Уржигдар шөнө байшинг маань нэг юм түг хийтэл мөргөөд яалтгүй ятуу дуугарсаныг гэрэл тусгаж харвал гурван Хахилаг ятуу хашаанд маань гүйж байлаа. Монгол оронд хоёр зүйл ятуу байдгийн нэг нь манай говийн уулсаар амьдардаг Эрээн хавиргат-Хахилаг ятуу билээ.
Монгол орны өөр нэг зүйл ятуу, Хангайн уулархаг нутгаар амьдардаг Дагуур ятуу 2009 оны зургаадугаар сарын 8-нд гандуу зуссан, Онгийн нүцгэн тал дээр хярж хэвтэхтэй таарч зургийг нь авсанаа эрж олсон маань энэ. Зуны улиралд тэр бүр харагддаггүй, их нуугдмал, хангайн уулын сонор соргог шувуу ил цагаан, гандсан тал дээр явж байгаад гайхаж билээ.
Урьд нь бас 2001 оны намар санагдана, Хонгорын элсний Адаг нуурын хатсан шалан дээгүүр Хахилаг ятуу гүйлдэж байхыг харж бас гайхаад өнгөрч билээ. 2001 онд "Говийн гурван тэмээ" жуулчны баазыг бид барьж байлаа.
Намар оройхон Гурван сайхан уулнаас эзэнгүй бөөн сарлаг бууж, тэр чигээрээ, Дундговийн чигт явж одож билээ. Харин дараа хавар нь тэр олон сарлагнаас 5-6 хан сарлаг эргэж ирж Булагтайн худаг дээр хоёр хоног хэвтээд Гурвансайхан уул руу явцгаасансан. 2001, 2009 оны өвөл нь айхтар хүйтэрч цас орж, зуд болж, олон мал үрэгдэж, их хүнд өвөл болж билээ.
Энэ онуудад жишээлбэл, зөвхөн Сэврэйн Баянцагаан уулын Хавцгайтын аманд гэхэд л салаа бүрт нь гуч, дөчөөрөө, бүл бүлээрээ бужигнаж байсан Хахилаг ятуу сураггүй алга болцгоож, дараа жил нь ч харагдаагүйсэн.
Гурвантэс сумын Тостын нурууны малчин залуу: Хөөрхий энэ муусайн ятуу малын хороонд ирээд малд гишгэгдэж үхээд байх юм гэж хүртэл байлаа. Харин одоо Хахилаг ятуу дахиад нүүдэллэж эхэлжээ. Ган, зуд арав орчим жилийн давтамжтай ирээд байна уу, түүнийг уулын зэрлэг шувууд урьдчилж мэдээд нүүгээд байна уу гэж бодоход хүрснээ таньтай хуваалцаж байна.
Шувууд амьдрах орчин нь муудвал тохиромжтой газар руу нүүдэллэдэг учраас байгаль орчны индикатор гэж хэлдэг байж магадгүй юм. Юутай ч 2001, 2009 онуудад болсон ган, зуд одоо 2020 онд давтагдаж магадгүй бололтой.
Харамсалтай нь ган зудад хүний арчилгаан дахь мал сүрэг яаж ийгээд хагас нь ч гэсэн үлддэг бол харин зэрлэг амьтад, шувууд илүү ихээр эндэж тоо толгой нь улам бүр цөөрсөөр л байна даа.
Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвөлгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Нийтлэл бичсэн: Х.Түмэндэлгэр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!