Сүүлийн бараг арваад жил өөрчлөгдөөгүй байсан дэлхийн ноён оргил Эверестэд авирах уулчдын хураамжийг өсгөх болсноо Балба улсын засгийн газар мэдэгджээ.
Энэ оны есдүгээр сараас эхлэн оргил ачааллын үеэр Эверестэд авирах уулчид зөвшөөрлийн хураамжид $15,000-ыг төлөхөөр болсон байна.
Энэ нь одоо үйлчилж байгаа $11,000-аас 36 хувиар өссөн дүн юм.
Харин дөрвөөс тавдугаар сард үргэлжилдэг оргил ачааллын үеэс бусад үед авирах бол хураамж нь ижил хувиар өсөж, есөөс арваннэгдүгээр сард $7,500, арван хоёроос хоёрдугаар сард $3,750 болох шийдвэр гарчээ.
Гадаадын уулчдаас олдог орлого нь Балбын эдийн засгийн 4 гаруй хувийг бүрдүүлдэг. Ингэхдээ тус улс жил бүр 300 орчим уулчинд зөвшөөрөл олгодог юм.
Мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд Эверестэд авирах уулчдын тоог хэт өсгөж, орлогын хойноос хөөцөлдөж байгаа Балбын засгийн газрыг шүүмжилдэг болсон.
Гэхдээ хураамжийг өсгөснөөр уулчдын ачаалал буурах эсэх нь эргэлзээтэй юм.
“Бид эрхийн хураамжаа өөрчлөөгүй удсан. Одоо өсгөх цаг нь болсон” гэж Балбын аялал жуулчлалын газрын захирал Нараян Прасад Регми хэвлэлд ярьжээ.
2024 оны дөрөвдүгээр сард Балбын дээд шүүх Эверестийн оргилд авирах уулчдад олгодог зөвшөөрлийг хязгаарлах зөвлөмжийг засгийн газартаа өгч байсан юм.
2019 оноос хойш Балбын зэвсэгт хүчин жил бүр Эверестийг хог хаягдлаас цэвэрлэх ажлыг хийдэг болсон байна.
Эхний жилийн ийм ажиллагааны үеэр 119 тонн хог, 14 хүний цогцос болон араг ясны үлдэгдлийг буулгаж байжээ.
Одоо болтол Эверестэд 200 орчим уулчны цогцос байгаа гэж Балбын эрх баригчид үздэг.
Балба бол дэлхийн хамгийн өндөр 14 уулын найм нь оршдог улс юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!