"Урт цагаан" худалдаа үйлчилгээний төвийн барилгын буурин дээр 196 автомашины далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах бүтээн байгуулалтыг гүйцэтгэх тендерт "Бодь пропертийз" компани шалгарсан билээ. Уг гудамжийг тохижуулахад 44 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргах аж.
Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар гүйцэтгэгч компаниас өнөөдөр мэдээлэл өглөө.
"Бодь пропертийз" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр: Урт цагааны барилгыг буулгасан буурин дээр таван блок далд гарааш бүхий гурван давхар үйлчилгээний жижиг барилгыг барих юм. Үйлчилгээний гурван давхар барилга нь 30х32 хэмжээтэй, нийт талбайн 10.1%-ийг эзэлнэ. Энэ нь жуулчдад зориулсан хөтчийн зориулалттай барилга. Одоо барилгын В1 давхрын баганын арматурыг зангидаж байна.
Наймдугаар сараас хойш давхардсан тоогоор 4,400 хүн бүтээн байгуулалтын ажлыг ээлжээр гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын чанарыг алдагдуулахгүй байх шинэ технологи буюу бетоны бат бэхийг хэмждэг чип суулгаж, аппликэйшнээр хянаж байгаа юм. Ингэснээр зуны дэлгэр цагт иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэнг нээх зорилготой.
Гараашнуудын төмөр бетон бүтээцийн ажил бүрэн дуусаж, бетоны чанарыг алдагдуулахгүйн тулд битүү бүтээж байгаа юм. Хавар дулаарахаар буюу гуравдугаар сард үүн дээр ашиглалттай дээврийн мембран нааж, усан оргилуур, ногоон байгууламж бүхий явган зам, талбай, иргэдийн суух сандлыг угсрах зэрэг тохижилтыг эхлүүлнэ.
Тус компанийн төслийн менежер В.Энхтөр: Гуравдугаар зогсоолын халаалтыг залгаж дотор засал, сантехник, салхивч цахилгаан, холбоо дохиоллыг угсарч байгаа юм. Далд зогсоолын барилга угсралтын нийт гүйцэтгэл 95%-тай үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!