Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд бага насандаа ямар нэг хоол тэжээлийн дутагдалтай байснаар тархиных нь үйл ажиллагаа саатдаг"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны ээлжит зөвлөгөөний цагаар НЭМҮТ-ийн Эрдэм, шинжилгээний ажилтан Д.Отгонжаргал хоол тэжээлийн дутагдлын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/770603353541834

Хоол тэжээлийн хамааралт эмгэг гэж юу вэ?

Энэ нь хоол тэжээлийн илүүдэл болон дутал эсвэл хувь хүний илчлэг, шимт бодисын хэрэглээний тэнцвэрт бус байдлаас үүдэлтэй бие махбодын бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас үүсдэг эмгэг юм.

Хоол тэжээлийн хамааралт эмгэгийг дотор нь:

  • Хоол тэжээлийн илүүдэл /таргалалт/
  • Хоол тэжээлийн дутагдал /хоол тэжээлийн цочмог дутал, хоол тэжээлийн архаг дутал/ гэж ангилж үздэг.

Хоол тэжээлийн цочмог дутагдалд туранхай, хаван багтах бөгөөд уг дутагдал нь ихэвчлэн байгалийн гамшиг, зуд болон цар тахлын үед хүмүүст элбэг тохиолддог.

Ялангуяа хоол тэжээлийн цочмог дутагдалд бага насны хүүхэд өртөх магадлал маш өндөр байдаг.

Хоол тэжээлийн эмгэгийн шалтгаан:

Хоол тэжээлийн хамааралт эмгэгт хүргэж байгаа гол шалтгааныг НҮБ-ын шинжээчид нарийн тодорхойлсон байдаг.

Тэр дундаа уг эмгэгт нөлөөлөх гол хүчин зүйлд тухайн улсын нийгэм, эдийн засаг болон улс төрийн байдал ордог байна.

Тухайлбал, өнөөдөр дэлхий дахинд тархаад буй цар тахлын улмаас улс орон бүр санхүү, хүн хүчний нөөцийн хомстол үүсэж ядуурал, ажилгүйдэл ихсэж байна.

Иым үед хүнсний баталгаат байдал алдагдаж, эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал хангалтгүй болж эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ хүртээмжгүй зэргээс хамаарч бид хоол тэжээлийн хамааралт эмгэгт өртөх магадлал өндөр байдгийг шинжээчид тодорхойлжээ” хэмээн ярив.

"Хүүхдийн хоол тэжээлийн дутлын хор уршиг сургуульд орох үеэр нь ажиглагдаж эхэлдэг"

Мөн "Хүүхэд бага насандаа ямар нэг байдлаар хоол тэжээлийн дутагдалтай байснаар тухайн хүүхдийн тархины үйл ажиллагаа саатдаг.

Энэ нь сургуульд орох үеэр нь ажиглагдаж эхэлдэг. Тодруулбал, үе тэнгийнхнээсээ сурлагаараа хоцрох, давжаа өсөлт хоцролттой байх зэрэг сөрөг үр дагавартай.

Хүүхдийн хоол тэжээлийн дутагдал даамжирсаар бодисын солилцоо, гүнзгий хямралд эргэлтгүй өөрчлөлт оруулахад Монгол Улсын хүн амны 70 гаруй хувийг эзлээд байгаа халдварт бус өвчнүүд болох зүрх судасны өвчин, чихрийн шижин, цусны даралт өвчний эх суурь нь бага насанд тавигддаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хоол тэжээлийн дутлын улмаас эмэгтэйчүүдэд илрэх сөрөг үр дагавар:

  • Дархлаа суларч, халдварт өртөмтгий болно
  • Хэт ядарч, сульдана
  • Хөдөлмөрийн бүтээмж буурна
  • Хүүхдээ асрах чадавх буурна.
  • Ясны бүтэц жижгэрсний /сийрэгжилт/ улмаас хүндрэлтэй төрөх эрсдэл тулгарна,
  • Төрөлт, жирэмслэлтийн явцад хүндрэл тохиолдох эрсдэл ихэснэ
  • Хэрэв эх төрөх үедээ болон төрсний дараа цус алдвал эндэх эрсдэл нь нэмэгдэнэ,
  • Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд төрүүлэх эрсдэл нэмэгдэнэ. Цаашлаад төрүүлсэн хүүхэд нь охин байвал хожим жирэмслэлт, төрөлтийн үед нь өөр олон хүндрэл дагуулах эрсдэлтэй" гэлээ.

Зөвлөмж

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.