Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Импортлох хүнсний буудайн 90-ээс дээш хувийг хоёрдугаар сарын 15-наас өмнө татан авахаар ААН-үүд ажиллаж байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны хоёрдугаар сарын 15-наас улаанбуудайн импортын татвар нэмэгдэнэ. Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас гурил үйлдвэрлэлд хэрэглэх улаанбуудайн нөөц, импортын талаар тодрууллаа.

- Манай улс энэ жил хэчнээн тонн улаанбуудайн ургац авсан бэ, гурил үйлдвэрлэлд 300 мянга гаруй тонн улаанбуудай хэрэглэдэг. Энэ хэрэгцээг дотоодоос хангаж чадах уу?

- Гурил үйлдвэрлэлд жилд 307 мянган тонн хүнсний улаанбуудай шаардагддаг. 2020 оны ургац хураалтын дүнгээр манай улс нийтдээ 411.1 мянган тонн улаан буудай хураан авч, гурил үйлдвэрлэлд 254 мянган тонн хүнсний буудай нийлүүлсэн нь дотоодын хэрэгцээт хүнсний буудайн 83 хувийг хангасан үзүүлэлт юм.

- Дотоодоос хангах боломжгүй нөхцөлд ОХУ-аас хэчнээн тонн улаанбуудай импортлохоор байна вэ?

- Дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалтын улмаас олон улс орон хилийн хорио тогтоож, улмаар дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаатай холбоотойгоор дотоодын ургацаас гурил үйлдвэрлэлд дутагдаж байгаа 53 мянган тонн, аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянган тонн хүнсний улаанбуудайг эхний хагас жилд импортлохоор төлөвлөж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийтдээ 60 мянган тонн хүнсний улаан буудай импортоор орж ирээд байгаа бөгөөд 50 мянган тонн хүнсний буудай ачигдсан мэдээтэй байна.

- Ковид-19 халдвараас шалтгаалан импортод гацалт, саатал үүсэж байгаа юу?

- Өнөөдрийн байдлаар хүнсний буудайн импорт хэвийн явагдаж байгаа бөгөөд ямар нэгэн саатал гараагүй байна.

- Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс 2 сарын 15-наас импортын татвар нэмэгдвэл хавар, зунаас гурилын үнэ нэмэгдэнэ гээд байгаа. Үүн дээр салбарын яамны зүгээс ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байна вэ?

- Импортлох нийт хүнсний буудайн 90-ээс дээш хувийг 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө татан авалт хийхээр аж ахуйн нэгжүүд ажиллаж байна. Салбарын яамны зүгээс  импортлогч аж ахуйн нэгжүүдтэй бодлогын гэрээг байгуулсан ба татан авалт буюу тээвэрлэлтийг түргэн шуурхай явуулах ажлыг УБТЗ ХНН-тэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.