Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хүслийн жагсаалтаа хийсэн үү?

ikon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN

Бидний үзэх дуртай  Холливудын алдарт жүжигчид болох Жек Николсон, Морган Фриймэн нарын  тоглосон “ Хүслийн жагсаалт “ (The Bucket list ) кино үзсэн бол нас нилээн өндөр болсон хоёр хижээл эр өвдөөд эмнэлэгт очоод зэргэлдээх орон дээр хэвтэж байхдаа танилцана. Тэд үхэл амьдралын зааг дээр ирснээ мэдээд амьдралдаа хийж үзэхийг мөрөөдсөн зүйлсээ гараараа таталган бичдэг бөгөөд тэрхүү жагсаалтаа гүйцэтгэхээр явснаар кино өрнөдөг.

 

Ингэхэд та өөрийн амьдралдаа хичнээн газар орон үзэж,  танин мэдэж, адал явдал туулж , байгалийн сайхнаас таашаал авах гэж байгаагаа төлөвлөж үзсэн үү ? 

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд таньд одоо газрын зураг, тэмдэглэлийн дэвтэр, бал хэрэг болно. Ингээд өөрийнхөө юуг үзэхийг хүсэж байгаагаа бичиж үзэж болно. Энэнд хамгийн түрүүнд таны энэ мөрөөдлийг бий болгоход НАС, ОРЛОГО, ХОББИ, ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХӨД гэсэн 5 гол хүчин зүйл нөлөөлнө.

Таны нас залуу байх тусмаа өөрийн хүслийн жагсаалтанд байгаа адал явдал хийж болох аяллуудаа төлөвлөнө. Энэ аялал гадаадад хийгдэх үү дотоодод хийгдэх үү гэдэг бол маш чухал . Учир нь таны хобби, сонирхол үүнд онцгойлон тус болно. Хожмоо би энэ аяллыг хийхэд дэндүү хөгшиднө гэж харамсахгүйн тулд шүү дээ. 

 

Таны хүслийн жагсаалтыг бодит болгоход таны орлого чухал. Би оюутан гэж үү ? Тэгэх тусмаа таньд өндөр боломж байна. Та гадаад хэлний мэдлэгээ энэ зорилгынхоо хөшүүрэг болгож ашиглаж болно. Ярианы ур чадвараа сайжруулж, ур чадварын сургалтанд суугаад аяллын компаниуд дээр очиж болно.  Та монгол орноор аялдаг жуулчдын хөтөч хийж болно. Төгсөх хүртлээ 3 зун бараг л эх орныхоо бүх газруудаар аялаад үзнэ. Эсвэл та туслах ажилтнаар явж болно. Аялаад дээр нь цалинтай. Гарын ч мөнгө авна. Энэ бүгдийгээ жилдээ төлөвлөсөн нэг орон руу эсвэл хамгийн түрүүнд үзнэ гэж бодсон аялалдаа зориулж хадгалж болно. Гадаадаас ирж байгаа жуулчдын дийлэнх нь энэ хуримтлалаар ирдэг. Тэд олж байгаа орлогынхоо 10 хувийг л аяллын зардалдаа зориулж хадгалдаг. Эсвэл та аялалд явахдаа аяллын зээл авч болно. Сурахынхаа хажуугаар, ажиллахын хажуугаар сар бүр нэг удаагийн шоуны үнээр хүслийн жагсаалтаа дугуйлж болно. Нас залуу байх тусам аялах хэрэгтэй. Шунан дурлаж аял . 

 

Хобби аялалд хамгийн их нөлөөлж болдог та оффисын ажилтан ч гэлээ сансар огторгуйд аялахыг мөрөөддөг байж болно . Тэгвэл удахгүй “NASA” гийн тусламжтай монголын говьд “Марс” төслийнхөн сансрын гадаргууг бий болгох гэж байна. Та хөлбөмбөгийн улаан фанат байгаад хайртай тоглогч нараа, багаа, стадионаа харахыг хүсэж байгаа бол энэ зорилгодоо хүрэхийн тулд хүслийн жагсаалтынхаа судалгааг хийх хэрэгтэй.  Олимпийн нээлт , Дэлхийн хөлбөмбөгийн аварга, Өвлийн олимп, Африкийн зэрлэг амьтад, Агаарын бөмбөлөгт суух, Загварын шоу, Хамтлаг дуучдын тоглолт юу л бол юуг бүгдийг үзэх боломжтой байдаг. 

 

Гэр бүл зохиож гэрлэх насан дээр ирээд таны хүслийн жагсаалт хэсэг саатах, өөрчлөгдөх, байр нь солигдох ч асуудал гарч мэднэ. Гэрлэхээсээ өмнө хамт аялж үз гэсэн шинэ хандлага залуусын дунд хүчээ авч байна. Мөн гэрлэлтээс үүдэн олон хэрэгцээ үүсэж , цаг хугацаа ч багасаж ирнэ. Тэгвэл энэ үеийг тохиромжтой аяллуудаар дүүргэж болно. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр бага насны хүүхдүүдтэй аялж болох газрууд, улирлын нөлөө , зуныг хэрхэн хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд ашигтай байж болох хувилбаруудыг сонгоно.  Хөдөө орон нутагт эсвэл нислэг бага шаарддаг орнууд руу хүүхдүүдтэй цагийг зугаатай өнгөрөөнгөө үзэж болох газруудыг судална. Хүүхдүүдийнхээ үзэх дуртай үлгэрийн баатруудтай дисней лэндийг хүүхдийн чинь хамгийн ярих дуртай аялал ч болж мэднэ. Мөн гэр бүл дотор хамгийн чухал нэг асуудлыг бид мартдаг. Энэ нь аав ээж, эмээ өвөөгийнхөө хаана очиж үзэхийг хүсэж байгааг асууж үздэггүй. Энэ бол гэр бүлийн хамгийн сайхан нандин дурсамж болдог тул энэ үеийг бөөнөөрөө сууж ярьж төлөвлөх нь үр дүнтэй байдаг. Шинэ жил, цагаан сараар  энэ тухай ярилцаад төлөвлөж эхлэх юм бол бүгд зуныг тэсэн ядан хүлээж догдолж бэлдэж эхэлдэг. Хүүхдүүд тань том болсноор та эхнэр, нөхөртэйгээ 2 лахнаа аялах аяллуудаа төлөвлөж эхэлнэ.

 

Мөн танай байгууллага болон найз нөхөд чинь тогтмол аялдаг бол та үнэхээр азтай хүмүүсийн нэг шүү. Найзуудын хүслийн жагсаалт дэлхийд бас нилээн түгээмэл байдаг . Хамгийн галзуу, хамгийн хөгжилтэй. Юуг хамт туулж нөхөрлөлөө үнэ цэнэтэй зүйл  болгохыг төлөвлөж болно. Байгууллага хамт олныг ч гэсэн төлөвлөгөөт аяллуудаар бүтээж, хөгжүүлж, идэвхжүүлж болдог.  Тэгэхээр таны хүслийн жагсаалт чинь жилд дараах байдлаар төлөвлөгдөх нь:

 

Жилдээ 30-50 орчим урт болон богино хугацааны аялал үзэх боломжийг төлөвлөж дүн шинжилгээ хийж үзээд тэмдэглэлийн дэвтэртээ үлдээгээрэй. Хэдийг дарж чадна төдий чинээ сэтгэл чинь баяр хөөрөөр дүүрсэн гэсэн үг. Том календарь хамгийн тохиромжтой талбар байж мэдэх юм. 

Таны төлөвлөгөөнд тус болох зүйлс бол аяллын төрөл зүйлүүдийг судлах, блог унших , үнэ судлах ажлууд бөгөөд энэ бүгдийг та цайны цагаараа, ванн хэвтэж байхдаа,  түгжрээнд явахдаа, амралтын өдрөөр аяллын суваг үзэх зэргээр хийж болно. Мөн мэргэжлийн аяллын компаниудаас зөвлөгөө авч болох юм. 

Таны энэ насны амьдрал хорвоо дэлхийг таньж мэдэхэд зориулагдсан тул та өөрийн хамгийн нандин ХҮСЛИЙН ЖАГСААЛТАА үүсгээрэй. 

Таньд амжилт хүсье!

Эх сурвалж: Joinme.mn, Нийтлэл бичсэн: М.Нарангэрэл