Уншиж байна ...

АНУ-д төрсөн хүүхдийн иргэний эрхийг цуцлах Трампын захирамжид шүүгч хориг тавилаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт тангараг өргөсөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн өдрийн дотор маш олон маргаантай захирамж гаргаад байгаа.

Тэдгээрийн нэг нь АНУ-д төрсөн гадаадын иргэний хүүхдэд иргэний харьяалал олгодог явдлыг зогсоох захирамж юм.

Тэгвэл тус улсын холбооны шүүхийн шүүгч өчигдөр Трампын энэхүү захирамжийн үйлчлэх хугацааг 14 хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

Вашингтон мужид болсон шүүхийн сонсголын үеэр шүүгч Жон Кауфнур “Энэ бол үндсэн хуулийг зөрчсөн жигшүүртэй захирамж юм. Би энэ суудал дээр дөч гаруй жил суухдаа үүн шиг илт тодорхой зөрчилтэй таарч байсангүй” гэж хэлсэн байна.

Тэрбээр Бүгд Найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгч Рональд Рейганы үед томилогдож байсан шүүгч юм.

АНУ-ын үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн бүрийн иргэний эрхийг баталгаажуулсан заалт нь Америк үндэстний бусдаас ялгарах нэг гол үндэс суурь болдог.

Энэ заалтад “АНУ-д төрсөн, эсвэл амьдарч байгаа хүн бүр АНУ болон оршин суугаа мужийнхаа иргэн нь юм” гэсэн байдаг юм.

Трампын захирамж нь АНУ-д хууль бусаар болон визтэй оршин суугаа гадаадын иргэд энэ заалтын ангилалд хамаарахгүй гэсэн үндэслэлтэй гарчээ.

Шүүгч Кауфнур бас Трампын захирамжийг үндсэн хуульд нийцсэн гэж дүгнэсэн АНУ-ын хууль зүйн яамны хуульч Брэтт Шуматыг шүүмжилсэн байна.

“Үнэнийг хэлэхэд Хуульчдын зөвлөлийн гишүүн хүн энэ захирамжийг үндсэн хуульд нийцсэн гэж ямар ч эргэлзээгүй дүгнэж байгааг би огт ойлгохгүй байна. Энэ дүгнэлт намайг гайхшируулж байна” гэж тэр хэлжээ.

Трампын захирамжийг эсэргүүцсэн 22 муж, хоёр хот, хэд хэдэн хүний эрхийн байгууллагын шүүхэд гаргасан гомдол дээр үндэслэн шүүгч хориг тавьсан юм байна.

“Ямар ч ерөнхийлөгчид үндсэн хуулийг дураараа өөрчлөх эрх байхгүйг өнөөдрийн шийдвэр баталлаа” гэж гомдол гаргасан мужуудын нэг Аризонагийн ерөнхий прокурор Крис Мэйес мэдэгджээ.

Тэрбээр АНУ-ын шинэ засаг захиргаанаас гаргаж болзошгүй аливаа хууль зөрчсөн үйлдэлтэй цаашид тэмцэхээ мэдэгдээд өчигдрийн шийдвэрийг энэ тэмцлийнхээ эхний ялалт гэж тодорхойлсон байна.

Трампын захирамжийг “Америк бус үйлдэл” гэж Вашингтон мужийн ерөнхий прокурор Ник Браун дүгнэжээ.

“Төрөлхийн иргэний эрх нь аливаа хүн арьсны өнгө, үндэс угсаа, эцэг эх нь хаанаас ирснээсээ үл хамааран иргэний харьяалал авах эрхтэйг баталдаг. Энэ бол ерөнхийлөгч Трампын хууль бус захирамжийг гарах хүртэл манай улсын үе үеийн хуульчид, хууль тогтоогчид, ерөнхийлөгч нарын хүлээн зөвшөөрч ирсэн хууль юм” гэж тэр хэлсэн байна.

Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлтийг 1868 онд Америкийн Иргэний Дайны дараа баталж байжээ.

Сан-Франциско хотод төрсөн хятад хүний иргэний харьяаллыг баталгаажуулсан 1898 оны дээд шүүхийн шийдвэрийг Трампын захирамжийн эсрэг шүүхэд хандсан талууд жишээ болгосон байна.

Вон Ким Арк хэмээх тэр хүн Хятад дахь төрөл төрөгсдийндөө зочлоод буцаж ирэхэд иргэн биш гэсэн шалтгаанаар АНУ-ын хилээр нэвтрүүлээгүй юм.

Тухайн үед дээд шүүх АНУ-д төрсөн хүүхэд бүр, тэр дундаа цагаачдын хүүхдүүд хүртэл иргэний харьяалал авах эрхтэйг баталж байжээ.

 

Эх сурвалж: AFP