Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянзүрхээс бусад дүүргийн нэгдсэн эмнэлэг улсын өмчид байдаг"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдварын тохиолдол батлагдсанаар нийслэлд томоохон хэмжээний шинэ голомт үүссэнийг албаныхан мэдээлсэн

Үүнтэй холбоотойгоор тус эмнэлгийн өмчлөлийн асуудал ч хөндөгдсөн бөгөөд хувьчлагдсан эмнэлэг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодруулахад "Баянзүрх эмнэлэг нь төрийн үйлчилгээг гэрээгээр үзүүлэгч хувийн хэвшлийн байгууллага. 1996 оноос менежментийн гэрээгээр хувьчлах явц эхэлснээр 1998 онд бүрэн хувьчлагдаж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болсон. Харин 2006 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани хэмээн олон нийтэд зарлагдсан юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас тусламж үйлчилгээ, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилладаг" гэлээ.

Түүнчлэн бусад дүүргийн эмнэлгүүдийн өмчийн хэлбэрийг лавлахад "Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь удирдлагын менежментийн гэрээгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тодруулбал, тус эмнэлгийг удирдах баг нь менежментийн төслөөр ажилладаг. Гэхдээ өмчийн хэлбэр нь улсынх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлгээс зөвхөн Баянзүрх эмнэлэг хувийнх, бусад найман дүүргийн эмнэлэг нь улсын өмчийн эрүүл мэндийн байгууллага" хэмээв. 



Баянзүрх эмнэлэг нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2006 оны 98 дугаар тогтоолоор Баянзүрх эмнэлгийг өмчлөх эрхийг шилжүүлснээр “Баянзүрх эмнэлэг” ХХК гэсэн нэр оноож, нийслэлийн Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт компанийг байгуулж, 724 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

2018 оны байдлаар тус эмнэлэг нь

  • Хүүхдийн өвчин судлалын,
  • Насанд хүрэгчдийн өвчин судлалын,
  • Хүлээн авах, яаралтай тусламжийн,
  • Сэргээн засах, уламжлалт анагаахын,
  • Амбулатори онош зүйн,
  • Эмчилгээний хоол судлалын гэсэн зургаан төв, Эм хангамж, үйлчилгээний тасаг, Захиргаа, удирдлагын газар гэсэн найман нэгжтэй, эмчилгээний 458 ор, 300 шахам ажиллагчтайгаар дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байв. Тус эмнэлгээр жилд 20,000 гаруй өвчтөнийг хэвтэн эмчлүүлдэг аж.

Ташрамд дурдахад, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын өмч хувьчлалын асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцдаг.