Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн нэг муж Хятадтай холбоотой гэсэн шалтгаанаар “луу жимс”-ний нэрийг өөрчилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Луу жимсний нэрийг өөрийн өрсөлдөгч Хятад улстай холбоотой гэж үзсэн Энэтхэгийн Гужарат мужийн захиргаа уг жимсний нэрийг өөрчлөх сонин шийдвэр гаргажээ.

Энэ жимсийг цаашид камалам буюу лянхуа цэцэгний санскрит нэрээр нэрлэж байхаар болсон байна.

Лянхуа цэцэг нь Энэтхэг улсын үндэсний бэлгэдэлд тооцогддог. Жимсний нэрийг өөрчилсөн энэ явдал Азийн хоёр том гүрний зөрчил хэр гүнзгийрснийг харуулж байна.

Сүүлийн саруудад хоёр улсын хил дээр хэд хэдэн удаа мөргөлдөөн гараад байгаа. Энэтхэг улсын эрх баригчид Хятадын компаниудын эсрэг эдийн засгийн хориг зарлаж байв.

Луу жимсийг энэтхэгчүүд  сүүлийн жилүүдэд л тариалах болжээ. Төв Америкаас гаралтай луу жимсийг одоо Өмнөд Америкийн орнууд хамгийн ихээр импортлодог. Кактусны төрөлд багтдаг энэ жимсний гадаад хэлбэр лууг санагдуулдаг тул ийм нэртэй болжээ.

Гэсэн хэдий ч нэрнээс нь болоод энэ жимсийг Хятадаас гаралтай гэж олон энэтхэг хүн боддог байна.

Азийн өрсөлдөгч гүрнүүд болох Энэтхэг, Хятад хоёрыг заан, луугаар төлөөлүүлэх явдал түгээмэл байдаг нь үүнд нөлөөлжээ.

Луу жимсний нэрийг өөрчлөх шийдвэрийг Мягмар гарагт Гужарат мужийн захирагч Вижай Рупани танилцуулсан юм.

“Луу жимсний нэр Хятад улсыг санагдуулдаг тул бид цаашдаа камалам гэж нэрлэхээр шийдлээ” гэж Рупани орон нутгийн хэвлэлд ярьжээ. Түүний харьяалагддаг эрх баригч Бхаратия Жаната намын бэлгэдэл нь лянхуа цэцэг болдог юм байна.

Жимсний нэрийг солих хачин шийдвэрийг Энэтхэгийн иргэд сошиал сүлжээнд өргөнөөр шүүмжилж, элэглэн шоолжээ.

Нэг иргэн “Хятад улс манай газрыг булаасны хариуд бид жимсний нэр өөрчилж хариу барилаа” гэж бичсэн байна.

Өөр нэг хэрэглэгч дуртай жимсийг нь идэхийг хориглолгүй, нэрийг нь солиод зогссонд баярлаж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: BBC