Томуу ба томуу төст өвчний үед хүүхдийн дархлаанд хэрхэн анхаарах, гэрийн асаргаанд юуг анхаарах хэрэгтэй талаар Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс зөвлөлөө.
0-5 хүртэлх насны сульдаа, цус багадалт болон тураалд ороогүй хүүхэд амьсгалын замын өвчлөлд өртсөн тохиолдолд нэмэлт бүтээгдэхүүн, витамин уух шаардлагагүйгээр вирусийг эсэргүүцэх чадавхтай байдаг.
Харин сульдаа, цус багадалт болон тураалд орсон хүүхэд өвчлөлд өртсөн тохиолдолд витамин, төмрийн бэлдмэл зэргийг хүүхдийн эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх шаардлагатай. Иймд таны хүүхэд уг гурван бүлэг өвчнөөр өвдсөн эсэхийг тодруулж, заавал үзлэг оношилгоонд орох ёстой гэв.
Гэрийн асаргаа сувилгааны үед хүүхдэд ердийн уудаг хэмжээнээс нь хоёр дахин их шингэн буюу аньс, чацаргана болон будааны шүүс, хорсоол, ус зэргийг бага хэмжээгээр ойр ойрхон уулгах шаардлагатай байдаг байна.
Ханиад хүрсэн 0-2 насны хүүхдийн хамрын битүүг байнга арилгаж байх хэрэгтэй. Мөн унтаж байх хугацаанд нь цээжийг 30-40 хэм өндөрлөх шаардлагатай гэв. Учир нь цээжийг өндөрлөснөөр ханиалгаж байгаа хүүхэд цэрэндээ хахахгүй байхаас гадна амьсгалахад нь тохиромжтой нөхцөл бүрддэг байна.
Усанд оруулах нь хүүхдийн ханиад хүндрэх нөхцөлийг бүрдүүлэхгүй. Уснаас гарахад нь гэрийн орчин дулаан байвал усанд оруулж болно. Бор хоолонд орсон хүүхдэд амин дэмээр баялаг, ногоотой, тослог, нүүрс усаар баялаг хоолыг байнга идүүлэх нь дархлаа эрчимжих нөхцөлийг бүрдүүлдэг. Харин хөхүүл хүүхдийг хүссэн үед нь хангалттай цадах хэмжээнд нь хөхүүлэхийг зөвлөв.
Эдгээр зөвлөмжийг дагаснаар хүүхэд гэртээ бүрэн илаарших нөхцөл бүрддэг. Гэрт байгаа томчууд болон том хүүхдүүд тогтмол маскаа зүүж, гараа угааж ариутгах нь нярайд халдвар дамжихгүй байх нөхцөлийг бүрлүүлнэ гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!