УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үер Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүсчилсэн хөгжлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун‑Эрдэнэ “Наадмын өмнөхөн буюу хаврын чуулган дуусахаас өмнө бүх бүсэд Бүсийн зөвлөлийн хурал зохион байгуулагдана. Бүсээс сонгогдсон гишүүд, аймгуудын Иргэдийн хурлын төлөөлөгчид болон Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтарсан хурал хийнэ. Гэхдээ албан ёсны шийдвэр бус зөвлөмж гаргана.
Энэ үеэр нийслэл 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгөө гаргасантай уялдуулан бүсүүд мөн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж танилцуулах юм.
Цаашид бүсийн эрх зүйн асуудал ямар байх вэ. Төсвөө яаж бүрдүүлэх үү. Гурван аймаг нэг бүс байлаа гэхэд аймгуудын ИХТ хамтарч хуралддаг байх уу зэрэг бүтэц зохион байгуулалтын асуудал яригдана. Мөн орон нутгийн сангуудаа хэрхэн нэгтгэх вэ, 2026 оны улсын төсвийн санал авах зэрэг асуудлыг хүрээнд уулзалт хийнэ.
Түүнчлэн Ерөнхий сайдын хувиар парламентын гишүүддээ нэг зүйлийг илэрхийлэх нь зөв байх гэж бодож байна. 2028 оны сонгуулийг бүсчилж хийхгүй гэж гишүүд маань аймгуудын Засаг дарга нартай яриад байгаа юм билээ. Бид буцаад аймаг, аймаг руу жижгэрвэл улсын төсөв бүр илүү хүндэрнэ.
Бид бүсчилсэн үзэл баримтлалаасаа ухрахгүй байх ёстой. Тиймээс гишүүд маань өөрийнхөө сонгогдох эрх ашгийн төлөө бүсийн хөгжлөөс татгалзана гэдэг маш харалган хэрэг шүү” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!