Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.
Салах ёс гүйцэтгэх ёслолд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ "Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа зарлан тунхаглаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурийг тавихад оруулсан Таны манлайлал, гавьяа зүтгэл, түүхэн үйл хэргийг монгол төр, Монголын ард түмэн үеийн үед хүндэтгэн дурсах болно.
Эрхэм хүндэт анхны Ерөнхийлөгч, азай буурал ах Тантай учран танилцаж, уулзан ярилцаж байсан халуун дотно мөчүүд, инээмсэглэл тодруулсан элгэмсэг сайхан дүр төрх, илэн далангүй хөгжилтэй яриа, гэгээн сайхан дурсамжууд одоо ч миний зүрх сэтгэлд тодхон санагдаж байна.
Мөнх хөх тэнгэр шигээ тэнүүн, цэлгэр тал нутаг шигээ уужуу, сүрлэг өндөр хайрхад шигээ өмөг түшигтэй эрхэм Таны эгэл даруу, элэгсэг дотно, нөхөрсөг дөлгөөн зан чанар, эвийг эрхэмлэж, нөхөрлөлийг хүндэтгэдэг хүнлэг сайхан харилцаа манай ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно" гэв.
Өнөөдөр 12:00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!