Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын агаарын бохирдол яагаад нэмэгдээд байна вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотын агаарын бохирдол энэ онд мэдэгдэхүйц нэмэгдээд байна. Үүний учир шалтгааныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодрууллаа. НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Агаарын бохирдол нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. 

Нэгдүгээрт, борлуулалтын тоо болон Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээс үзэхэд айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэж буй түлшний хэмжээ өмнөх оноос 41 хувиар өссөн нь агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлж байна. Мөн хөл хорионы улмаас галлагаа нэмэгдсэн.

Хоёрдугаарт, байгаль орчны үзэгдэл инверс нөлөөлсөн. Тодруулбал, инверс бүрэлдэж, 700 гаруй метрийн зузаантай давхарга үүссэн. 

Гуравдугаарт, өмнөх онтой харьцуулбал энэ жил агаарын хэм -5 градусаар илүү хүйтэн байна. Салхины хурд багассан, хур тунадас бага байгаа зэрэг нь агаарын бохирдол нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Энэ нь ЦУОШГ-аас хийсэн шинжилгээгээр батлагдсан" гэлээ.

Түүнчлэн агаарын чанарын үзүүлэлтээс харахад хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдсэн байгаагийн учрыг тодруулахад НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл "ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр агаар дахь хүхэрлэг хийн агууламж ихэссэн нь харагдсан. Агаар дахь хүхрийн агууламж 2019 онд нэг шоо метрт 67 микрограмм байсан бол 2020 онд нэг шоо метрт 211 микрограмм болсон.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, дээж аван лабораторид шинжилдэг. Лабораторийн шинжилгээгээр шахмал түлшинд агуулагдах хүхрийн агууламж стандартаар 1 буюу түүнээс бага байна гэж тогтоосон. Энэ дагуу байгаа. Гэхдээ Тавантолгойн нүүрсэн дэх хүхрийн агууламж нь Багануур, Налайхын уурхайн нүүрснээс хүхрийн агууламжаас хоёр дахин их байдаг" гэлээ.

Түүнчлэн НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Өнгөрсөн оноос агаар дахь хүхрийн агууламж ихэссэн шалтгааныг шахмал түлшнээс болж буй эсэхэд анхаарч хяналт шалгалт хийхийн зэрэгцээ Гадаад харилцааны яамны шугамаар бусад улсын сайжруулсан түлшний стандартыг татан авч, харьцуулан шинжилж байна. Одоогоор БНХАУ-ын стандарт ирсэн. Тус улсад мөрдөгддөг стандарт нь манай улсын сайжруулсан түлшнийхтэй адилаар 1 ба түүнээс доош байна. Цаашид бусад улсын стандартууд ирснээр бид түлшний чанарыг улам сайжруулахад Тавантолгой түлш ХХК-тай хамтран ажиллана" гэв.

Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлттэй энд дарж танилцана уу.

ВИДЕО:

https://fb.watch/2zHtSgygP8/