзуудыг гаргаж аваад байна.​

Хүүхдүүдийн ходоод, гэдэснээс гаргаж авсан соронзууд:

 

Хүүхдүүдийн бага нь нэг ойтой бол том нь 10 настай байсан. Бага насны хүүхэд тоглоом дотроос гарч ирсэн соронзыг санаандгүй залгисан нь тодорхой. Гэвч нэг эмзэглэмээр нь нийслэлийн 23 дугаар сургуулийн найман настай сурагчид сургууль дээрээ хэн нь олон соронз залгиж чадахаа үзэн тэмцээн шиг юм зохион байгуулсан байна. Тэр явдлаас долоо хоногийн дараа нэг хүүхдэд нь мэс засал хийж, соронзыг нь гаргахад гэдэс цоорсон байсан.

Мөн нэг настай хүүхдийг соронз залгисан эсэхийг нь мэдэхгүй Багануур дүүргээс уушгины хатгалгаа оноштой ирж, манайх гэдэсний түгжрэл гэж оношилсон. Ингээд хүүхдийг рентгенд харуулахад ходоод гэдсэнд нь гадны биет байсан учраас хагалгаа хийж, соронзыг гаргасан. Гэдэс нь гурван газраа цоорсон байсан бөгөөд хагалгаанаас хойш 17 хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан байгаа.

Мөн нэг айлын тавтай, долоотой хоёр хүүхэд тоглож байгаад соронз залгисан бөгөөд эгч нь нэг ширхэг соронз залгисан нь 24 цагийн дараа өтгөнөөр нь гарсан. Харин таван настай дүү нь хоёр ширхгийг залгисан байсан. Хоёр соронз нэг байрлалд 12 хоносон учир хагалгаанд оруулж, соронзыг авсан. Хоёр соронзын нэг нь ходоодонд нөгөөх нь нарийн гэдсэнд байрлаж хоорондоо наалдан ходоодыг дарж цоолсон байсан. Ходоод болон нарийн гэдэсний шархыг өөлөн авч оёод 10 хоног хэвтүүлэн эмчилж, эмнэлгээс гаргасан байгаа.

Бас нэг хүүхэд соронз залгиснаа аав, ээждээ хэлээд гэртээ гурав хоноход соронз нь гараагүй учир манайд хандсан. Эмнэлэгт соронзыг өөрөөр нь гаргах арга хэмжээ авч, хөдөлгөөнд оруулан, туулга хэрэглэж байгаад зургаа дахь хоног дээр гаргаж авлаа.

Дундговьд аймагт мөн нэг нас дөрвөн сартай хүүхэд хагалгаанд ороод, энд ирж эмчилгээ хийлгээд буцсан.

- Хагалгаанд орсон, гэдэс ходоод нь цоорсон хүүхдүүд хоёр ба түүнээс дээш тооны соронз залгисан гэж ойлголоо. Нэг ширхэг соронз залгисан бол аюулгүй юу?

- Нэг ширхгийг залгисан бол хэмжээнээсээ хамаарна. 1.2 см-ээс дээш диаметртэй бол бас гарахад түвэгтэй. Түүнээс жижиг, нэг ширхэг бол өөрөө гарах боломжтой.

Харин хоёр ба түүнээс дээш тооны соронз залгихад соронзууд гэдэс ходоодны өөр өөр хэсэгт очоод нэг нэгэндээ татагдаж наалдан, хоёр соронзын завсарт хавчуулсан хэсэг дарагдаж цоороод байна. Соронзууд хоорондоо маш хүчтэй таталцдаг.

Эхний хагалгаанд орсон хүүхдийн гэдэснээс соронзыг хайгаад олохгүй байсан. Ингээд нэлээн урт металл багаж оруулан татуулж олсон. Ходоод, гэдэс цоороогүй үед бол соронзыг олоход түвэгтэй.

Тиймээс бага насны хүүхдэд заавал соронзтой тоглоом авч өгөх хэрэг байгаа юм уу гэдгийг эцэг эхчүүд маань бодох л хэрэгтэй байх.

- Хүүхдүүдийн залгисан соронзууд ижил хэмжээ, дүрстэй байна. Энэ соронзууд хаанаас гарч ирснийг тогтоосон уу?

- Сүүлийн үед хүүхдүүд эвлүүлдэг, угсардаг, залгадаг, задардаг, хэлбэр дүрсэнд ордог соронзтой тоглоомоор их тоглодог болсноос хойш соронз залгих нь элбэгшсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд бүр огцом нэмэгдлээ.

 

Анх General Motors компани 1982 онд хүүхдийн тоглоом болон ахуйд соронз ашиглах санал гаргасан юм билээ. Тухайн үед АНУ-ын өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх корпораци “Хүүхдийн тоглоом үйлдвэрлэхдээ соронз ашиглаж болохгүй” хэмээн хориглож байсан боловч General Motors компани зах зээлд нийлүүлсэн байдаг. Ингэж дэлхий нийтэд соронзтой хүүхдийн тоглоом тархсан түүхтэй. Ингээд 1995 онд хоёр ба түүнээс дээш соронз залгивал өвчин үүсгэдгийг АНУ-д тогтоож дэлхий даяар зарласан байдаг.
 
- Гадны биет болон соронз залгисан хүүхдэд хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Гадны биет хоёр замаар орох боломжтой. Амьсгалын зам эсвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцоо руу буюу гэдэс рүү ордог.

Амьсгалын зам руу гадны биет орсон бол андашгүй. Хүүхдийн уруул ам нь хөхөрч, хахаж цацна. Ингээд шүлс нь гоожоод давчдаад эхэлдэг. Ийм тохиолдолд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Хоол боловсруулах зам буюу улаан хоолойгоор орсон бол диаметрээсээ шалтгаална. 1.2 см-ээс дээш диаметртэй гадны биет залгисан бол маш аюултай.

Хүүхдүүд зоос, бөгж, ээмэг, жижиг батарей залгиж байна. Батарей залгисан тохиолдолд улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой цоорох, түлэгдэх аюултай байдаг.

- Соронз залгисны улмаас ходоод, гэдэс нь цоорсон хүүхдүүдэд цаашид ямар нэгэн өвчлөл дагалдах уу?

- Хагалгаа хийлгэсэн хүүхдэд насан туршид нь наалдац өвчин дагалдаж явна. Хагалгааны дараах эмчилгээ дунджаар 7-10 хоног үргэлжилдэг. Мөн цоорсон хэсгийг оёж байгаа учраас хоол сойх хэрэгтэй болдог.


Зөвхөн дээр үзүүлсэн тоглоом гэлтгүй сургуулийн ойр орчимд өнгө өнгийн, өөр өөр хэлбэр дүрстэй соронзыг дангаар нь худалдаалдаг талаар хүүхдүүд эцэг, эхдээ ярьсан тохиолдол байна. Ихэвчлэн тэд аман дотроо нэг соронз хийгээд хацар, уруулын гадна тал нөгөөг нь тогтоож тоглодог. Ингэж байхдаа санаандгүй аман дотрох соронзоо залгисан талаар мөн ярьжээ.

Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ юугаар, хэрхэн тоглож байгаад анхаарлаа хандуулж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.