Анхны Ерөнхийлөгчид “онцсайн” дүн тавина
Манай үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, прагматик гадаад бодлого явуулж ирсэн гавьяатай.
БНМАУ-аас Монгол Улсад шилжсэн шилжилтийн эхний долоон жилээр авч үзвэл Монгол Улс төртэйгөө, Ерөнхийлөгчтэйгөө, ард түмэнтэйгээ нийлээд гадаад бодлого дээр бол “онцсайн” дүн тавиулахаар ажилласан хэмээн би дипломатчийн хувьд, Элчин сайд байсны хувьд, олон улсын харилцааны судлаач-профессорын хувьд үздэг.
Энэ үнэлгээг би юуны өмнө Монгол Төрийн анхны Ерөнхийлөгч П.Очирбатад өгч байна. Хойшид ч тэр дүгнэлт дээрээ бат зогсоно. Тэрээр нөхөр Ж.Батмөнхөөс үүрэгт ажлыг нь өвлөн авсан 1990 оныг эргэж сануулах нь зөв болов уу. Коммунист тоталитар дэглэмээс ардчилал руу хийх шилжилтийн хамгийн хөндүүр зовуурьтай үеийг тэрээр туулсан, туулуулсан түүхэн хүн юм. Бүх зүйл цоо шинэ, асуултын хариулт бэлэнгүй, гадаад дотоод нөхцөл байдал тодорхойгүй үед ноён П.Очирбат 1990 оны АИХ-ын, 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан товойн гарч ирсэн билээ. Түүнийг төр тэргүүлсэн долоон жилд Монгол маань ардчиллын зам дээр эргэлтгүй зогсож, түүнийгээ Үндсэн хуулиараа баталгаажуулж, хоёр танхимт парламенттай болж нэг үзээд, дараа нь ганц танхимт УИХ-ын хоёр сонгуулийг хал балгүй, зөрчил тэмцэлгүй, эв эеэ хичээж өнгөрүүлсэн. Монголчууд бид сонгосон тэр замаараа л замнаж байна.
Гадаад бодлого дээр нь анхны Ерөнхийлөгчид “онцсайн” дүн тавина гэснээ дор буулгая. Энд ямар нэгэн гавьяатай учраас тэгж дүгнэж буй. Яагаад, ямар гавьяаг хэлэв? Зөвлөл Холбоот Улсын үед Монгол бол хэрэг дээрээ Зөвлөлтийн 16 дахь холбооны БНУ гэгдэж байснаас эхлэн тооцъё. “Хүйтэн дайн” дууссаны дараа өнөөгийн Орос нь СССР-ийн үеийнх шиг Монголтой тогтоосон харилцаагаа чухалчлах арга ухаанаа олоогүй, тэр хэрээрээ биднийгээ “хөсөр хаясан”. “Хөсөр хаягдсан” шинэ Монгол Улсын шинэ гадаад бодлого аргагүйн эрхэд Хятад, Америк, Япон зэрэг олон шинэ түнш-орон руу хандсан “олон тулгуурт” гадаад бодлого руу шилжихэд анхны Ерөнхийлөгч П.Очирбат түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Ердөө ганц жилийн өмнө буюу 1990 онд эдийн засаг, улс төрийн талаар ихээхэн хэмжээгээр СССР-ийг тулж түшдэг байсан гэж хэлэхэд хүрвэл ноён П.Очирбатын өнгөн дээр ердөө жил, жил хагасын дараа гэхэд бүрэн эзэн мэдсэн, тусгаар тогтнолын олон тулгуурт гадаад бодлогыг сонгон авч, тэр даруйд хэрэгжүүлсэн билээ.
Монгол Улсын гадаад бодлогын цоо шинэ зам мөр гаргаж, ардчилсан Монголоо дэлхийд таниулж, шинэ шинэ хөрш түнштэй болж, капиталист хэмээн хардаж харааж суусан тэр том ертөнцтэй харилцаа зөв төлөвшүүлэхэд П.Очирбат, Д.Бямбасүрэн, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн нарын оруулсан хувь нэмрийг мартах учиргүй.
П.Очирбатын төр тэргүүлсэн үеийн Монгол Улсын гадаад бодлогын гол онцлог гэвэл дараах байдлаар жагсааж болно.
Манай улс түүхэндээ анх удаа үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалаа боловсруулж, хуульчлан, дагаж мөрдөж эхлэхэд 1994 онд Н.Багабанди спикертэй анхны УИХ, Төрийн тэргүүн П.Очирбат нар түүхэн гавьяатайг тэмдэглэх ёстой. Тэрхүү үзэл баримтлалуудыг 1996 онд УИХ-ын хоёр дахь сонгуулиар байгуулагдсан Ардчилсан хүчний Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр анх удаа тодотгон хэрэгжүүлсэн. Дараа дараагийн шинэ УИХ-уудын үед тэгдэг уламжлал хэвшүүлсэн.
П.Очирбатын үед аюулгүй байдлын хувьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй, тэр талын туршлагагүй, адбиш, цоо шинэ бодлогоо дэвшүүлснийг энд дурдах ёстой. Юу гэвэл Монгол Улс нь хүчирхэг нэг гүрний ивээлд байж, бодлогыг нь дагах замаар бус, харин бүх улс оронтой найрсаг харилцаа хөгжүүлж, гадаад аюулгүй байдлаа давын өмнө идэвхтэй гадаад бодлого явуулах, улс төр, дипломатын аргаар ханган бэхжүүлэх, өөрийн аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй байдалтай нягт холбох чиглэл баримтлах болжээ.
Өөрөөр хэлбэл 1921 онд тусгаар тогтнолоо эгнэгт олж авснаас хойш 70 гаран жилийн туршид анх удаа бие дааж гадагш ажиллах, бие даан өөрийн ухаан сэтгэлгээгээр гадаад бодлого явуулах алтан боломж бүрдсэн юм.
Тэрхүү боломжийг ашиглан цоо шинэ гадаад бодлогынхоо хүрээнд 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхдээ Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгож буйг албан ёсоор зарлан тунхагласан билээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улс зэвсэг хураах хийгээд бүс нутаг, дэлхий дахинд итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлан тунхаглаж байна. Үүнийгээ цаашид олон улсын хэмжээнд баталгаажуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрмэлзэх болно” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг. Мөн цаашид Төв Азийг цөмийн зэвсэггүй бүс болгохын ач холбогдлыг харгалзан Монгол Улс тэрхүү бүсийг “цөмийн зэвсгээр хөөцөлдөх, түүнийг турших талбар болгохгүйн төлөө байгаагаа” тэрээр онцлон тэмдэглэжээ.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990-1997 онд гадаадад 21 удаа томилолтоор явсны 18 нь хоёр талын харилцааг шинээр эхлүүлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой байлаа. Түүнийг төр тэргүүлж байх үед 1996 онд Дани, Европын Холбоо, Их Британи, ХБНГУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар цувралдан ойр ойрхон манай улсад айлчилсныг эргэж саная.
Нэг дор, тэгээд бүр хоёрхон сарын дотор таван гүрний Гадаад хэргийн сайд нар Монголд цувралдан айлчилна чинээ бид ч, олон улсын хамтын нийгэмлэг ч, хоёр их хөрш маань ч төсөөлөөгүй юм. Тэр үедээ парадокс гэхээр үзэгдэл байв. Энэ бол Монголын гадаад бодлогын түүхэн нэгэн торгон агшин байлаа. Мөн тэр үед Монгол нь хоёр хөршөөсөө түрүүлэн Дэлхийн худалдааны байгууллагад элссэн нь бас чухал ололт болж түүхнээ үлджээ.