Хэдхэн хоногийн өмнө тангараг өргөсөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын анхныхаа арга хэмжээнд сүр дуулиантай оролцлоо.
Тэрбээр өчигдөр Швейцарын Давост үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд видео холбоогоор оролцсон юм.
Энэ үеэр тэр газрын тосны үнэ ханшийг буулгалгүй Украины дайныг сунжруулж буй олборлогчдыг ширүүн шүүмжилж, хориг арга хэмжээгээр сүрдүүлжээ.
Тухайлбал газрын тосны үнийг бууруулах замаар Оросын орлогыг багасгаж, Украины дайныг санхүүжүүлэх чадварыг нь доройтуулахыг Саудын Араб болон олборлогч орнуудын нэгдэл OPEC байгууллагад Трамп уриалсан юм.
“Хэрвээ газрын тосны үнэ буурвал Орос-Украины дайн даруй дуусна. Та нар үүнийг аль эрт хийх ёстой байсан. Болж буй үйл явдалд та нар тодорхой хэмжээгээр буруутай. Олон сая хүний амь үрэгдсэнд та нар буруутай” гэж Трамп хэлжээ.
Тэр уриалгыг нь хүлээж аваагүй тохиолдолд импортын өндөр татвараар шийтгэхээ энэ үеэр амласан юм.
Трамп бас батлан хамгаалах зардлаа өсгөлгүй АНУ-ын ивээлд найддаг НАТО-гийн гишүүн орнуудад анхааруулга өгсөн байна.
“Би НАТО-гийн гишүүн орнуудаас батлан хамгаалах зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5 хувь хүртэл өсгөхийг хүсэж байна. Энэ бол олон жилийн өмнө хэрэгжсэн байх ёстой зүйл” гэж тэр анхааруулжээ.
Түүний 45 минутын турш аварга том дэлгэцээр хэлсэн үг Давосын чуулганд оролцогчдын анхаарлын төвд байв.
Энэ долоо хоногийн турш тус чуулганд оролцогчдын ярианы гол сэдэв Трампын бодлого дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай байсан юм.
АНУ-ын ерөнхийлөгчийг үг хэлэхээс өмнө Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей өөрийгөө болон Трампыг либерал үзэл суртлын эсрэг зогсох дэлхийн удирдагчдын тоо өсөн нэмэгдэж буйн илрэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Үзэл суртлаас тусдаа, эрх чөлөөтэй байхыг хүсдэг улс орнууд аажмаар эвсэн нэгдэж байна” гэж тэр чуулганд оролцогчдод хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!